Д.ТОГТОХСҮРЭН: Цар тахлын хуулийг сунгаснаар ИПОТЕКИЙН зээлийг дахин ЗУРГААН сараар хойшлуулах боломжтой

2021-12-20 Нам хөдөлгөөний амьдрал

МАН-ын бүлэг өнөөдөр (2021.12.20) хуралдаж, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зургаан сараар сунгахыг дэмжлээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

Энэ талаарх мэдээллийг олонхийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Шинэ сэргэлтийн бодлого түүний дагалдах хуулиудын холбоотой асуудал. Хоёрдугаарт, ковид-19-ийн хуулийг сунгахтай холбоотой асуудал. Гуравдугаарт, үйлчилгээний ажилчид гэрээгээр ажиллахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн.

Цар тахлын хуулийг өмнө нь хоёр удаа сунгаж байсан. Харин энэ удаад нийт гишүүдийн олонхийн саналаар зургаан сарын хугацаатай сунгахыг дэмжсэн. Учир нь цар тахал үргэлжилж, дэлхийн зарим улс орнуудад халдвар буураагүй байгаа. Хил гааль хаагдсан учир эдийн засагт хүндрэл үүссэн. Иймээс түргэн зохицуулалт хийх шаардлагатай учраас ирэх оны долдугаар сарын 1-ныг хүртэл сунгахаар болсон. Энэ асуудлыг ондоо багтааж, сунгах эсэхийг хэлэлцэнэ.

Энд нэг зүйлийг тодруулахад, Цар тахлын хуульд ипотекийн зээлтэй холбоотой нэг заалт бий. Тодруулбал, ипотекийн зээл төлөлтийн хугацааг сунгах, хойшлуулах зэрэг арга хэмжээнүүд бий. Ковидын хуулийг сунгах учир энэ заалт ч мөн хэрэгжээд явна.

Харин цахилгаан дулааны үнэтэй холбоотой асуудал улсын төсөвтэй хамаагүй. “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдсэн асуудал. Тиймээс улсын төсөвт дээрх мөнгө тусгагдаагүй учраас иргэд төлбөрөө өөрсдөө төлнө.” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.