Элэг бол хүний “Лаборатори” юм

2019-02-22 Нийтлэл

Элэг нь хүний хамгийн том булчирхай бөгөөд бие махбодын химийн төв лаборатори юм. Эрдэмтдийн тогтоосноор элэг 80 орчим үйл ажиллагаа явуулж, 5000 гаруй урвалыг зохицуулдаг байна.

-Элэг ямар үүрэгтэй эрхтэн бэ?

-Бие махбодод шаардагдах дулааны гуравны нэгийг элэг гаргана. Хоногт 2000 литр цус элгээр дамжин өнгөрдөг. Бодисын солилцоо явуулах, цөс ялгаруулах, хоргүйжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа нь элэгний үндсэн үүрэг. Уураг, нүүрс ус, тослог, ус давс, амин дэм, даавар, нөсөө зэрэг бүхий л бодисын нийлэгших, задрах, ялгарахад элэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоол боловсруулах эрхтнүүд хоолыг задлан авч өгсөн гаднын бодисуудыг эсүүд хэрэглэх боломжтой болгон өөриймшүүлэн дамжуулдгийг нь эсгүүрчний ажилтай зүйрлэж болно.

Хоол тэжээлээр биед орж ирсэн аминхүчлүүдээс альбумин, глобулин, гемоглобин зэрэг нийлмэл уургууд, биохимийн урвал хурдасгагч ферментүүдийг элэгний эсүүд үйлдвэрлэнэ. Иймд элэгний хүнд өвчнүүд, элэгний үйл ажиллагааны дутмагшлын үед уургийн хэмжээ ялангуяа альбумин багасч, ферментийн идэвх өөрчлөгдөн, цусны бүлэгнэлт буурч, цус гоожимтгой болдог.

Гэдсээр шимэгдэн элгэнд ирсэн нүүрс усны 80-90% элэгний эсэд шингэдэг байна. Цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад элэг чухал үүрэгтэй.

Хоолоор орж ирсэн өөх тосыг задлах ба шимэгдүүлэх ажлыг элэг гүйцэтгэнэ. Цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг задалж, А,Д,Е,К амин дэмүүдийг зохицуулна. Мөн ихэнх аминдэм гэдэснээс шимэгдэн үүдэн венээр элгэнд ирж нөөцлөгдөн, бие махбодод шаардлагатай үед зарцуулагдаж байдаг. Төмөр, зэс зэрэг олон чухал эрдсүүд элгэнд нөөцлөгдөнө.

Дааврын солилцоонд элэг идэвхтэй оролцдог. Цус бүлэгнүүлэх процесийг удирдаж, дархлааны хэд хэдэн онцгой чухал уургийг ялгаруулж цусанд нийлүүлнэ. Эмийн болон гаднын хорт бодис /ксенобиотик/, бие махбодын дотор бодисын солилцооны явцад үүсдэг хорт бүтээгдэхүүнийг хоргүйжүүлэхэд элэг чухал үүрэгтэй. Хэрвээ эмийн бодис бие махбод дотор задрах нийлэгших урвалд орж хувиран өөрчлөгдөхгүй бол тэр эм хэдэн зуун хоног, хэдэн арван жилээр ч хүний биед хадгалагдсаар байх байсан. Эдгээр хувирлын 65-70 хувь элэгний эсийн дотор явагддаг.

-Элэгний хамгийн аюултай дайсан юу вэ?

Мэдээж архи юм. Мөн амьтны гаралтай хатуу, царцанги өөх тос байнга хэтрүүлэн хэрэглэх, зун намар мах их идэх, тосонд чанасан хүнс, шарсан түлсэн хоол, өтгөн хар шөл, өтгөн цай зэрэг эрүүл мэндэд ашиггүй хоол хүнс элгэнд маш хорлонтой.

Элгийг сэтгэлийн эрхтэн гэдэг нь учиртай бөгөөд сэтгэлийн хямрал, гутралаас элэгний үйл ажиллагаа ихээр шалтгаалдаг байна.

-Элэг муудахад ямар шинж тэмдэг илрэх вэ?

Хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг бол хоолонд дургүй болох, хоолны шингэц удааширч, ходоод гэдэс хямрах, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, өтгөн хатах, бие сульдаж тамиргүйдэх, хамраас цус гарах, цус багадах, толгой өвдөх, нойр хүрэх, арьс хуурайшин шарангуй туяатай болох, нөсөө толбо гарах, бие загатнах, турж эцэх гэх мэт зовиур илэрнэ.

 Гэхдээ Танд дуулгах сайхан мэдээ бий шүү…

Элэг нь дотор эрхтнүүдээс нөхөн төлжилтөөрөө хамгийн сайн эрхтэн. Түүнийг хорлохоо больж, ачааллыг нь хөнгөлөн, сайн энхрийлж чадвал аравхан хувь нь ажилтай үлдсэн байсан ч үүргээ сайн гүйцэтгэхээр барахгүй гэмтэж ажиллахаа болиод байсан 90 хувь нь сэргэж чаддаг.

-Элэгний өвчлөл юунаас ихэнхдээ улбаатай вэ?

Цирроз үүсэх шалтгаанд халдварт шар өвчин, цөсний сувгийн үрэвсэл, төмрийн солилцоо алдагдах, архидалт, буруу хооллолт, элэгний шимэгч хамаардаг.

Зохистой хооллож, согтууруулах ундаанаас татгалзаж, халдвараас сэргийлж, сайн амарч, сэтгэл санаа өөдрөг, өөртөө итгэлтэй байж чадвал элэгний гэмтсэн эсүүд бүрэн нөхөн сэргэж чадна гэдгийг дахин бататгахад таатай байна.

-Элэгний өвчтэй хүн ямар хоол идэх вэ?

Сэрүүний улиралд: Ямаа, үхэр, туулай, гэрийн тахиа, загасны мах, үхрийн зөв боловсруулсан элэг, бөөр, үстэй гүзээ, сархинаг, зүрх, хэлний аль нэгийг өдөрт 100-120 грамм идэх нь зөв юм. Мөн нэг өндөгний цагаан, нэг аяга элгэн тараг, 1-2 аяга эмчилгээний хоормог, нэг аяга шинэхэн ээдэм, нэг атга улаан ээзгий, нэгээс хоёр халбага уургийн бал идвэл уургийн нэмэгдсэн хэрэгцээгээ хүндрэлгүй хангана.

Урин дулаан цагт: Махаа хасаад, цагаан идээгээ түлхүү идэж, шар буурцаг, түүний бүтээгдэхүүн /шар буурцгийн сүү, ээдэм, бяслаг, нухаш, тос, жан/-ийг шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, хулуу хаш, ногоон сонгино, исгэлэн биш жимстэй зохицуулан идэх нь сайн.

Нэмэлтээр: Зөгийн бал, бурам, мөсөн чихэр өдөрт 2-3 цайны халбага хэрэглэнэ. Бүтэн үр тариа түүний дотор хошуу тариа, түүний бүтээгдэхүүн, тухайлбал Геркулес гэгддэг нэвс, түүнчлэн арвай, хөх тариа, буудайн бүдүүн гурил, сагад, хальстай тутаргаар хоол, хачир хийж иднэ. Хааяа хушга, фундук бага зэрэг идэж болдог.

Шар буурцгийн, оливын, наранцэцгийн, маалингын гэх мэт шүүж тунгаагаагүй ургамлын цэвэр тосыг хоол амтлагчаар буюу дангаар нь өдөрт 20-25г хэрэглэхийг зөвлөдөг. Шинэхэн зөөхий, цөцгийн тос, хонины сүүл, загасан тос багаар иддэг. Ясны тунгалаг шөлөнд хоолоо хийх ёстой.

Хориотой хоол хүнс:

Нэн тэргүүнд мэдээж архи, согтууруулах ундаа. Дараа нь хар шөл, сүү, тослог ихтэй цөцгий, шар тос, өөхөн тос, өндөгний шар, уураг тархи, хонины мах, борц, хорхог, боодог, хиам, консерв, давсалсан, утсан хүнс, түрс, шош, вандуй, зарам, мөөг, хүнсний хивэг, шар будаа, агшаасан арзгар будаа, гоймон, шинэ болон хар талх, сэвсгэр хөөмөл боов, давсалсан, даршилсан, нөөшилсөн ногоо, бөөрөнхий байцаа, шар манжин, улаан,цагаан лууван, сармис, бөөрөнхий сонгино, хурган чих, исгэлэн жимс, шоколад, мөхөөлдөс, түрхлэгүүд, анхилуун үнэртэй амтлагч ногоо, нунтагууд, какао, кофе, хийжүүлсэн ундаа, жүүс орно.

Дашрамд сануулахад, хоолны давсыг багасгах ёстой юм.

Өдөрт хэдэн удаа хооллох хэрэгтэй вэ?

Хоолыг зөөлөн технологиор буюу зөөлөн галаар чанаж, ууранд жигнэж идэх бөгөөд нухаш, таташ, зутан, бантанг бага багаар ойр ойрхон идэж өдөрт 5-6 удаа хооллох хэрэгтэй. Хэт халуун, хэт хүйтэн хоол унд хориотой.

Элэгний циррозтой хүнд маш хэрэгтэй бүтээгдэхүүн бол уургийн бал юм.

-Уургийн бал гэж юу вэ?

Уургийн бал нь шар сүүний уургийн нягтруулсан баяжмал юм. Хүний бие махбодод үзүүлэх эерэг ач холбогдлоор шар сүүний уураг хүнсний бусад уургийг тэргүүлдэг.

Шар сүүний уургийн баяжмалыг эмчилгээ-сувилал, хүүхдийн болон бие бялдаржуулах чиглэлээр дэлхийн олон оронд ашиглаж байна.

Хүний бие махбод өөрөө бүтээж чадахгүй учир заавал хоолноосоо авах ёстой үл орлох амин хүчлүүдийн агууламж, харьцаа, шингэх чанараараа шар сүүний уураг нь биед хамгийн сайн зохицсон тул хүнсний бусад уургуудаас давуутай.

Шар сүүний уураг цусан дахь холестерин бууруулдаг учир зүрх судасны өвчтэй хүнд чухал хэрэгтэй. Дархлаа сайжруулдаг тул ханиад томуу зэрэг халдварт өвчнөөс сэргийлэхэд тусална.

Хорт хавдрын явцыг сааруулдаг гэдгийг Австрали улсад хийсэн судалгаагаар нотолсон байна.

100 г хатаасан шар сүүнд уураг 13,0г байдаг бол 100г шар сүүний уургийн баяжмалд 33,3-76,0 г уураг агуулагддаг.

Уургийн бал нь шар сүүний уургийн баяжмал учир архаг өвчтэй хүмүүс махыг багасгаад уургийн бусад эх үүсвэр, түүний дотор уургийн бал хэрэглэвэл өөрийнхөө их засварт хэрэгцээтэй материал, түүхий эдээ бага ачааллаар авч чадна.Түүнчлэн жирэмсэн эх болон биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн уургийн хэрэгцээ харьцангуй өндөр байдаг тул тэдэнд уургийн бал чухал ач холбогдолтой.

Төгс уураг, энгийн нүүрс ус/саахар/-ны хэрэгцээ нэмэгдсэн байдаг элэг, цөсний архаг үрэвсэл, түүнчлэн бөөрний дутагдлын үед уургийн бал чухал хүнс. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өсөлтийг хэвийн байлгах зорилгоор хүүхэд, залуучууд хэрэглэвэл сайн.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.