П.Мөнхчулуун: Монголын хөгжлийн гарц Франчайзинг байх боломжтой

2019-02-28 Эдийн засаг

Олон улсын Франчайзингийн холбооны гүйцэтгэх захирал П.Мөнхчулуунтай ярилцлаа. Тэрбээр Монголд Франчайзингийг хөгжүүлэх, монгол компаниудын үнэ цэнийг өсгөх талаар сонирхолтой олон санал гаргаж байгаа юм.

– Франчайзингийн ЭКСПО, форум Улаанбаатар хотод зохион байгуулах талаар сонслоо. Хэзээ болох гэж байна, хэчнээн орны бизнес эрхлэгчид оролцох вэ, ач холбогдлыг нь хэрхэн харж байна вэ?

– Улаанбаатар франчайзингийн ЭКСПО, форумыг дэс дараатай зохион байгуулах төлөвлөгөө­тэй байна. Ингэснээр бид олон улсын зах зээлд Монголоо таниулах, франчайзингийн талаар нэгдсэн ойлголттой болох зэрэг олон давуу талтай. Дэлхийн хотуудад франчайзингийн ЭКСПО байнга зохион байгуулагдаж байна. Удахгүй Чикаго хотод болно. Энэ төрлийн бизнес сонирхдог болон франчайзингийн дэлхийн холбоод нэг дор цуглан бие биеэсээ суралцах, бизнес холбоо үүсгэх, франчайзингийн хөгжлийн талаар ярилцаж, бие биеийнхээ бизнесийг улс орны зах зээлд нэвтрүүлэх гээд ихээхэн чухал арга хэмжээ болдог.

Франчайзинг гэхээр бид гадаадын брэндийг эх орондоо оруулах биш, өөрсдөө гадаадад хэрхэн брэнд бүтээгдэхүүнээ гаргах вэ гэдэгт их олон зүйлийг сурах туршлага хуримтлуулах асуудал юм. Үүнийг дагаад зочид төлөөлөгчид хотын буудал, ресторанаар үйлчлүүлж орлого хийх, гадаадын хэвлэл мэдээллээр франчайзинг гэдгийг чинь монголчууд мэддэг юм байна гэх мэтээр биднийг илүү сонирхоно.

Бидний төлөвлөж байгаагаар франчайзингийн ЭКСПО-гоо энэ оны 6 дугаар сард, 9 дүгээр сард нь форумаа зохион байгуулах санаа байна. Нийгэмд чимээгүй хэлбэрээр бизнесийн дарлал мөлжлөг явсаар байна, үүнд бизнес эрхлэгчид хохирч болохгүй, франчайзингийн талаар нэгдсэн системтэй болж, арга замуудаа тодорхойлох хэрэгтэй. Гадаад худалдаа нэг талдаа биш хоёр талдаа ашигтай байвал амжилттай явдаг. Одоогийн байдлаар манайх алдагдалтай талдаа л байгаа. Бүгд л халааснаасаа гаргасан мөнгөөрөө гадаадын брэндийн эрх худалдан авч, гадагшаа мөнгө урсгаж байна. Ямар нэг хэлбэрээр системээ зөв тодорхойлж ажиллаж эхлэхгүй бол болохгүй. БНСУ гэхэд л “Cafe Bene”-г хэрхэн дэмжиж хөгжүүлж байгааг харж болно. 2012 онд анх нээгдсэн кофе шоп өнөөдөр олон салбартай болчихсон, Солонгос Улсад их мөнгө оруулж байх жишээтэй.

– Танай холбоо ямар үйл ажиллагаа явуулж байна, хэзээ байгуулагдсан вэ?

– International Franchise founders association гэдгийг Олон улсын франчайзинг брэнд бүтээгчдийн холбоо гэж орчуулж байгаа. Нэг үгээр бол брэнд бүтээгч эздийн холбоо л гэсэн үг. Манай холбоо байгуулагдаад 3 сар болж байна. Миний хувьд “Мандухауз” гээд франчайзингийн брэнд бүтээх гэж оролдож байв. Үүнийгээ олон улс руу гаргах гэхээр бэрхшээл их тулгарч байсан. Дан ганц компани, нэг хувь хүн нэг брэндээ олон улсын зах зээлд байршуулах хэцүү. Тиймээс Монгол Улсад франчайзингаар дэлхийн зах зээлд өрсөлдөх, Монгол компаниа гаргах, сурталчлахад нь туслах нэгдсэн холбоо байх ёстой. Энэ ч утгаар бид холбоогоо нээсэн. Дэлхийн холбоод аль нэг улсын нэг компанитай харьцдаггүй, тухайн улсын холбоодоор дамжуулан харилцан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр бид өөрсдийн брэндээ олон улсын зах зээлд гаргахын тулд дэлхий жишгийг дагах ёстой болж байгаа юм.

– Франчайзингийн үүсэл гарлыг анх 1840-өөд онд Герман улсад үйлдвэрлэгчид шар айраг борлуулах эрхийг архины мухлагуудад олгож байснаар эхэлсэн гэдэг. Франчайзингийн талаар болон Монголд франчайзингийн хөгжил ямархуу түвшинд байна вэ?

– Франчайзингийн гарал үүсэл гээд яривал их зүйл бий. Хэдий Германаас үүсэлтэй гэдэг ч дундад зууны хаад, ноёдын үед ч байсан гэдэг.

Франчайзинг гэдэг үндсэн ойлголт нь өөрийн туршлага, ноу хау, оюуны өмчийн эрхийг бусдад шилжүүлэхийг хэлдэг. Тухайлбал, “Sony” брэнд олонд танигдсан өөрийн оюуны өмчөө Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, компанид өгч, борлуулсан бараанаас нь 10 хувийг авч байхаар тохирсон гэрээ хэлэлцээр юм. Хамгийн энгийн ойлголт гэвэл энэ.

Гэхдээ франчайзингийн харилцаанд ороод ирэхээр маш нарийн ойлголтууд гарч ирдэг. Ер нь аль нэг улсын эдийн засаг, улс төрийн дэглэм, зах зээлийн онцлог, хил хязгаарт баригдахгүйгээр бизнес хийх боломж юм. Миний хувьд франчайзингийг Монголын хөгжлийн гарц байх боломжтой гэж хардаг. Бид эдийн засгийн өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж ярьдаг. Үйлдвэрлэл хөгжих нь дотоодын зах зээлээ гадаадын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс хамгаалж байгаа хэлбэр юм л даа. Гэхдээ гаднаас мөнгө орж байх ёстой. Бид гадаадын зах зээл рүү дайрч мөнгө олж байж л хөгжинө. Монголын зах зээл рүү доллар, валютын урсгал орж байх хэрэгтэй. Энэ нь франчайзингийн загвар байх боломжтой юм гэж хараад байгаа юм. Массын үйлдвэрлэл эрхлээд бид амжилт олоход хэцүү.

Жишээлбэл, бид гангийн үйлдвэр бариад яах вэ, ОХУ, Америк, Англитай өрсөлдөх үү, хэцүү л дээ. Хятад гэхэд л гангийн үйлдвэрлэлээр зах зээл, эрэлтээсээ давуулан хөгжүүлчихсэн, асар их хэмжээний гангийн үйлдвэрлэлтэй. Тухайлбал хятадад үзэг, бал хийлээ гэхэд хэдэн арваар нь үйлдвэрлэж, дор нь борлуулж чаддаг. Зах зээл нь том, энэ хэмжээгээр ашиг орлого ч өндөр. Манай хувьд сайндаа л 30 мянгыг хийнэ. Худалдан авагч нь Улаанбаатарынхан, мэдээж хятадууд авахгүй. Тэгэхээр массын үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх боломж муу. Харин үүний эсрэг оюуны үйлдвэрлэл буюу үйлчилгээний брэндүүдийг гаргах юм бол амжилттай байх боломжтой. Жишээлбэл, KFC, McDonalds-ийн жилийн цэвэр ашиг нь тэрбум ам.доллар гардаг. Бид эдгээр брэндийн эрхийг авч гадагшаа мөнгөө гаргахаас илүүтэй, өөрийн брэндээ дэлхийд таниулж Монголдоо мөнгө оруулж байх нь чухал юм. Нэг брэндийн цаана хэдэн зуун үйлдвэр амжилттай хөгждөг. Тиймээс бид үйлдвэр барьж хөгжихийн оронд брэндинг хийх хэрэгтэй. Брэндийг л хийж чадах юм бол дагаад үйлдвэрлэл хөгжих нь жам. Үйлдвэрлэл байхгүй байлаа гэхэд буруудах зүйлгүй. Нэг жишээ авъя л даа. Испанийн “Zara” брэнд байна. Ямар ч үйлдвэрлэл, оёдлын үйлдвэр байдаггүй, 50-60 алдартай загвар зохион бүтээгч нар нийлээд тухайн оныхоо өвөл, хавар, намрын загварын чиг хандлагыг тодорхойлоод, коллекц гаргадаг. Тэдний гаргасан загварын дагуу Вьетнам, Камбож, Энэтхэг, Хятад улсын үйлдвэрүүдэд захиалгаар яг хүссэн материал, утсаар нэг даашинзыг 8 ам.доллараар эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг. Үүний дараа тэд “Zara”-гийн хувцсыг борлуулдаг улс орнуудын дэлгүүрт 69 ам.доллараар өгдөг. 69 ам.долларынхоо тодорхой хувиа тэд авчихна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр “Zara”-гийн дэлгүүр хэний өмч вэ гэдэг асуулт гарч байгаа биз. Тухайн орон нутгийн эзний өмч. Дэлгүүрт ажиллаж байгаа хүний нөөц нь ч тухайн улсын орны иргэд байдаг. Эргэлдүүлж буй мөнгө нь ч тухайн улсын иргэнийх. “Zara” зөвхөн шинэ загвар гаргаад, менежментийг бий болгосоноо л нийлүүлдэг. Энэ бол ноу хау. “Zara” гэдэг логог эзэмших эрхийг франчайзингийн эрхийг худалдан авч, өөрийнхөө хөрөнгөөр дэлгүүрээ босгон, хүний нөөцөө цалинжуулаад, эрсдэлээ хүлээгээд ашгийнхаа 15 хувийг нөгөө загвар зохион бүтээж, оёулсан хүндээ өгчихнө. Ийм нэг систем байгаа юм л даа. Тэд хэдийгээр үйлдвэрлэгч биш байсан ч үйлдвэрлэгч орон, үйлдвэрийн эзнийг хамгийн бага ашигтай нөхцөлөөр ажиллуулаад өөрөө ашгийг нь авч чадаж байгаа юм. Энэ систем орчин үед амжилттай хөгжиж байгаа нь өрсөлдөөнөөс бий болсон.

Хятад, Бразил, Энэтхэг гээд хямд ажиллах хүчинтэй учраас үйлдвэрийн салбар нь илүү өндөр хөгжиж эхэлсэн. Америк, Европын орнууд эдгээр үйлдвэрлэл хөгжсөн улсуудад ялагдаад ирэнгүүтээ хаана хямд ажиллах хүчин байна үндэстэн дамнасан корпорациуд тэнд үйлдвэрээ барьдаг. Үйлдвэрлэлийн салбараас биш, үйлчилгээний салбараас ашиг олох ёстой гэдгээ харсан байгаа юм. Жишээлбэл, “Apple”-ийн үйлдвэрүүд хаа сайгүй дэлхий даяар тархсан. Харин брэнд эзэмшигч нь Америкт. Үйлдвэрлэл нь Тайланд, Вьетнамд, дэлхий даяарх сүлжээ дэлгүүр нь борлуулдаг. Өөрсдийн мөнгөөр дэлгүүрүүдийг нээгээгүй, “Apple”-ийн дэлгүүрийг нээх хүсэлтэй мөнгөтэй хүмүүст эрхээ өгөөд бүтээгдэхүүнээ заруулдаг. Тэгэхээр үйлчилгээнээс, ноу хау, менежментээс л мөнгө олж байгаа. Энэ системийн дагуу олон улсын оюуны өмчийг хамгаалах газар бий болж, эдгээрийг Америкийн Засгийн газар маш их дэмжсэн байдаг. Уг системийг Еврейчүүд гаргасан гэдэг. Энэ систем нь өөрөө худалдан авагч, худалдагч хоёр талд хоёуланд нь ашигтай. Яагаад гэхээр “Sony”, “Apple”-ийн эрхийг авч буй аль нэг улсын иргэн, аж ахуйн нэгж, компани нь хийж буй бүтээгдэхүүнээ сурталчлах олон нийтэд таниулах гэж зовохгүйгээр эрх, стандарт зэрэг бэлэн зүйлд төлбөр төлж авна. Борлуулалт ч сайн. Нөгөө талаас үйлдвэрлэгч тухайн улсад салбараа нээхийн тулд судалгаа хийнэ, нийгмийн амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарвал хүний нутагт шатах хохирох гээд асуудал бий. Тиймээс тухайн улсынх нь компани, хувь хүнд эрхээ шилжүүлээд ашгаас нь хувь авчихна. Энэ нь амар. Манай улсын хувьд гадагшаа өөрийн брэнд бүтээгдэхүүнийг франчайзингаар гаргах нь чухал.

– Монголчууд нэг брэндийг дэлхийд гаргах хэрэгтэй гэж Та хэллээ. Франчайзингийн системээр гарахад бид хамгийн түрүүнд юу хэрэгтэй байна?

– Бид 1-3 брэнд гаргах боломжтой. Үүнийг л хийчих юм бол бид ямар ч нөхцөлд амьдарна. Хятадууд хилээ хаасан ч, оросууд бензинээ нийлүүлэхгүй байсан ч бидэнд гуравдагч зах зээлээс мөнгө байнга орж ирээд байх юм. Солонгосын жишээ авъя л даа. Солонгосын “Котра” жилдээ 20 тэрбум ам.долларыг зөвхөн өөрийн үндэсний брэндийг олон улсын зах зээлд таниулах, худалдан авагч болоход нь зориулж зарцуулдаг. Одоо ”Korean Food”-ыг дэлхийн улс орнуудад гаргаж эхэлж байна.

Солонгост “Франчайзингийн ЭКСПО”-г тогтмол зохион байгуулдаг. ЭКСПО-д оролцож буй гадаадын иргэд, ААН-үүдийн байрлах зочид буудал, унааны зардлыг нь төрөөс даах жишээтэй. Брэндээ л дэлхийд таниулж, гаргахын тулд Засгийн газраас нь авч хэрэгжүүлж байгаа юм. Солонгосууд нэг брэндээ дэлхийд гаргах юм бол хэдэн тэрбум ам.доллар дагаад орж ирэх юм байна гэдгийг аль хэдийн харчихсан, үр шимийг нь хүртэж байна.

– Монголчууд Улаан-үд, Бээжин, Герман, Америк зэрэг нэлээд хэдэн оронд ресторан ажиллуулж байгаа. Энэ нь монгол хоолыг дэлхийд таниулах франчайзингийн нэг хэлбэр мөн үү?

– Яах вэ оролдож байгаа хэлбэр мөн. Гэхдээ өөрийнхөө хөрөнгөөр байр түрээслээд, хүний нөөцөө шийдээд үйл ажиллагаа явуулах нь эрсдэл ихтэй. Ер нь барууныхан ч дээр үед иймэрхүү маягаар алдаж байсан байдаг. Тухайн улсын нийгэм, улс төрийн амьдрал, татвар гээд гадаадын иргэнд хүнд тусдаг. Төрийн эргэлт болж тухайн улсаас гарахаас аргагүй байдал үүсээд үүсгэсэн бүтээсэн бүх хөрөнгөө орхиод гарч байсан ч түүх байдаг. Харин тухайн улсын иргэнд үйлдвэрлэгч брэндийнхээ эрхээ худалдсан нөхцөлд аль аль талдаа ашигтай. Нэг тал дэлхийн брэндийг зовохгүйгээр зарж, нөгөө тал нь тэндээс ашгаа аваад байх юм л даа.

– Бидэнд боломж байгаа хэр нь яагаад эхлэхгүй байгаа юм бэ?

– Өмнө нь энэ талын ойлголт бага байсан. 2000 он гарч тодорхой хүрээнийхэн энэ системээр явж байна. Гэхдээ одоогийнх шиг удаанаар биш, илүү хурдацтай давамгай байдлаа ашиглах ёстой. Дэлхий ертөнц биднийг хүлээхгүй. Дутагдалтай талууд байна, хууль ч байхгүй байх жишээтэй. Нэгэнт л дэлхийтэй хөл нийлүүлье гэвэл хийх л ёстой. Яах вэ өнөөдрийн байдлаар манайхаас “Говь” компани 37 оронд салбараа нээсэн, “Modern nomads” ч энэ системээр явж л байна. Бид Европ, Америкийн зах зээлд хэдэн тэрбум ам.доллараар реклам сурталчилгаа хийж, Монголоо таниулж чадахгүйгээс хойш боломжтой арга замыг хайх хэрэгтэй. Жишээ нь би хоолны бизнес хийдэг, гадаадад салбараа нээлээ гэж бодьё. Монгол хоол гэхээр нийтэд тийм ч танил биш, Монголын талаар тэр бүр мэдэхгүй. Тэдний үзэж харж байгаа суваг, сонин сэтгүүлд Монголын хөдөө, эсвэл болж бүтэхгүй юм л гарна. Монгол үндэсний хоол гээд хорхог, боодог хийвэл хэн ч идэхгүй. Дэлхийн 10 муухай хоолны тоонд орчихсон байх жишээтэй.

Гэтэл Япон хоол гэхээр юу төсөөлөгдөх нь ойлгомжтой биз дээ. Дэлхийн хамгийн эрүүл хоол, загас гээд бүгд мэднэ. Тэгвэл яагаад монгол хүн япон сушины газар Америк, Австрали, Германд нээж болохгүй гэж. Тэртээ тэргүй бүх технологийг хийчихсэн байгаа. Бид амжилттай гадагшаа гарахад юу дутдаг вэ гэхээр менежмент байхгүй байгаа юм. Сайн тогооч, цүнх үйлдвэрлэгч байлаа гээд сайн брэндинг хийдэг маркетингийн менежер биш гэсэн үг л дээ. Франчайзингийн брэнд боловсруулахад өөрийн гэсэн стандарт гарч ирнэ. Олон улсын стандарт биш юм аа гэхэд миний брэндэд баримтлах стандарт энэ гээд хүнд үзүүлэх юмтай байх ёстой. Үүнийг нь манай холбоо брэнд бүтээгчтэйгээ хамтран боловсруулах юм. Үүний цаана баг байх ёстой. Гэхдээ баг хөлслөөд ажиллуулах боломж жижиг, дунд эрхлэгчдэд байхгүй байгаа нь өнөөдрийн гол шалтгаан юм. Олон улсын хууль эрх зүйгээр дагнасан хуульч хөлсөллөө гэхэд доллар биш юм гэхэд хэдэн сая төгрөг нэхнэ. Зөвхөн нэг хуульчид төлөх тийм их хэмжээний төлбөр брэнд бүтээгчээс гарах болов уу даа. Маркетингийн менежер, хуульч, хоолны зөвлөгч, эдийн засагч гээд энэ бүхэн цогцоор явах ёстой. Цогц үйлчилгээг жижиг үйлдвэрүүд хангаж чаддаггүй. Тэгэхээр холбоо байгуулсны гол шалтгаан нь бид тэдний чадахгүй байгаа зүйлийг бүрдүүлээд явъя гэж байгаа юм.

– Манай улсын хувьд франчайзинг хийхэд ямар салбар илүү боломжтой гэж Та үзэж байна?

– Монгол хүний онцлог, давуу талыг ашигласан нь дээр юм болов уу гэж би харж байна. Монгол, Америк хүнд сэтгэлгээний хувьд адил төстэй зүйл бий. Монгол хүний өөртөө итгэх итгэл өндөр байдаг, ямар нэгэн материаллаг зүйл, дөрвөлжин хананд хашигддаггүй чөлөөтэй сэтгэдэг. Дэлхийг эзэлж явсан Чингисийн үр сад гэдгээрээ омогшдог, тиймээс би хэнээс ч дордох ёсгүй гэж үздэг. Америк хүний хандлага бас иймэрхүү, хамтрагчийнхаа ширээн дээр хөлөө гаргаж тавиад суухаас ч сийхгүй. Би Америк хүн учраас дэлхий аль ч улс оронд бизнес хийж чадна, аль ч улсад очсон намайг Америк улс хамгаалж байгаа гэсэн өөртөө итгэх итгэл дүүрэн байдаг. Хаа ч очсон өөрийнхөө хэлээр ярина.

Жишээлбэл, Чикагогийн франчайзингийн ЭКСПО дээр 5000-50000 ам.долларын гарааны франчайзинг брэндүүд байдаг. Ганц салбартай ч гэсэн байж л байдаг, тэгсэн хэр нь ЭКСПО-д оролцоод зарж чаддаг. Монголд 50000 ам. доллараар гарчих компани зөндөө байгаа. Монголд халаасандаа 1000 ам.доллар байхгүй ч би удахгүй 100 саяын эзэн болно, компанийн захирал болно гээд мөрөөдөж байгаа залуус зөндөө бий. Ямар нэгэн хэв маяг хайрцагт ордоггүй, чөлөөтэй өөрийнхөөрөө сэтгэдэг чадвар нь монголчуудыг үйлчилгээний салбарт амжилт олох магадлалтай гэж би боддог. Монгол хүн тариа ногоо тариад сууж чадахгүй, үйлдвэрт суугаад ажиллалаа гэхэд 6 сар болоод л хаяна. Харин чөлөөтэй сэтгэх урлаг ч юм уу, үйлчилгээний салбарт шинийг сэтгээд хэрэгжүүл гэвэл их сайн хийнэ дээ. Тэгэхээр сэтгэлгээний давуу талаа ашиглаад үйлдвэрлэл гэж ярихаасаа илүүтэй үйлчилгээний салбарт яагаад брэндинг хийж болохгүй гэж.

Төрийн дэмжлэгтэй олон улсад өөрсдийнхөө брэндийг гаргадаг систем Япон, Солонгосчуудад байдаг. Энэ систем манайд байхгүй болохоор монголчууд ганцаардаад шантардаг. Гадаадын зах зээлд монгол брэнд гэдэг нэг л нэр гарна. Тиймээс хамтраад зүтгэх ёстой юм.

Нэг жишээ авъя. Америкийн зах зээлд Япончууд өөрийн брэндээ гаргах дайралтыг 90-ээд оны эхээр хийж байдаг. Японы мотоциклийн 5 компани нэгдээд Америкийн мотоцикл үйлдвэрлэгчдийг дампууруулсан байдаг. “Харли Дэвидсон” л Америкийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр тогтож үлдсэн байдаг. АНУ-аас энэ компанид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор их хэмжээний хөрөнгө оруулалтыг ямар ч хүүгүйгээр өгсөн байдаг. Харин АНУ-ын Засгийн газраас Японоос орж ирж буй мотоцикльд квот тогтоосон. Ингэж зах зээлээ хамгаалсан байдаг. Дэлхийд бүс нутгууд өөр өөрийн гэсэн хамгаалалтуудыг тогтоодог.

– Франчайзинг ямар хуулиар зохицуулагддаг вэ? Монголд зах зээлээ хамгаалсан бодлого ямархуу түвшинд байна гэж Та харж байна?

– Иргэний хуульд л нэг заалт байдаг. Франчайзингийн тухай хууль гарна гээд яригдаад, хэлэлцүүлэг болсон гэж сонссон. Франчайзингийн гэрээ хэлэлцээрээр дагнасан хүн Монголд байхгүй, дилерүүд ч байхгүй. Энэ бүгдийг Монголд хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Монгол франчайзингийнхаа нэрээ хүртэл зөв сонгох хэрэгтэй. Таг монгол нэр өгөхөөр гадаадынхны толгойд үлдэж цээжлэгдэхгүй. “Мандухауз” гээд өглөө гэхэд ядаж л солонгос хүмүүс дуртай орно. Яагаад гэхээр солонгосууд манай брэнд байна гээд орох жишээтэй. Үүнийг л бид ашиглах хэрэгтэй. Сэтгэлгээний чадвар, боломж нөхцөл байдлаа зөв тодорхойлж, судалж гаргаж ирэхээс л франчайзинг эхлэх юм.

Д.Эрдэнэсувд

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.