МАН: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг буцаасан

2020-10-26 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2020.10.26/-ийн хурлаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцжээ. Эхний хаалттай хуралдаанаар орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор зарим аймгийн иргэдийн төлөөлөгчдийг эгүүлэн татах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Энэ асуудлаар бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэжээ. Иймд хууль шүүхийн байгууллага сонгуулийн дүн гарсан асуудалд хэт хутгалдаж байгааг бүлэг дээр авч үзсэн байна.

Хоёрт, Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцжээ. УИХ-д Шүүхийн тухай хоёр хууль өргөн мэдүүлээд буй. Засгийн газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Шүүхийн тухай хуулийн төслийг өргөн барьсныг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. УИХ дээр уг хуулийн төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ажлын хэсэг гарч ажиллаж байна. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай гурван хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч уг төслийг байнгын хороон дээр хэлэлцээд буцаах шийдвэр гаргасан. Эдгээр хуулийг төслийг яах вэ гэдгийг өнөөдрийн бүлгийн хурлаар ярьсан гэлээ.

Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тодрууллаа.

Тэрбээр “Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр ажлын хэсэг илүү өргөн хүрээнд ажиллах шаардлагатай байна гэж үзсэн. Энэ хууль Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд явах учраас шүүх болон шүүхийн зохион байгуулалтын асуудлыг хуулиар нэг мөр болгох шаардлагатай байгаа. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийг ирэх арваннэгдүгээр сардаа багтаан батлах нь зүйтэй гэж үзлээ. Мөн өнгөрөгч оны эхээр баталсан хуулийн хүрээнд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг болсон. Энэ зөвлөмжүүдийг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын 13 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан байна. Уг хуулийг Шүүхийн тухай хуультай хамт хэлэлцээд явах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд санал нэгдсэн” гэсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг буцаахдаа ямар тодорхой саналд үндэслэж буцаах болсон талаар сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр “Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн тухай хуулийг буцаах шийдвэрийг Хуульзүйн байнгын хороо дөрөвдүгээр сард гаргасан. Энэхүү шийдвэрийг гаргасан гол үндэслэл нь бичилтийн 80 хувь нь буюу гол санаа нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй ижилхэн байна.

Ерөнхийдөө зарчмын 3-4 асуудал бий. Засгийн газраас өөр концепцийн шинэтгэл хийх гээд, түүнийг нь УИХ хүлээж авахгүй гэсэн юм байхгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл дэх өөрчлөлтийг хийхдээ томилогдсон этгээд болон улстөрчдөөс хараат бус байлгахын тулд өөрчилсөн юм. Гэтэл өргөн барьж буй хуулийн төсөлд хуульчдаас шүүгчдийг олж сонгох чиг үүрэгтэй ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд дахиад өөрийн томилгооны нөлөөллийг хадгалах байр сууриуд байгаа учраас бид Үндсэн хуулиа баталсан үзэл санаандаа нийцүүлж цаашдаа хуулийн агуулгыг хийх нь зүйтэй гэдэг үзэл санаагаар энэхүү хуулийн төслийг буцаах санал гаргалаа” гэв.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.