Судлаач, профессор Д.Чулуунжав: Бурхадын оронд чөтгөрүүдийг залсаар

2024-05-17 Нийтлэл

 

-Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ-

Монголын ард түмэн, хүн ам өөрийн жинхэнэ элитүүдийг, элит давхрааг төрүүлэн гаргахад онцгойлон анхаарах шаардлагатай болчихлоо. Эс тэгвээс ёстой нөгөө “түрийний бөөс толгойд гарчихдаг” үзэгдэл энэ зууныг дуустал үргэлжлэх бололтой. Түрийний бөөс толгойд гарснаас болж сүйрсэн, мөхсөн улс орон олон шүү дээ.

Дэлхий дахины түүх уншсан, судалсан хүмүүсээс асуугаарай. Азийн жишээ энэ, Европын жишээ тэр, Америкийн жишээ, Африкийн жишээ гээд л тоочиж гарах байх…

Эх орон, ард түмнийхээ төлөө санаа зовдог, сэтгэлээ чилээдэг, өөд нь татах, хөгжүүлэхийн тулд байгаа бүхнээ зориулдаг, хүн ардаа ухааруулах, гэгээрүүлэхийн хүсэлд бүх насаараа хөтлөгдөж амьдардаг, энэ цаг үеийн амьд бурхан гэгдэхээр хүмүүс амьдралын бүх хэсэгт, үйлдвэрлэлийн бүх салбарт хот, хөдөөгүй төрөн гарах аваас энэ дөрвөн сая хүрэхгүй хүний амьдрал дорхноо л “Диваажингийн Монгол хувилбар, биелэл” болчих нь тодорхой юм. Шударга ёс, хүмүүнлэг сэтгэл, чин эрмэлзэл, бүтээлч зүтгэл, хүн бүрийн хөдөлмөр, оролцоо байх аваас Монголд минь өөр дутах юм үгүй шүү дээ. Цэвэр агаар, цэнгэг ус, үржил шимтэй хөрс шороо, зүсэн бүрийн ашигт малтмал, өргөн уудам нутаг дэвсгэр! Юу л бол юу байгаа билээ…

Улс орон нэг бүрийг зөв, тэргүүний хүмүүс нь л манлайлж, удирдаж байх ёстой. Шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээлэл, амьдралын их туршлага, биетэй бодитой бүтээл, хувийн нэр, төр, өндөр ёс суртахуун, тэвчээр, хатуужил – ийм үзүүлэлтүүдээр салбар нэг бүр манлайлагчдаа үнэлж, тодруулж байх учиртай.
Нийгмийг бүтээдэг жижиг, дунд, том нэгж бүхэн өөрийн гэсэн манлайлагчидтай байх аваас л тэр нэгж байнгад дэвшиж, дээшилж байдаг. Дан ганц хурга, ишигнээс, эсвэл тугал, бяруунаас бүрэлдсэн ямар ч том сүрэг богинохон хугацаанд л сүйрнэ, мөхнө шүү дээ. Тиймээс л амьтан бүхэнд хүртэл сүргийн бүтэц гэж буй, манлайлагч, удирдагч гэж буй. Ийм барилдлага, зохицлын улмаас, мөн амьдрал, оршлын бодит шаардлагаар улс орон бүрд, нийгэм бүрд элитүүд, элит давхраа заавал гарч ирэх, байх учиртай. Гэхдээ элитүүд, элит давхраа нь хуурамч, дүр эсгэсэн, баг өмссөн, жинхэнэ нүүрээ, мөн чанараа нуусан, ам ажил нь зөрсөн, “хүний арьс нөмөрсөн хээрийн зальхай чононууд”, хачиг, хувалзнууд байх аваас тэд юуны нь элитүүд байх билээ.
1990 оноос хойш Монгол оронд, монголын нийгэмд үндэсний жинхэнэ элитүүд, элит давхраа төрөн гарсангүй, манлайлагчдын эгнээ бүрэлдсэнгүй. Цагаан захтангуудын элдэв бүлэглэлүүд буй болсон хэдий ч бүгд л илчлэгдсэн болон илчлэгдээгүй байгаа шуналын микробууд юм.

Ер гаруй жил наслаад өөд болсон нэгэн томоохон сэхээтэн өвгөн 2023 оны хавар намайг дуудаж уулзаад “Монголыгоо хэний гарт үлдээгээд үхэж байгаагаа бодох тусам л харамсал төрөх юм. Зэрлэг капитализмын шатанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл, зүрхтэй элит давхраа төрдөггүй гэлцэх юм. Тэр үнэн үү?” гэж асуугаад хоолой нь зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэж байж билээ. 30 гаруй жил намынхаа томчуудын булхай, луйврыг харсаар, мэдэрсээр илтэл алдаж цөхөрсөн өвгөн философичийн (үзэл сурталчийн) гунигтай харц зүрхийг минь шимшрүүлсэн юм.

“Эрин үеийнхээ оюун ухаан, нэр төр, нандин чанар” гэгдэж байсан намынхаа өнөөгийн удирдах бүлэглэлд тэр хүн бүр илт өширхсөн үг хэлж, занаж зүхэж байв. Өвгөрсөн бие, доройтсон эрүүл мэнд, цөхөрсөн сэтгэл санааг нь бодоод би “гал дээр тос нэмээгүй” юм. Гэхдээ тэр хүний өгүүлсэн бүхэн нь үнэн байсан билээ.
Дээр, дооргүй л ард түмэн жинхэнэ манлайлагчаа, элит давхраагаа үгүйлсээр, хүлээсээр байдаг ажээ… “Манай үеийн, мөн бидний дараах үеийн том дарга нар (1990 оноос өмнөх) бараг бүгд л хувийн компаниудад нууц, далд зөвлөх болж, бүх хэрэгтэй мэдээллийг өгч, зарж хөрөнгөжлөө шүү дээ. Ийм дээрээ тулна гэж ах нь төсөөлөө ч үгүй явж…” гэхчилэн, бүр арваад хүнийг нэрлэж, шогширч байж билээ… Тэдний дунд сайд байсан, сайд нарын зөвлөлийн орлогч дарга, ерөнхий сайд байсан хүн нэр, хоч, аймагтайгаа дурдагдаж байлаа. Бүх насаараа зарчимч, ёс зүйтэй, шударгадуу явж ирснийг нь би үеийнхний нь үг, ярианаас мэддэг байсан болохоор тэр хүний гомдол, харуусал тун ч ойлгомжтой байв. 1900-1924 оны хооронд, 1924-1990 оны хооронд, 1990-2024 оны хооронд Монголын жинхэнэ эх орончид, элитүүд чухамдаа ямар хүмүүс байв аа?
Энд элдэв зүсмийн нэр төр, ашиг завшаан хөөцөлдөгсөд, гадны гар хөл бологсод, утсан хүүхэлдэйнүүд мэдээжээр нэрлэгдэхгүй нь тодорхой юм. Гэхдээ энэ талаар хийгдсэн баримт нотолгоотой, маргаан үл дагуулахуйц онол, аргазүй, аргачлал бүхий судалгаа одоо хэр алга байна.

Ил ажиллаж, сонгогдож, томилогдож байгуулагдсан төр, засгийн гарт бүх эрх мэдэл байна уу?, эсвээс “гүний төр, засаг” гэгдэгч олигархиудын далд, нууц нөлөө бүгдийг мэдэж, шийдэж байна уу? Монгол орон бүрэн эрхтэй тусгаар улс мөн үү?, эсвэл гадны хүчтэй, далд нөлөөнд боомилогдсон хараат улс юм уу? Эдгээр асуудлаар хийгдсэн судалгаа, тодруулж тогтоосон шинжилгээ, нотолгоо ч мөн алга байна. Дээрх асуудлаарх гадны судлаачид, улстөрчдийн санал, үнэлгээ ч олон янз хэвээрээ, эргэлзээ, тээнэгэлзэл төрүүлдэг байдал ч давтагдсаар байна. 33 жилийн туршид хулгай, луйвар хийсэн, авлига авсан хүмүүсийг төр, засгийн өндөрлөгт үлдээмээргүй байна. Тэдний хамсаатнуудаас ч салмаар байна. Элитүүд мэтээр тэднийг үзмээргүй, үнэлмээргүй байна. “Бурхдын суудалд чөтгөрүүдийг залаад байх юм бол” бид ер өөдлөхгүй, хөгжихгүй шүү дээ!

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.