“Худалдагч охин” уран сайхны кино Япон улсын кино театруудаар гарна

2023-04-26 Соёл урлаг


Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны кино Япон улсын кино театруудаар гарч эхлэх гэнэ. Киноны гүйцэтгэх продюсер Т.Номуунзул “Худалдагч охин” уран сайхны кино энэ сарын 28-наас Японы кино театруудаар япон дуу оруулгатайгаар албан ёсоор гарч эхэлнэ. Хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор нэг сарын хугацаанд гарах байх. Хэрвээ үзэлт сайн байвал тэрнээс ч урт хугацаагаар кино театруудаар гарна” гэсэн юм.

Энэхүү кино нь Монголоос анх удаа гадаад улсын кино театрт албан ёсны дуу оруулгатайгаар гарч байна.

“Худалдагч охин” уран сайхны кино саяхан 25 дахь жилдээ Итали улсын Үдинэ хотод зохион байгуулсан олон улсын кино фестивалийн уралдаант хэсэгт, өрсөлджээ. Уг фестивальд гол дүрийн жүжигчин Б.Баярцэцэг уригдан оролцож, үзэгчид халуун дотно хүлээн авсан байна. Мөн гуравдугаар сард Франц улсад зохион байгуулсан “Vesoul International Film Festival in Asian Cinema” 29 дэх кино фестивалийн “Шилдэг кино” буюу “Алтан дугуй” цом хүртсэн юм.

“Худалдагч охин” уран сайхны кино 2022 онд Нью-Йоркийн Азийн кино фестивалийн шилдэг кино шагнал хүртэж байсан. Мөн Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарч, залуу жүжигчин Б.Баярцэцэг “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг 2022 оны гуравдугаар сард эх орондоо авчирсан. Одоогоор олон улсын 12 кино фестивальд амжилттай оролцоод байна. Уг уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.