Ч.Номин сайдын “соёлын ваучер” автоматаар ТАТГАЛЗСАН санал руу орсон гэв үү

2024-12-6 Нийтлэл

 

 

УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн асуудлыг хэлэлцлээ.

Шинээр өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төсөлд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан “соёлын ваучер” буюу өсвөр үеийнхний соёлын хэрэгцээг хангахад зориулж, 18.3 тэрбум төгрөгийн зардлыг танасан байв.

Тодруулбал, энэхүү ваучераар 14-16 насны хүүхдэд (соёл, урлагийн үйлчилгээнээс хамгийн их хоцордог) нэг жилд 100 мянган төгрөгийн эрх олгож, түүгээрээ хүүхэд өөрийн сонголтоор үзвэр үзэх, ном унших, дугуйлан секцэд хамрагдах зэрэг төлбөрөө төлөх аж.

Уг нь хоёрхон хоногийн өмнө Сангийн сайд дахин өргөн барьсан төсвөөс 2.2 их наяд төгрөгийн таналт хийж, соёлын ваучерыг хасах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сангуудыг татан буулгах зэрэг ауудлыг тусгасан гэдгийг тодотгож байв.

Гэвч өнөөдрийн чуулганы хуралдаанаар нэр бүхий 64 гишүүн ваучерыг төдийгүй өнөөх олон дагасан асуудлуудтай нь тултал дэмжиж кнопдов. Ингээд ирэх онд “Соёлын эрхийн бичиг” санаачилга хэрэгжиж эхлэхээр болж байна.

Харин эдгээр кноп дарсан гишүүдийн дунд тус ваучерын санаачилгын зардлыг бууруулах зарчмын зөрүүтэй саналыг хамгийн ихээр гаргаж байсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ТАТГАЛЗСАН хэмээн дарж.

Тиймээс хуралдааны үеэр түүнээс энэ талаар тодруулахад “Яг санал хураалтын үеэр КНОП огт ажиллаагүй. Автоматаар ТАТГАЛЗСАН санал руу орсон. Горимын саналыг УИХ-ын дарга хүлээж аваагүй” гэх тайлбарыг өгөв.

Тэгэхээр энд ямар нэгэн техникийн саатал гарав уу, эсвэл хэн нэгний “шидэт дохиур” ажиллав уу…

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.