“Inspire 2021 – Цахим Өмнөговь” технологийн өдрүүд эхэллээ

2021-11-15 Нам хөдөлгөөний амьдрал

Бүх нийтийн цахим боловсролыг дэмжих, орон нутгийн цахим шилжилтийг хурдасгах “Inspire 2021 – Цахим Өмнөговь” технологийн өдрүүд үйл ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Даланзадгадад нээлтээ хийлээ.

Технологийн өдрүүд нь Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд тав хоногийн турш болох юм.

Төрийн үйлчилгээний цахим системийг  сайжруулах, цахим дэд бүтцийг бэхжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны салбарт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, мэргэжлийн ур чадвар сайтай мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх, салбарын хөгжилд орон нутгийн тогтвортой, оновчтой оролцоо бүхий бодлого тодорхойлж хэрэгжүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг дэмжихэд чиглэсэн олон ажил “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн 2021 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан.

“Inspire 2021 – Цахим Өмнөговь” технологийн өдрүүдийн үеэр “Цахим шилжилтийг хүн бүрт” өдөрлөг, “Цахим ажилтан” сургалт,  “Бизнесээ дараагийн төвшинд гаргах нь” уулзалт, мэдээлэл технологид сонирхолтой хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарт зориулсан “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд” өдөрлөг, Өмнөговь аймгийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах “Active Directory & Information Security” сертификат олгох сургалт, багш нарт зориулсан “Сурагчдыг мэргэжил сонголтод чиглүүлэх нь” сургалт, засаг захиргааны нэгж, хэлтэс, байгууллагуудтай хийх уулзалтууд зэрэг цогц үйл ажиллагаа болж байна.

Үндэсний хэмжээнд өрнөж буй цахим шилжилтийн давлагаанд нэгдэж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн бүх салбарын өрсөлдөх чадварыг мэдээлэл, технологийн тусламжтайгаар өсгөх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн Хишиг” хөтөлбөрт цахим шилжилтийг түргэтгэх талаар дараах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:

-Бүх нийтийн цахим боловсролыг дэмжих “Цахим Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Бүх сум суурин, айл өрхийг өндөр хурд /4G/-ны интернэтэд холбоно.

-Даланзадгад суманд мэдээллийн технологийн “ДАТА” төв байгуулна.

-Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад зах зээлд холбох цахим сүлжээ, цахим худалдааг бодлогоор дэмжинэ.

-Мэдээлэл харилцаа холбооны шинэ техник, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, Инновацын 2.0 эрин үеийн технологийн дэвшлийг бүх шатанд ашиглана.

-Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшилд тулгуурласан цахим засаглалыг төрийн үйлчилгээнд бий болгоно.

-Цахим орчинд хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хамгаалж, байгууллага, хувийн мэдээлэл, нууц, өгөгдлийн аюулгүй байдлыг хангана.

-Мэдээллийн технологийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг байгууллагуудтай хамтран ажиллаж, кибер аюулгүй байдлыг хангах хяналтыг тогтмолжуулж, төрийн албан хаагч, иргэдийн технологийн мэдлэгийг дээшлүүлэн, мэдээллийн технологийн аудит хийлгэнэ.

“Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Inspire 2021 – Цахим Өмнөговь” технологийн өдрүүд үйл ажиллагааг зохион байгуулагчаар “Эмфасофт” ХХК, хамтран ажиллагчаар Мобиком Корпораци, Мобинет ХХК, ICT групп, Ablesoft ХХК, Монголын Маркетингийн холбоо ажиллаж байна. Мөн Аймгийн Засаг даргын дэргэдэх бүх агентлагууд, төсөвт байгууллагуудын удирдлагууд, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК,  Монголын цахилгаан холбоо, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.