АН: Ирэх онд улсаараа дампуурах эрсдэл үүслээ. Удахгүй төсвийн тодотгол яригдах шинжтэй байна

2022-11-11 Нам хөдөлгөөний амьдрал

Ирэх оны төсөв өнөөдөр батлагдаж байгаатай холбогдуулжУИХ дахь АН-ын гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-ын зүгээс ирэх оны төсвийн төслийг алдагдалгүй батал гэсэн шаардлагыг тавьж, анхнаасаа эсэргүүцэж ирсэн. Яагаад төсвийг алдагдалгүй батал гэж шаардаж байгаагийн цаадах шалтгаан нь бизнесийн салбарынханд мөнгө очихгүй, иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж, ирэх оны төлөлтүүдийг хийх бололцоогүй нөхцөл байдалд хүрч, төр данхахаар байна. Эрх баригчид иргэдийн амьдрал сайхан байгаа, шинэчлэлийн бодлого хэрэгжиж байгаа гэсэн мэдээллийг өгсөөр ирсэн. Гэтэл бодит байдал дээр орлого багасаж, зарлага хомсдон, ажилгүйдэл нэмэгдэн, ядуурлын түвшин өслөө. Эндээс харахад 2023 онд  улсаараа дампуурах эрсдэл үүслээ. Удахгүй бодит байдалд төсвийн тодотгол яригдах шинжтэй байна” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Төсвийг алдагдалтай баталсанаар нэгдүгээрт, гадаад өрөө төлөх боломжгүй болно. Хоёрдугаарт, инфляц нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, барааны үнэ өснө. Үүнээс хамаарч бизнесүүд хумигдаж эхэлнэ. Ингэснээр татвар хураамж багасаж, орлого хумигдана. Дээр нь орлогоо хэт өөдрөг хөөстэй төсөвлөсөн. Өчигдрөөс урд хилээр гаргах нүүрсний экспорт саарлаа. Төсвийн нийт урсгал зардал 15 их наяд төгрөг гэдэг бол түүхэндээ байгаагүй тоо. Үндэсний статистикийн хорооноос хоёр хүний нэг нь ядуу гэж гаргаж ирсэн байна. Иймд цаашид бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлага үүслээ. Өнөөдөр маш олон компани үүд хаалгаа барьж, залуучууд гадаад улсыг зорих болов. Иргэд цалингаа нэмүүлье гэхээсээ монгол төгрөг ханштай байхыг хүсэж байгаагаа бидэнд хэлж байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ардчилсан намын бүлэг улс орныг дефолтын хэмжээнд, иргэдийг ядууралд хүргэхэд чиглэсэн 2023 оны төсвийн төслийг эцэслэн батлахад оролцохгүй. Төсвийн төсөл болон Мөнгөний бодлого нь Монгол Улсын эдийн засаг хаашаа явах вэ гэдгийг чиглүүлэх чухал асуудал. Бид 2023 оны төсвийн төслийг зогсоож, илүү сайжруулах саналыг олон удаа гаргасан ч тэгсэнгүй. Олонхийн бүлэг хүч түрэн баталж байна.
Алдагдалтай төсөв баталснаар бид гадаад өр төлбөрийг төлөх, инфляцийг бууруулах боломжгүй болно. Улсын өр нэмэгдэж, төгрөгийн ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, аж ахуй нэгжүүдийн бизнес хумигдана. Татвар, хураамж багасна.
Иргэд ядуурч байна, улсын өр нэмэгдэж улсаараа дампуурах боллоо. Үүний цаана бизнесүүдэд, иргэдэд мөнгө очихгүй. Харин төр улам данхайх нь. Төсвийн урсгал зардал нийт 15 их наяд буюу түүхэнд байгаагүй их өндөр зардалтай батлагдаж байна. Хэмнэлт зөв газраа харагдахгүй байна. Тиймээс энэ удаагийн Монгол Улсын төсвийг дэмжих боломжгүй” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.