Х.Бадамсүрэнгийн сарын цалин ажилчных нь 3 жилийн зээлтэй тэнцдэг гэв үү

2019-10-2 Нийгэм

“Эрдэнэт” үйлдвэрийн оныг тоолох уу, эсвэл захирал Х.Бадамсүрэнгийн насыг тоолох уу гэх хэлц үг Эрдэнэтчүүдийн дунд дэлгэрчээ. Үнэндээ УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн тус үйлдвэрийн захирлаар томилогдсноос хойш түүний тансаглал олны анхаарлын төвд байсаар өнөөг хүрсэн. Гэтэл сүүлийн үед ажилчдаа дарамталдаг асуудал нэмэгдэв.

Эрхэм захирлын чихэнд халтай үг хэлбэл сахилгын шийтгэл хүртэж, ажлын байргүй болох шахсан талаараа тус үйлдвэрийн ажилчин Х.Алтантуяа Ерөнхий сайдад “ховлов”. Гүйцэтгэх засаглалын тэргүүн У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчидтай уулзсан юм. Энэ үеэр Х.Алтантуяа үйлдвэрийн удирдлагаас болж, шүүхийн хаалга хэдэнтээ татсан тухайгаа ярьсан юм. Түүний хувьд үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд хандан үг хэлснийхээ төлөө сахилгын шийтгэл хүлээжээ. Эл асуудлаар гомдол гаргаж, шүүхэд хандсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Х.Алтантуяагийн талд гарсан ч “Эрдэнэт”-ийн удирдлагууд хүлээж авсангүй. Зургаан сар хүлээсний эцэст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусламжтайгаар Х.Алтантуяа ажилдаа эргэн орсон аж. Тэрбээр “Шүүхийн шийдвэрийг хүчээр биелүүлж ажилдаа эргэн орсон. Гэхдээ би зөвхөн хуулийн зөвлөгөө авахад 3 сая төгрөг зарцуулсан. Энэ бол Х.Бадамсүрэн захирлын хувьд нэг сарын цалин. Харин миний хувьд 3 сарын цалингийн зээл” хэмээв.

Магадгүй тэрбээр энэ бүхнийг Ерөнхий сайдын өмнө дэлгэн хэлснийхээ төлөө ч сахилгын шийтгэл хүлээж мэдэх тул У.Хүрэлсүхээс хамгаалалт хүссэн. Мөн удирдлагуудынхаа буруугаас болж 3 сая төгрөгийн өрөнд орсон тул шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан. Гурван ч хүүхдийн ээж тэрбээр арга тасарсан байдалтай байгаагаа хоолой зангируулан ярьсан нь энэ.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн жилийн орлого 2017 онд 132348.11 мянган төгрөг байсан бол 2018 онд нэмэгдэж 150554.44 мянга болжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж эхлэхдээ мань хүн 64000.00 мянган төгрөгийн жилийн орлоготой байснаа Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн байдаг. Гэтэл Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал болмогцоо жилийн орлого нь хэдэн орноор нэмэгдсэн нь дээрх тоон дүнгээс харагдана.

Мөн амины 2 орон сууцтай, нийтийн 3 орон сууцтай, үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх хөрөнгөтэй. Мөн оффиссын барилгатай, фермтэй, авто гражтай гээд нэрлээд байвал чамгүй урт жагсаалт гарна. 259 сая төгрөгөөр үнэлэгдэх таван хошуу малтай. 3 эзэмших, 2 өмчлөлийн газартай. 340000.00 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 76288.02 мянган төгрөгтэй. 90 сая төгрөгийн авлагатай. Гэхдээ 200 сая төгрөгийн зээлтэй.

Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдсоноос хойш өөдөлж, дэвшсэн зүйл тун ховор. Албан тушаалаа авмагцаа хэрхэн тансаглаж байгаа нь олон нийтийн сүлжээнд тархсан. Мөн хэрхэн хууль зөрчиж байгааг Сангийн яамныхан илрүүлсэн юм. Улмаар Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 2016-2019 оны бичиг баримтуудад хийгдсэн шалгалтын дүнг хэлэлцэж, 39 зөрчил илэрсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нийтэд мэдээллэв.

Ч.Хүрэлбаатар “Заримыг нь танилцуулбал, 2017 онд компанийн бүтцийг өөрчлөх шийдвэр гарсан нь Компанийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа” хэмээв. Энэ үед Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдож ирсэн үе. Ерөнхий захирал нь нийгмийн асуудлаа, тэргүүн дэд захирал нь хүний нөөцөө хариуцдаг. Харин хууль эрхзүйн газрын дарга нь  үндсэндээ үйлдвэрлэлийн бүх  үйл явцыг хариуцдаг бүтэц бий болгожээ. Энэ нь үйлдвэрийн 51 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэхэд хүргэсэн талаар Сангийн сайд мэдээлэлдээ онцлов.

Мөн ашиг сонирхлын хэд хэдэн зөрчил бий. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар хоёрхон аж ахуйн нэгж “Эрдэнэт” үйлдвэрээс 17.8 тэрбум төгрөгийн авлагатай байв. Хоёрхон үйлдвэртэй өндөр дүнтэй гэрээ хийсэн гэсэн үг. Түүнчлэн ногдол ашгийг шилжүүлэхдээ татварыг нь төлөөгүй нь тогтоогдсон.  Нэг гэрээний зөрчил гарсан нь “Эрдэнэт” үйлдвэр өөрийн хөрөнгөөр томоохон оношилгооны төв бариулчихаад хувийн компанид шилжүүлж өгсөн асуудал.

Бас нэг томоохон зөрчил илэрсэн нь экспортлох гэж буй зэсийн баяжмалыг Гаалийн төв лабораториор шинжлүүлдэггүй. Хувийн лабораторитой гэрээ хийж шинжлүүлээд, түүнийгээ үндэслэн татвар төлсөн. Худалдан авалтын 2,236 гэрээ байгуулснаас 1,432 гэрээг нь шууд хийсэн бөгөөд үйлдвэрийн захирал хуулиас давсан тушаал гаргаж гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон.

Шалгалтын явцад Ерөнхий захирлын тушаалаар худалдан авах онцгой журам гаргаж, сонгон шалгаруулалтгүй худалдан авалтууд хийгдснийг мөн тогтоожээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрээс өндөр дүнтэй худалдан авалтуудыг шууд хийсэн байгааг Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын дарга онцолж байсан юм.

Иймээс Х.Бадамсүрэнг албан тушаалаас нь буулгах асуудал Тусгаар тогтнолын ордонд хөндөгдөх нь бий. Энэ удаад эл асуудал илүү хүчтэй байгаа аж. Үүнийг ч Х.Бадамсүрэн таамаглаж буй. Ямартаа Ерөнхий сайдыг Орхон аймагт ажиллах үеэр “Эрдэнэт” үйлдвэрт 3 жил ажиллаж байгаа залуу Ерөнхий сайдаас Х.Бадамсүрэнг албан тушаалд нь үлдээж өгөхийг “гуйв”. Гуйлтыг нь зөвшөөрөхгүй бол тэмцэл өрнүүлнэ хэмээн сүрдүүлэх маягтай үг ч унагаад амжсан. Харамсалтай нь, түүний дараа үг хэлсэн уурхайчдын амнаас сайн гэхээсээ саар үг олонтоо гарсан юм.

 

 

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.