“ХОЛБООТНУУД” ХАГАРЧ ЭХЛЭВ…

2019-02-27 Бор шувуу

Бор шувуу

БНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.ЖАРГАЛСАЙХАН өөрийн цахим хуудсанд ийнхүү бичжээ.

Мэргидэд хайртай Бөртэ хатнаа булаалгасан Тэмүүжин Ван хан Тоорилд булган дахаа барин тусламж гуйсан түүх бий. Түүнтэй адил дотоодын хүчтэй дайсан “том” Энхболдыгоо хүчлэн дарахыг У.Хүрэлсүх түүнийг гуйсан л байж таараа. “Херо” Баатарт “Морь, морь” гэж хэлсэн гэдэг нь Найманы Таян хантай Чингис хаан тулалдах үед Жамуха хэл хүргэсэнтэй адил.

Мөнхийн эрх ашиг байдгаас мөнхийн нөхөрлөл байдаггүйтэй адил Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тус тусын замыг хөөх болжээ. “Ууланд шахаж бууя” гэдэг шиг У.Хүрэлсүхэд МАН гэж орон гэр бий. Бүлтийтэл харсан үр хүүхэд гэдэг шиг…
Мань эрд 2020-ны сонгуульд ялах, цаашлаад Ерөнхийлөгчид дэвших бодол байна. Тэнгэрт хоёр нар байж болохгүй гэдэг шиг Ерөнхийлөгчийн орон тоо ганцхан байдаг нь холбоотнуудын гачлан.
Мөн Авлигатай тэмцэх газраа Х.Баттулгад өгч зэр зэвсэгтэй болгохыг МАН ч өөрөө ч (Нөгөө олон ЖДҮ-чид, Концессчид ч) хүсэхгүй. Булган дахаа өгч болох ч буу зэвсэг өгч болохгүй бэлтгэл хурандаа мэдэх байлгүй.
Х.Баттулгын гэрийн даалгавар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ШХАБ-т элсэх явдал. У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжин Г.Занданшатарыг УИХ-ын даргаар тавьсан. Үндсэн хуулийн өөрчлөлт Х.Баттулгын бус У.Хүрэлсүхийн хүсэлтээр Ерөнхий сайдын эрх хэмжээг нэмнэ. Яг нь Шинзо Абэ шиг.
Ерөнхийдөө Х.Баттулгыг дагуулаад тонгорчихов гэлтэй. 2020 оноос өмнө холбоотнууд салан тусгаарлах нь тодорхой байв. Гэхдээ яаж.
ЗГХГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49, Цагаан суваргаас өмнө 1990 оноос эхлэлтэй өмч хувьчлалыг барьж авав. Хамгийн их маргаан дагуулдаг өмч хувьчлал бол Их дэлгүүр, “Баянгол”, “Мах импекс”, АПУ, “Алтан тариа”, “Талх чихэр” ордог. Өмч хувьчлалыг шалгана гэх сургаар “Жижиг” Энхболд нэн түрүүнд “Өмч хувьчлалаас юу ч олж долоохгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийв. Ерөнхийлөгчийн өмнөөс ярих эрхтэй ганц хүн шүү дээ. Эндээс холбоотнууд холдож эхэллээ гэсэн сэжиг таамаг төрөх нь тодорхой.
Х.Баттулгын хувьд 2021 оноос өмнө ШХАБ-д орох ёстой, АН-аа ч авах учиртай. Тийм учраас Хэнтийн нөхөн сонгуулийн дараа АН-ын удирдлагаар өөрийн хүнээ тавих болов уу. Холбоотноо дэмжээд хоёр ч гишүүнээрээ туг тахьчихсан түүнд буцаад очих, царайчлах “гэр орон”, тэврээд авах андууд хэрэгтэй болно. Гялалзахгүй бол Ц.Элбэгдорж орж ирээд хойморт суучих магадлал байгааг мэдэхийн дээдээр мэдэрч байгаа билээ. У.Хүрэлсүхийг дэмжсэн шалтгаан бол АТГ-ыг авах, Үндсэн хуулийн өөрчлөлт байв. Гэвч хэтэрхий олдсон 65 суудал, нэр хүндээ өсгөсөн У.Хүрэлсүх түүнээс дахин “юм” гуйх шаардлагагүй хэмээн үзэв бололтой. 2020 оны өмнөх улс төрийн дүр зураг, прогноз иймэрхүү л байна залуусаа. Та нар юу гэж бодож байна?

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.