Видео-Ж.Сандагсүрэн: Газар албадан чөлөөлөх хэрэгжилтийг хангуулахаар ажлын хэсэг гаргасан

2023-08-31 Нийслэл


Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 3-р хороонд байрлах “Шунхлай” ШТС, СБД-ийн 1-р хороонд байрлах “S Outlet” 2 блок барилга, ХУД-ийн 15-р хороонд байрлах “Акуа Гарден” хотхоны (2 блок барилга) удирдлагуудад нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Үер усны аюултай нөхцөл байдал энэ зун хэд хэдэн удаа бий болсон. Үүнээс шалтгаалж иргэдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан. Иймд дахин гарч болзошгүй үер усны асуудлаас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын гаргасан захирамжийг танилцуулъя. Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1.2, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 19.1, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Усны тухай хууль, Нийслэлийн ИТХ-ын тогтоол, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалттай эрүүл ахуй бүсийн дэглэм мөрдөх тухай журмыг үндэслэн захирамжилсан байна. “Шунхлай групп” компани нь Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ дунд голын онцгой хамгаалалтын бүс үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст 178 030 0260 нэгж талбай дугаар бүхий 2000 метр квадрат газар эзэмшүүлсэн нь хууль тогтоомж зөрчиж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж, нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг алдагдуулж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд, хохирол учруулж байгаа нь тогтоогдсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар холбогдох газарт мэдэгдэж Газрын албанд арга хэмжээ авахыг даалгасан. Энэхүү захирамж гаргасантай холбогдуулан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж давхар гаргасан.

Газар албадан чөлөөлөх хэрэгжилтийг хангуулахаар ажлын хэсэг гаргасан. Компани тус бүртэй урьдчилан уулзаж асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон.

Сэлбэ голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс үерийн далан сувагт байрлах “Шунхлай” групп, иргэн Д.Батзориг нарт газар эзэмших эрх олгож барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтны үйлдлийг Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд хувийн болон ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэн хамтран ажиллахыг хүссэн бичгийг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хүргүүлсэн. Энэ дагуу хэрэг үүсгэж шалгаад асуудал шийдэгдэх байх” гэлээ.

Харин Шунхлай ХХК-ийн зүгээс дараах байр суурийг илэрхийллээ.

ШТС-ыг буулгах асуудлаар тус компанийн Техник, технологи хариуцсан захирал н.Гэрэлт-Од “Манай компанийн зүгээс уг ШТС-ыг буулгах, нүүлгэхийг эсэргүүцээгүй. Энэ ШТС баригдаад 10 жил болж буй бөгөөд газар олголт, барилга барих зөвшөөрөл бүгд хуулийн дагуу явагдсан. Иргэн хүнийхээ хувьд төр засгийн зүгээс иргэдээ тэр энэ гэж ялгалгүй шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Өнөөдрөөс уг ШТС-ыг буулгана гэж байна. ШТС-ыг буулгах, нүүлгэх, барихыг тусгай зөвшөөрөлтэй хүмүүс хийнэ. Барилгын хүмүүс ирээд л шууд буулгачхаж чадахгүй. Үүнийг бас харгалзаж үзэх хэрэгтэй. Газар оролцохгүй, объектыг буулгаснаар манай компани тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна” гэлээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.