АН-аас долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр “4:11 мэдээллийн цаг” зохион байгуулж, тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлдэг билээ. Энэ удаагийн хуралд намын дарга О.Цогтгэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл өглөө
АН-ын дарга О.Цогтгэрэл “Морин жил гарч байгаа учраас өнгөрсөн могой жилд юу болж өнгөрөв, ямар өөрчлөлт шинэчлэлийг хийв гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй. Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал уруудсан, бодит орлого нь буурсан. Нөгөө талдаа улс орны авлигажилт хэрээс хэтэрсэн. Үүнийг нь олон улсын байгууллага зарлаж, баталгаажуулсан. Авлига гэдэгт хэн нэгэн улстөрч, улс төрийн хүчнийг онилж хэлж байгаа зүйл биш.
Сүүлийн 10 жилд Монгол Улс дэлхийд авлигын индексээр 50 байр ухарсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 10 байраар хойш ухарлаа. Үүний цаана засаглалын асуудал, төрийн өмчийн асуудал, шүүх, шударга ёсны асуудал гэх мэт олон зүйлийн нийлбэр бий.
Тэгэхээр бид үүнтэй холбоотойгоор зөвхөн асуудлыг шүүмжлэх биш, АН-ын бүлэг дээр тодорхой шийдэл гаргасан бүтээлч зүйлсийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг хийгээд явж байна. Авлигатай холбоотойгоор Төрийн болон албаны тухай хуульд томоохон өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Дур зоргоороо нууцад авдаг хэм хэмжээг хязгаарлах, ил тод болгох асуудлыг тусгасан хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихад бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл, системийн авлигыг суурь сууриар нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс зөвхөн шүүмжлэх биш бодит шийдэл гаргаж ажиллаж байгаа.
Одоогоор АН-ын шинэчилсэн бүртгэл, дүрмийн өөрчлөлттэй холбоотой дотоод шинэчлэлийн ажлууд явагдаж байгаа. АН гэдэг байгууллага дотоод шинэчлэлийн ажил хийж байгаа бус ардчиллыг дэмжигчид бүгд үзэл санааны хувьд нэгдэж ажиллахыг урьж байгаа үйл явц юм. АН уламжлалаа дээдэлдэг шинэчлэлийг эрхэмлэдэг улс төрийн хүчин байх болно.
АН-ын зүгээс намрын чуулганы төгсгөлөөр Засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Бид төрөө цомхон болгох ёстой, үр ашигтай, бүтээмжтэй болгох ёстой гэдгийг нөгөө талдаа дэд сайд гэдэг данхайсан бүтцийг халж, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрыг огцруулах санал өргөн барих босгоос дээш тооны гарын үзэг цуглуулсан байгаа. Тэгэхээр бидний зарчмын шаардлагууд хэвээрээ. Хаврын чуулганы эхэнд эрх баригчид, Засгийн газраас ямар нэг арга хэмжээ авахгүй бол тавьсан зарчмын шаардлага хэвээр байгаа гэдгийг хэлье” гэлээ.
28 минутын өмнө
5 цагийн өмнө
2026-02-24
2026-02-12
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.