Судалгаа: Нийслэлийн авто замын 78 хувь нь түгжрэлтэй байна

2021-05-19 Нийслэл

Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаа нээлттэй зохион байгуулж нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нийслэлд тулгамдаад байгаа асуудлаар танилцуулга хийлээ. 

Манай улсын хүн ам сүүлийн 10 жилд 22.6 хувь буюу 599 мянгаар нэмэгдэж, өнгөрөгч оны байдлаар гурван сая 253 мянгад хүрсэн байна. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 345 мянгаар нэмэгдэж нэг сая 499 мянга хүрчээ. Тэгэхээр энэхүү тоон үзүүлэлтээс харахад, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хоёр хүн тутмын нэг нь нийслэлд амьдарч байна гэсэн үг юм. Харин манай улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн 64.2 хувь нь нийслэлд төвлөрч, ДНБ-ий 66.6 хувь нийслэлд бүрдэж байна. Улаанбаатар хотын эдийн засгийн 58.4 хувийг үйлчилгээний, 41.4 аж ахуй, үйлдвэр, барилгын салбарын, 0.4 хувийг хөдөө аж ахуйн салбар тус тус эзэлж байна. Хүн амын болон эдийн засгийн энэ төвлөрлийг дагаж Улаанбаатар хотын өмнө олон тулгамдсан асуудал гарч ирлээ.

Уланбаатар хотын иргэдийн дунд тулгамдсан асуудлаар судалгаа явуулахад 45.2 хувь хамгийн олон хүн автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг өгч байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах, дулаан, цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон тулгамдсан асуудал байгаа нь тус судалгаагаар тогтоогджээ. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас шат дараатай бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт холбогдох албаныхан санал нэгджээ.

Мөн хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь түгжрэлтэй. Авто замын хөдөлгөөний хурд 13 км/цаг, оргил цагт 8.9 км/цаг байгаа. Гол авто замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн байна гэдгийг онцоллоо. Мөн Улаанбаатар хотын оршин суугч дунджаар өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна гэсэн судалгааг танилцууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.