Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон намынхаа бүлгийн гишүүдийг шалгуулна 

2022-12-19 Нам хөдөлгөөний амьдрал

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ. Аль болох нээлттэй болгох, менежментийг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс ажлын хэсэг гарч ажиллана. Нийгмийн бүхий л бүлгийг оруулж, үндэсний хэмжээний чуулган зөвлөгөөнийг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулганыг зохион байгуулах хэрэгтэй. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарахаар боллоо. 30 жилийн замналаа дүгнэж, ярилцах учиртай. Улс төр, эдийн засаг, бизнес, нийгэм гээд бүхий л чиглэлийг хамруулах нь зүйтэй” гэлээ.

Түүнчлэн нүүрсний хэрэгт нэр нь холбогдоод буй бүлгийн таван гишүүнтэй холбоотой асуудлаар “Тухайн асуудалд нэр холбогдсон хүмүүс шалгуулъя гэдэг нэг л зүйл дээр тогтож байгаа. Цаашид нэр нь зарлагдаагүй ч шалгуулах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Бидний ойлгож байгаагаар прокурор, АТГ, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ. Энэ хүрээнд явцын дунд шалгах зүйл их гарч ирэх байх. Тийм учраас өнөөдөр намын дарга бүлгийн хурал дээр бүлгийн гишүүд ямар нэгэн асуудалд холбогдвол бүгд шалгуулна гэдэг чиглэл өгсөн” гэсэн юм.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.