Монгол адууны дэл сүүлээр гоо сайхны бийр, сормуус үйлдвэрлэнэ

2019-05-2 Made in Mongolia

Монгол Улсад адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан экспортод гаргадаг “Мон торгон дэл” ХХК байгуулагдаж нээлтээ хийлээ. Энэхүү үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт тусгагдсан гол үйлдвэрүүдийн нэг юм.

Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа дээгүүрт ордог төдийгүй дэлхийн зах зээлийн 40 хувийг эзэлдэг.

“Мон торгон дэл” ХХК нь Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран үйлдвэрт ширхэгт бүтээгдэхүүний савлагааны MNS0215:2018, MNS0215:2007 техникийн зохицуулалтыг боловсруулан батлуулж, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн экспортод гарч эхэлж байгаа юм.

Тодруулбал адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг урт богино хэмжээгээр нь, хар цагаан бор өнгөөр нь, ангилан ялгаж, угааж ариутган багцалж савлан гаргаж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь ширхэгт бүтээгдэхүүн дотроо хамгийн өндөр чанартайд тооцогдог, урьд өмнө нь ашиглагддаггүй байсан нөөцийг ашиглан нэмүү өртөг шингээн, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хөнгөн үйлдвэрийн салбарт бас нэгэн дэвшил, нийгэмд үзүүлж буй үр ашгаараа ихээхэн ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм.

Тус үйлдвэр одоогоор 60 гаруй ажилчинтай, өдөрт дунджаар 200 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэн БНХАУ-д экспортолж байна. Одоогийн суурилагдсан хүчин чадал нь өдөрт 500 кг дэл сүүл боловсруулах юм. Цаашид эдгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Европын орнуудад экспортод гаргах, боловсруулалтын түвшингээ ахиулан гадаад, дотоодын зах зээлд 8-10 нэр төрлийн бүтээгдэхүүн /төрөл бүрийн гал усны хамгаалалтын хувцас, хөгжмийн чавхдаст, уран зургийн бийр, эмэгтэйчүүдийн гоо сайхны бийр, сормуус, парик/ үйлдвэрлэн гаргахыг зорьж байна.

Манай улс жилд дунджаар адууны дэл 300 тонн, адууны сүүл-100 тонн, сарлагийн сүүл-60 тонн, сарлагийн саваг 30 тонн, тэмээний эр ноос- 400 тонн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.