ЮНЕСКО-д бүртгэлтэй бүтээгдэхүүн подвальд мэндэлдэг

2021-01-10 Made in Mongolia

Чикаго хотод амьдардаг Алтанбаатарын Хэрлэн найз маань фэйсбүүк чаатаар элэгдэж хуучирсан эсгий углаашны зураг явуулжээ. Говь-Алтайн виски, Увсын чацарганы шүүс, Хөвсгөлийн жимсний варень, тэр бүү хэл хавсай идэж буй зургаа чатаар явуулсан удаатай. Бидэнд бол өдөр тутам харж байдаг энэ бүхэн20 шахам жил тэнд амьдарсан түүнд эх нутгийг нь санагдуулаад гоё байдаг бололтой. Мэнд мэдэлцсэний дараа өнөөх шаахайг асуулаа. Солонгос гаралтай америк айлд засвар хийхээр ортол гэрт нь байсан гэнэ. Ажил хэргийн ярианы хажуугаарөнөөх эсгий углаашийн талаар гэрийн эзнээс сонирхтол Монголд зочилсон найз нь бэлэглэсэн гэжээ. Гэрийн эзний Монгол орны талаарх мэдлэг тааруухан ч өнөөхөн углаашдаа ихээ сэтгэл хангалуун байсан гэж байгаа. Ая тухтай,дулаахан, хөнгөн зөөлнийг нь магтаад дахиад олж авах гээд чадахгүй байгаагаа ч дурсчээ. Үүнээс үүдэн монгол хонины ноос хэрхэн шаахай болж, далай гатлан ертөнцийн нөгөө хязгаарт очдог бол хэмээн сурвалжилсан нь энэ.

Эсгийнээс эхлэсэн экспорт

Эсгий шаахайны сурвалжлага маань малчны хот руу бус холын Норвеги руу хөтөлсөн нь дараах шалтгаантай. Норвегичүүд монголчуудад эсгийгээр бүтээгдэхүүн хийж түүгээрээ амьжиргаа залгуулах, цаашлаад хөгжих дэвжих боломж олгожээ. Энэ нь мэдээж, эвэрт дуулгатай викингүүд тив дамжин ирээд өвөг дээдэст маань хонины ноосоор эсгий, унгас хийж аж ахуйдаа хэрэглэхийг заасан тухай биш нь тодорхой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүнийгээ борлуулах, экспортын бүтээгдэхүүн болгох талаар тэд манайханд багшилжээ. Норвегийн тусламжийн байгууллагааас тэртээ 1994 оноосөрх толгойлсон эмэгтэйчүүд,ажилгүй, орлого багатай иргэдэд зориулан өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсний нэг нь “Ноосны өрхийн үйлдвэрлэл, маркетинг” төсөл аж. Норвегиуд төсөлд хамрагдсан хүмүүстээ хичээл заахын хажуугаар самнах, ээрэх машин худалдан авах хөнгөлөлттэй зээлийг олгосон нь үр дүнгээ өгчээ. Энэхүү төслийн үр шим хүртэгчдийн төлөөлөл нь Ц.Цэнд-Аюуш юм. Түүнтэй холбогдож эрхэлж буй бизнестэй нь танилцахаар боллоо. Тэрбээр өдгөө “Ноосон зангилаа” дундын хоршооны даргаар ажилладаг. Уг байгууллага 2006 онд байгуулагдсан. Өдгөө 10 хоршоо, нэг ТББ, 200 гаруй хоршоологчийг нэгтгэсэн дээвэр байгууллага юм. Дэлхийн том бизнесменүүдийн дунданхны гараагаа гараашаас эхэлсэн нь олон байдаг. Тэгвэл эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань ч тэдэнтэй төстэй. Социализмын үед баригдсан орон сууцны барилгуудын подваль нь хямд түрээстэй учир жижиг бизнесийн инкубатор гэж хэлж болно. “Ноосон зангилаа” дундын хоршооныхон ч мөн энд сурч, ажиллаж, үйлдвэрлэнэ. Хоршооныхон өөрсдийн гэрээт малчинд ноос авах захиалгаа өгч, мөнгөө урьдчилан өгдөг аж. Ноосыг угаалгасны дараа самнах машинд самнуулж хялгасгүй болгосны эцэст тохирох өнгөөр будуулна. Уг будаг нь хэрэглээ, эдэлгээний явцад арилдаггүй аж. Өнгө оруулсан ноосыг эсгий болгох уу эсвэл ээрсэн утас болох уу гэдгийг хэрэглэгчдээс ирсэн захиалга шийднэ. Дээр өгүүлсэн эсгий шаахай нь эсгий бэлдэцээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болтлоо хэлбэр загвараас хамаараад хамгийн багадаа 15, цаашилбал 20 гаруй шат дамжлага туулдаг аж.Эсгий урлаачид маань өнгөрсөн хугацаанд бүтээгдэхүүнээ хөгжүүлэн, баяжуулсаар таван нэрийн бүтээгдэхүүнээ ЮНЕСКО-д бүртгүүлж чаджээ. Энэ байгууллагад үндэсний гар урлалын бүтээгдэхүүн хэмээн үнэлэгдэж бүртгэгдэх хүртлээ олон шалгуурыг давсан аж. Иймдээ ч Ц.Цэнд-Аюуш ”“Ноосон зангилаа” дундын хоршооныхон нь үндэсний ардын гар урлаачид төдийгүй Монголын соёлын биет өв тээгч болж чадсан” хэмээсэн. Гадны улсад гараашинд мэндэлсэн бизнес хөгжиж, бойжоод үүрээ орхин нисдэг бол манайд даль жигүүр нь гүйцсэн ч өнөөх подвальдаа өтөлдөг гэмтэй.

 

Ноолуулсаар байгаа ноосны бизнес

Норвегиудын “энхрийлэлд” байсан “Ноосон зангилаа” дундын хоршооныхон тэднээсээ холдоод л царцах уу, цааш хөгжих үү гэдэг сонголттой учирч. Зээл авах гэхээр банкныхан ойлгодоггүй. “11дарга, таван тэргүүлэгчийн чинь хэн нь хариуцлага хүлээлгэх вэ” хэмээн гайхсан банкныханд аж ахуйн нэгжийнхээ статусыг ойлгуулахаас л ажлаа эхэлжээ. “Танайх улирлын чанартай юм, ноосон бүтээгдэхүүн чинь өвөл л зарагддаг” гээд зээл өгөхөөс татгалзсан банкныханд бизнесээ танилцуулж чадаагүйдээ “шатаад” уйлаад гарсан удаа ч Ц.Цэнд-Аюушид бий. Банкныхан ноосон бүтээгдэхүүний борлуулалтын70 хувь нь дулааны улиралд хийгддэг гэдгийг огт ойлгоогүй гэнэ. Ямартаа ч өдгөө Ц.Цэнд-Аюушийн даргалж буй хоршоодын нэгдэл 17 удаа банкнаас зээл авч, тухай бүрт нь найдвартай төлсөөр зээлийн сайн түүх бүтээжээ. Харамсалтай нь жилийн 25-30 хүртэл хувийн хүүтэй зээл нь тэдний бизнесийг хөгжүүлнэ гэхээсээ илүү амь тариа төдий л болдог аж. Гадныханд бол итгэхийн аргагүй өндөр хүүтэй зээлийг манай банкныхан бизнес эрхлэгчдэд санал болгодог. Үйлдвэрлэл эрхлэгчид маань ч зээл авахгүйгээр хөгжихгүй учир түүнийг нь авахаас аргагүйддэг. Ямартаа л Ц.Цэнд-Аюуштай уулзсан америк хүн орчуулагчаасаа “энэ хүн банкны хүүгээ андуурч хэлээгүй биз” хэмээн лавлаж байсан гэдэг. Үнэндээ жижиг дунд, үйлдвэрлэгчдэд зээл авах хэцүү, авсан зээлийнх нь хүүний дарамт нь түүнээс ч хүнд тусдаг аж. Дэлхийн худалдааны байгууллагаас экспортыг дэмжих хөтөлбөр баталж энэ чиглэлийн бизнесийг дэмжихээр болж. “Ноосон зангилаа” хоршооныхон ч уг зээлийн бүх шалгуурт нийцэж материалаа өгтөл төсөл хэрэгжүүлж буй манайхан “хасах тайлантай” гэсэн ганц шалтгаанаар зээл өгөхөөс татгалзжээ. Улстөрчид, УИХ-ын гишүүдэд тэрбум, тэрбумаар авдаг ЖДҮ-г дэмжих зээл Ц.Цэнд-Аюуш шиг жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт олдоно гэж үгүй. Төслөө ирүүлэх хугацааг маш богино зарлахаас өгсүүлээд элдэв шалгуур тавина. Ц.Цэнд-Аюушийн баг цор ганц удаа өөрсдөд нь зориулсан ЖДҮ-г дэмжих зээлийг авч байжээ. 100 сая төгрөгийн уг зээлийг цаг хугацаанд нь эргүүлэн төлсөн ч дахин уг зээл тэдэнд олдоогүй гэнэ.

Экспортыг том, жижиг гэж голохгүй

“Ноосон зангилаа” дундын хоршоо 800 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ өөрийн нэрийн “Цагаан алт” дэлгүүрээр дамжуулан дотооддоо борлуулдаг. Харин гадагшаа АНУ, Австрали, Япон, Голланд зэрэг улсад байнгын харилцагчтай болжээ. Нэгэн цагт гэрийн дээвэр, туурга төдийхөн л байсан эсгий урлал нь хөгжлийн шинэ шатанд гарч, урлаг болтлоо хөгжжээ. Малгай ороолт, хувцас хэрэгслээс гадна уран зураг, бэлэг дурсгал, гоёл чимэглэл урлах аж. Дээр өгүүлсэн 800 гаруй бүтээгдэхүүнээс хамгийн их эрэлттэй нь эсгий таавчиг, бойтог. Эрэлт их байхын хэрээр үйлдвэрлэгч нар ч олон байдаг гэнэ. Ц.Цэнд-Аюушийн хувьд энэ өрсөлдөөнийг эерэгээр хүлээн авах юм. Өрсөлдөөн байх тусам чанарт нөлөөлдөг аж. Бүтээгдэхүүний хөгжүүлэлт сайжирч зарим үйлдвэрлэгчид гоёмсог гутал хүртэл хийх болжээ. Нийгмийн сүлжээнд идэвхтэй зарим хүн монголчуудын үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүнийг эсгий таавчигаар төлөөлөн голох, гоочлох нь бий. Ц.Цэнд-Аюушид энэ хандлага таатай санагддаггүй. Тэр“Экспорт том, жижиг байх нь хамаагүй” хэмээсэн. “Ноосон зангилаа” хоршоонд хаа холын Австрали улсаас охидын үсний боолтны захиалга ирж байжээ. Хоршооны гишүүд богино хугацаанд 3000 ширхэг үсний боолтыг захиалагч нартаа нийлүүлсэн гэж байгаа.

Эсгий углааш эсгий бүтээгдэхүүн “биш”

“Ноосон зангилаа” дундын хоршоо аливаа эрсдлийг бүтээгдэхүүнээ чанаржуулах, сургамж авах боломж гэж хардаг. Түүхий эдийн үнийн хөөрөгдөл, зээлийн өндөр хүү төлөх зэрэг олон хүчин зүйлийг тооцоолон үйлдвэрлэлээ явуулсаар иржээ. Өдгөө харинхатуу хөл хорионы улмаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож, Улсын их дэлгүүрийн чанх өмнө байх “Цагаан алт” дэлгүүр хаалгаа барьжээ.Өнгөрөгч ондМИАТ компанийн чартерын нислэгээр харилцагчдаа бүтээгдэхүүнээ нийлүүлж, эрвийх дэрвийхээрээ л ажиллаж. Гэтэл давагдашгүй хүчин зүйлээс гадна давж болмоор хүчин зүйлийн өмнө гар өргөөд бууж өгөх тохиолдол ч байдаг аж. Аливаа бүтээгдэхүүнийг экспортлоход хүлээн авагч улс бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг шаарддаг. Ц.Цэнд-Аюуш нэг удаагийн нислэгээр явах бүтээгдэхүүний дээжийн гарал үүслийн гэрчилгээг гурав дахин авчээ. ХХАХҮЯ-ны мал эмнэлгийн хэлтсээс авсан гэрчилгээ богино хугацаанд хүчинтэй. Хугацаа товлогдсон чартерийн нислэг цуцлагдах тоолон өнөөх гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусчихаад байсан хэрэг. Хурдан мууддаг, хүнсний бүтээгдэхүүний дээжийн гэрчилгээний хугацаа богино байхад гайхах юмгүй. Харин жилд ердөө ганцхан удаа гардаг ноосны дээжийн гэрчилгээний хүчинтэй хугацааг жилээр нь гаргахаар яагаад болдоггүй юм бол. Олон улсад итгэмжлэгдсэн лабораторийн бичгийг өөр нэг лаборатори үгүйсгэдэг байдал манайд л байдаг байх. ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгээс гаргасан лабораторийн гэрчилгээг өөр нэг хүрээлэн нь үнэгүйдүүлнэ. Монгол Улс Худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн ороод олон хөнгөлөлт эдэлдэг. Тэгвэл энэ мэтээр бизнес эрхлэгч нарыг чирэгдүүлдэгээ бага гэхгүйгээр засах үүрэг хүлээсэн байдаг. Өөр нэг сэтгэл гонсойлгосон баримтыг эсгий урлаачид өгүүлсэн. Монгол Улс Японтой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулж зарим нэрийн бүтээгдэхүүнийг тэр тусмаа эсгий урлалыг татваргүй нэвтрүүлэхээр болж баярлуулжээ. Гэвч эсгийчдийн хамгийн гол нэрийн бүтээгдэхүүн эсгий углааш нь гутал гэсэн категорт орсоноор татвартайгаар нэвтрэх болж. Япончууд хатуу сахилга баттай, нэгэнт хийсэн гэрээ, хэлэлцээрийг чанд сахьдаг учир түүнийгээ өөрчлөхгүй байх. Шийдвэр гаргагчид тухайн салбарт ажиллагсадынхаа дуу хоолойг сонсдог бол эсгий углааш нь гутал биш гэдгийг анхнаас төлөвлөж цаад талынхандаа ойлгуулж болох байсан даа гэх харуусал төрж байсан.

Боломж бас дахин боломж

“Дандаа л болохгүй, бүтэхгүй юм ярьчихлаа, Одоо сайн сайхан юм ярина” хэмээн Ц.Цэнд-Аюуш эгч эрс хэлээд инээмсэглэсэн. Миний асуултад хөтлөгдөж яриа өрнөсөн болохоор би л тааруу зүйл асуугаад байж л дээ. АНУ-д амьдардаг н.Оюун гэх эмэгтэй “Ажил хийж хөдөлмөрлөж байгаа энэ сайхан хүмүүсийг дэмжинэ ээ” гээд 35 сая төгрөгийн эсгий углаашийг захиалан авч байжээ. Найман жилийн өмнө болсон энэ түүх эсгий урлаачдад урам өгч, одоо ч тэд дурсан ярих дуртай байдаг гэнэ. Тэд ирээдүйгээ өөдрөгөөр хардаг. Ц.Цэнд-Аюуш хүүхдээ харангаа, гэр бүлийнхээ хэн нэгийг асрангаа эсгий урлалын салбарт ажилладаг олон хүнийг мэднэ. Өрхийн үйлдвэрлэлийн онцлог нь энэ. Нас харгалзахгүй, нарийн мэргэжил шаардахгүй гэх мэт олон давуу тал бий. Чанар, стандартын шаардлагаас гадна сав, баглаа боодлын үзэмж, үйлдвэрлэлийн тасралтгүй,тогтвортой байдал, хүний нөөцөө бүрдүүлж чадвал бүтээгдэхүүнээ экспортлох нь тийм ч хэцүү биш гэдгийг Ц.Цэнд-Аюуш онцгойлон хэлэв. Дээр “Монгол орон Европын Холбооны улсад 6000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй нэвтрүүлэх болсон. Татвар тэглэсэн энэ хөнгөлөлтийг улс орон бүхэн хүртээд байдаггүй. Хөнгөлөлтийн жагсаалтад багтсан 10 хүрэхгүй улсаас хамгийн урт хугацааг бидэнд олгосон. Гэтэл үүнийг нь манайхан тэр бүр мэддэггүй. Тэр ч бүү хэл Европын холбооноос “нэгэнт энэ боломжийг ашиглахгүй байгаа учир цааш үргэлжлүүлэх шаардлага байна уу” гэсэн асуудал тавьж хэлэлцүүлэг хийж байсан. Бизнесээ хөгжүүлж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх онцгой таатай энэ мэт боломжийг манайхан бүрэн дүүрэн ашиглаасай” хэмээсэн. “Ноосон зангилаа” дундын хоршоо олон арван хүнийг ашиг орлоготой байлгаж, оюуны өмчийг хүндэтгэж, байгаль орчинд ээлтэйгээр, биенесийн ёсзүйг дээдэлж, Монголд үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй дундын хоршоог үлгэрлэн ажиллаж байна.
С.Ганболд

<

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.