Дэлхий нийт цар тахалд идэгдэж, манай улс ч халдварын тархалттайгаа тэмцэлдэж буй эл өдрүүд улс төрийн хүрээнийхэн болон цагаан захтнуудад дэндүү тайван өнгөрөгч байна. Өөрөөр хэлбэл, их бужигнааны өмнөх амар амгалан ноёлж буй өдрүүд юм. Одоо л шинэхэн Ерөнхий сайдад өөрөөрөө буюу зөнгөөрөө ажиллах аз жаргалтай цөөхөн өдрүүд нь аж. Харин сар шинийн дараа буюу 2021 оны хоёрдугаар улирал тэр чигтээ Ерөнхийлөгчийн сонгуулийн албан бус популист кампанит шоугаар эл хүрээнийхэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах болно. Зүй нь МАН, АН энэ шатны сонгуулийн бүрэн эрхтэй субъект ч, парламентад хэдэн суудал дэлссэн нөгөөх “бяцхан” хоёр нам нь өнгөрөгч УИХ-ын сонгуульд бусадтай эвсээд нэг субъект болчихсон тул Ерөнхийлөгчийн сонгуульд бас л хэрээ мэдэхгүй “хөөрхөн” тонгорог болно. Мэдээж МАХН-ыг дагалдаад ИЗН, МУНН (Та бидний эвсэл) гээд хоёр ч сүүл байна. ХҮН-ыг дагалдаад МСДН, ЗЁН (Зөв хүн электорат эвсэл) гээд бас хоёр сүүл байна шүү дээ.

За тэгээд өдрөөс өдөрт үл мэдэгдэх шинэ голомтуудын хавьтлуудын эх үүсвэрийг олох, байнгын хөл хорио, өвөлжилт, хаваржилт, ард иргэдийн амьжиргааны доройтол, нөгөө олон бондын төлбөр ялбар, гадаад өр шир, нүүрсний экспорт гээд толгой зовоосон олон асуудал түүний танхимыг хүлээж байна. Харин ойрын хугацаанд вакцин оруулж ирж, иргэдээ вакцинжуулах, халдварын тархалтыг бууруулах, үргэлжийн улс төрийн сэдэв болсон Оюутолгойн асуудлыг нэг талд гаргах, гадаадын хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа хурдтай эргэлтэд оруулах, аж ахуй нэгжүүдээ дэмжих, ажлын байраа хадгалах гээд бас л олон чухал ажил хүлээгдэж буй. Тиймээс л Засгийн газар улс төрд “үүлэн чөлөөний наран” гарсан энэ цаг үед л шуурхай ажиллах нь нэн чухал.

Харин энэ бүгдэд залуухан Ерөнхий сайдтан Засгийн газраа огцруулчихгүй, сайд нараа нэг нэгээр нь суга татуулчихгүй, идэж уусан гэх улстөрч нөхдөө бөөнөөр нь баривчлуулчихгүй гэх мэт гэнэтийн гайд бүрэн бэлтгэлээ одоо тайван байгаа дээрээ хангахгүй бол горьгүй. Цаашлаад МАН-ын 100 жилийн ой, ХХХ их хурал нь улс төрийг жинхэнээсээ хөгжөөж дэвэргэнэ. Гол сөрөг хүчний тухайд, тамганы хэрүүлээ нэг тийш нь болгон хууль ёсны даргатай болчихоод намба заагаад суугаад байхад улс төрийн халууралд өртөх, дотроосоо хагарах магадлал багасна. Ийм гольдрол руугаа ч чиглэчихлээ. Учир нь АН-ынхан дотооддоо намбатайхан нэрээ дэвшүүлээд, тэр нэр дэвшигчээ нэгэн дуугаар дэмжээд явчихад ард иргэд улс төрийг тэнцвэржүүлэх сонголт хийх магадлал өндөр ийм үед Ерөнхий сайдын эр хүний 13 мэх бүр онцгой байх ёстой. Ингэж хэлэхэд ч учир бий, туршлага байна. Учир нь өнгөрөгч орон нутгийн сонгуулиас жишээлээд үзэхэд АН сайндаа биш, сонгогчид нь улс төрийн хүчнийг тэнцвэржүүлэхээр олон аймаг, нийслэлд цэнхэр туг мандуулж байсныг санаж буй биз. Тиймээс л шинэ Засгийн газар улс төр тогтуун эл үед гол ажлуудаа эрэмбэлж, шуурхай хандахгүй бол жинхэнэ “тахал” үүд тогшин байна, Ерөнхий сайд аа…

О.ГЭРЛЭЭ