Дэлхийн хамгийн “аюултай – 5” аварга загас

2019-06-5 Амьтан

Манай гарагийн далай тэнгисийн хамгийн аюултай амьтан бол аварга загас билээ. Аварга загасны 400 гаруй төрөл байдгаас хүний аминд хүрсэн, хамгийн хөнөөлтэй тавыг нь танилцуулж байна. Эдгээр амьтдын талаар бага ч гэсэн ойлголттой болсон хүн хаа нэгтээ аялал зугаалгаар явсан ч хэрхэн болгоомжлохоо мэддэг болох байх хэмээн найдаж байна.

ТОМ ЦАГААН АВАРГА ЗАГАС

Том цагаан аварга загасыг 1975 оны “Jaws” кинонд маш аймшигтайгаар харуулсан байдаг. Үнэхээр ч тэгэхээс аргагүй юм. Учир нь тэд далайн хамгийн аюултай амьтдын нэг бөгөөд хүнийг огт эргэлзээгүйгээр хөнөөхөд бэлэн ажээ. Цагаан аварга загасны урт нь 6 метр хүртэл, жин нь хамгийн ихдээ 3 тонн орчим байдаг. Мөн 7.6 см урт бүхий хурц шүднүүд нь олон эгнээ давхарлан ургасан байдаг аж.
Энэ төрлийн аварга загас ихэвчлэн Япон, Австрали, Өмнөд Африкийн далай тэнгис болон Газар дундын тэнгис орчим амьдардаг ба цагт 56 км хурдлах чадвартай. Цагаан аварга загасны дайралтанд өртсөн 400 гаруй хүнээс нэг нь ч амьд үлдээгүй гэсэн гашуун тоо баримт бий.

БУХ АВАРГА ЗАГАС

Далай тэнгисийн бас нэгэн аюулт амьтан бол Бух аварга загас юм. Энэ амьтны гадаад төрх байдал загаснаас нэг л өөр. Бух аварга загасны урт нь 3.5 метр, жин нь 300 кг орчим. “Бух” гэж нэрлэсний учир нь тэдний өргөн хамар, бүдүүн пагдгар биеийн хэлбэртэй нь холбоотой ажээ. Түүнчлэн энэ загас уурласан үедээ бух мэт эргэн тойрноо нүд ирмэхийн зуур юу ч үгүй бусниулах чадалтай.
Шүд нь хурц боловч цагаан аварга загасыг бодвол арай цөөн эгнээтэй. Бух аварга загасны эзэмшил газар нэвтэрсэн ямар ч амьтныг тэд өршөөхгүй. Мөн энэ аварга загасны нэг онцлог нь цэнгэг усанд амьдрах дуртай бөгөөд зарим гол нууранд хүртэл тааралддаг ажээ. Бух аварга загасны дайралтанд өртсөн 104 хүн бүртгэгдсэн байдаг.

БАР АВАРГА ЗАГАС

“Бар” гэсэн тодотголтой ямар ч амьтан энхрий зөөлөн байхгүй нь ойлгомжтой. Бар аварга загас ч үүний жишгээр дэлхийн хамгийн аюултай аварга загасны жагсаалтанд зүй ёсоор бичигджээ. Энэ загас догшин ширүүн авираараа алдартай. Түүнчлэн замд тааралдсан машины дугуй, лонх, хувцас, гахай, муур гээд юуг ч үлдээлгүй залгиж явдаг байна. Тэдний гол идэш нь дельфин, яст мэлхий, далайн хав болон усны шувууд аж.

ТЭНГИСИЙН ЦАГААН “ТИП” АВАРГА ЗАГАС

Бусад аварга загасны төрлөөс хамгийн олон хүний аминд хүрсэн аварга загас бол энэ юм. Тэднийг бүр “хүн идэштэн” хэмээн онцолдог. Дэлхийн хоёрдугаар дайны үед сөнөсөн усан онгоцны олон зуун хохирогчид далайн цагаан аварга загасны идэш болдог байжээ. Энэ аварга загас хэдийгээр удаан хөдөлгөөнтэй боловч нэлээд догшин ширүүн бөгөөд тэсвэр хатуужилтай амьтан ажээ.

МАКО АВАРГА ЗАГАС

Хүн төрөлхтөнд хөнөөл учруулагч бас нэгэн амьтан бол Мако аварга загас юм. Тэд том цагаан аварга загастай угсаа гарвал нэгтэй ажээ. Макогийн урт 3 метр орчим, жин нь 1 тонн хүрдэг байна. Тэдний дайралтанд өртөж амиа алдсан хүмүүсийн тухайд баталгаатай 3 тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: Newsmedia.mn

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.