“Нийслэлд халдвар буурч байгаа ч хүнд болон хүндэвтэр хүний тоо нэмэгдсэн”

2021-10-19 Нийслэл

"Нийслэлд халдвар буурч байгаа ч хүнд болон хүндэвтэр хүний тоо нэмэгдсэн"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болсон.

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Ковид19 цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлсэн юм. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд Ковид19 цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүний тоо нэмэгдэж байна.

Эмнэлэгт 6,727 хүн хэвтэж эмчлүүлж буй бол 27,107 хүн гэрээр эмчлүүлж байна. Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаагийн дээр нийт хүн амын 78.1 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна. Харин гурав дахь буюу нэмэлт тунд нийслэлчүүдийн 12.9 хувь нь хамрагдсан.

Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдагсдын тоо хангалтгүй байгаа тул явуулын багийг ажиллуулж байгаа. Оюутны байруудад явуулын баг ажиллуулахад СУИС-ийн оюутнууд идэвхтэй оролцож, бүгд вакцинаа хийлгэсэн. Мөн 12 байгууллагын 942 хүнд, гэрээр 1,509 хүнд, хөгжлийн бэрхшээлтэй 541 хүнд  явуулын багийнхан вакцин тарьсан.  Томуугийн вакцинд нийт хүүхдүүдийн 98.7 хувь нь хамрагдаад байна” гэжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.