АН: Э.ОДБАЯР, Д.МОНГОЛХҮҮ НАРЫГ БАТЛАН ДААЛТААР ГАРГАХЫГ ХҮСЛЭЭ

2021-10-19 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон удирдлагууд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн нөхцөл байдал, тэднийг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэдийн асуудлаар УЕПГ-т шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нар Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Бид өчигдөр уулзсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн н.Чинбат нар ордны гадна өлсгөлөн зарлаад буй. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаад тав хонож байна. Гадаа хасах хэмтэй хонодог болсон энэ үед тэдэнд маш хэцүү байгаа, өөрийн амь нас, эрүүл мэндээ дэнчин тавьж суулт зарлаж байна. Үүнд хэн ч анхаарлаа хандуулахгүй байна. Монгол Улсын түүхэн дэх хамгийн муу Засгийн газрыг би одоогийн Л.Оюун-Эрдэнийнх гэж хэлнэ. Урд хойд хөрштэйгөө хэл амаа олж, ойлголцож чадахгүй байна.

АН-ын дарга М.Тулгат:

Аравдугаар сарын 5-наас эхэлж хоригдож буй тэдний биеийн байдал муудаж байхад эрх баригчид хайхрахгүй байна. Тэмцсэнийх нь төлөө дарангуйлалд өртөж байгаа тэдний эрх ашгийг бид тууштай хамгаалах болно. МУ-ын Үндсэн хуульд заасны дагуу эрхээ эдэлснийхээ төлөө цагдан хоригдсон. Тиймээс АН хуульд заасны дагуу тэднийг батлан даах хүсэлтийг хүргүүлж байна. Мөн хууль зөрчсөн гэх үйлдлийг шалган тогтоохыг УЕПГ-аас шаардаж байна.

Э.Одбаярыг бичлэг тараасан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан. Мөн Д.Монголхүүг хууль сахиулагчтай зүй бус харьцсан гэсэн байсан.

Монгол Улсын Үндсэн xуулийн 16 дугаар зүйлийн 10, 16-д заасны дагуу иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, улмаар Ковид-19 цар тахлын үеэр хууль иргэдэд үйлчлэх авч, эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй байх “Давхар стандарт” үзэгдэл бодитоор бий болоод байгааг эсэргүүцэн #NoNaadam, #NoDoubleStandart зэрэг хөдөлгөөнүүдийг өрнүүлсэн билээ. Эдгээр хөдөлгөөнүүд эрх баригчдыг шүүмжилж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж ирсний гол зорилго нь МАН-ын дангаар бүрдүүлсэн Засгийн газрын үед Үндсэн хуулийн 14.1-д тунхагласан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” суурь зарчим алдагдаж буйг эсэргүүцсэнд оршино гэж АН үзэж байгаа бөгөөд, иргэдийн эдгээр хөдөлгөөнтэй байр суурь нэгтэй байгаагаа мэдэгдлээ.

Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь удаа дараа эрээ цээргүй халдсан гэв. Мөн олныг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан дарга нартаа хариуцлага тооцож чадахгүй атлаа энгийн иргэддээ хүч хэрэглэх, дарамтлах, мөрдөн мөшгөх байдлаар илт ялгавартай хандаж, улмаар иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг урьдчилан хорих 461 дүгээр ангид 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хориод байна. Тэдний нэг нь өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байгаа бөгөөд биеийн байдал нь маш муу байгаа гэх мэдээг эрх баригчид огт тоохгүй байгааг эсэргүүцэж байна.

Мөн эдгээр иргэдийг суллахыг шаардан иргэн Ц.Чинбат нар Сүхбаатарын талбай болон Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд тус тус өлсгөлөн зарлаад цөөнгүй хонож байхад эрх баригчид зориудаар үл тоомсорлож буй нь иргэнийхээ эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалах төрийн үүргээ умартсан эс үйлдэл гэж үзэж байна.

Хүмүүний үндсэн эрхийг үнэт зүйлээ болгосны хувьд Ардчилсан нам нь шударга нийгэм, үнэн зөв үйлсийн төлөө тэмцдэг, тэмцсэнийхээ төлөө дарангуйлалд өртөж буй аливаа иргэдийг намын харьяаллаас үл хамааран өмгөөлөлдөө авч, хуульд заасан боломжит бүхий арга хэлбэрээр эрх ашгийг нь тууштай хамгаалах болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах ажиллагаа нь ялгавартай, тэгш бус, алагчилсан болж буй энэ завхралтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Иймд:

1. Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна.

2. Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчлах явцад цагдаагийн албан хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлүүдийг шалган тогтоож, цаашид хэрэг шалгах үйл ажиллагаанд хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг прокурорын байгууллагаас шаардаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.