Их тэнгэрийн амны хадны зурагтай хэсгийг иргэд үзэж болохоор тохижуулжээ

2022-10-28 Соёл урлаг

Их тэнгэрийн амны хадны зураг. 3000 жилийн өмнөх үед хамаарах дурсгалт өвийг сэргээн яг тухайн үед нь очсон мэт байгальд ээлтэй байдлаар тохижуулжээ. Тус хадны зургийг 1960 онд ОХУ-ын нэрт эрдэмтэн А.П.Окладников илрүүлэн, судалж байсан бөгөөд Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг болон 13-р зууны үед холбогдох бэхэн зураг, Монгол, Хятад, Төвд бичээс нь Монголын түүх, соёлын үнэт өв юм.

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Улаанбаатар хотын 300 гаруй байршилд 1500 орчим археологийн дурсгал байдаг. Энэ тоо судалгааны үр дүнд нэмэгдэх боломжтой. Гэвч эдгээр археологийн дурсгал дунд хадны зураг тун цөөн бий. Хамгийн алдартай нь Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Бурхант уулын хадны зургууд юм. Их тэнгэрийн амны хадны зураг нь хэд хэдэн үеийг хамарсан цогцолбор дурсгал гэж хэлж болно. Тухайлбал, 3000 жилийн өмнөх буюу Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг, 13-14 дүгээр зууны үед хамаарах хар бэхэн зураг, бичээс бий. Мөн 18-19 дүгээр зууны үеийн бурхны шашны төвд бичээс, монгол бичиг зэрэг байдгаараа онцлог. Энэ дундаас 13-14 дүгээр зууны үед холбогдох хар бэхэн дүрслэлүүд нь Монголын нутгаас маш цөөхөн олдсон. Ялангуяа, монгол эмэгтэй хүн богтог малгайтай, дээл өмсчихсөн дүрслэл бол маш ховор байдаг. Хадны зургийг олон нийтэд үзүүлэх боломжтой болж байгаа нь сайхан байна. Хадны зургийг үзэж, сонирхох иргэд, жуулчид маань археологийн дурсгалт өвдөө хүндэтгэлтэй хандаж, хадан дээр бичиж сараачин, гэмтээхгүй байх үүрэгтэй юм” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.