Н.Баяртсайхан: Энэ онд гадаад худалдаа дунд хугацаандаа сайжрах төлөвтэй байна

2019-02-11 Эдийн засаг


Энэ оны эдийн засгийн төлөв байдлын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.

– 2018 оны эдийн засаг, банкны салбарт бий болсон үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

– 2018 он эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилттай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жил болж өнгөрлөө. Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хадгалж, инфляцын дарамтгүй эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд банкнуудын зээлийн хүү буурч, 2018 oны эцэст дунджаар 17 хувь болсон нь 2017 онтой харьцуулахад 2.4 нэгж хувиар бага үзүүлэлт юм. Зээлийн хүүгийн бууралтын нөлөөгөөр 2018 онд банкнуудын зээл олголт, ялангуяа бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад нэлээд нэмэгдлээ. Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж, эдийн засаг дахь нийт эрэлт өсөж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болсон. Эдийн засаг хүлээлтээс давж 6.4 хувиар өсөж, эдийн засгийн идэвхжилийг даган шууд хөрөнгө оруулалтын цэвэр орох урсгал 2017 онтой харьцуулахад 36 хувиар өсөөд байна. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС болон бусад донор байгууллагаас 2017, 2018 онд нийт 970 орчим сая ам.долларын санхүүжилт орж ирсэн, экспортын голлох түүхий эдүүдийн үнэ болон биет хэмжээ өссөнөөс нийт экспорт 6.5 тэрбум ам.доллар давсны зэрэгцээ улсын зээлжих зэрэглэл өссөн.

Банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль зэргийг шинэчлэн батлуулснаар Төв банк сайн засаглалын элементүүдийг нэвтрүүлэн, бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг болж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх шинэ чиг үүрэгтэй болсон нь яах аргагүй санхүүгийн салбарт болсон чухал үйл явдал байлаа.

Энэ нь мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, банкны салбарыг илүү эрүүл байлгаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн секторт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх боломж нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

-Улсын төсвийн орлого 2018 онд өсөж, төсвийн тэнцэл эерэг гарлаа. Энэхүү өөрчлөлт мөнгөний бодлогод хэрхэн нөлөөлсөн бэ?

– Төсвийн орлого бүрдүүлэлт нэмэгдэж, төлөвлөгөөнөөс давсан нь нийт төсвийн тэнцлийг ашигтай байхад нөлөөллөө. Тухайлбал, 2018 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлого 10 их наяд төгрөг давж, тэнцэл ашигтай гарсан нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх дотоод эх үүсвэрийн хэрэгцээг бууруулсан. Төсөв хэр тогтвортой, тэнцвэртэй байна төдий чинээ мөнгөний бодлого, түүний хэрэгжилтэд том орон зай бий болгож байна гэсэн үг. Иймдээ ч, төв банк бодлогын хүүгээ 2018 оны эхэнд бууруулж эдийн засгийн идэвхжилийг дэмжиж өгсөн. Үүний илрэл нь зээлийн хүү буурч, мөн бизнесийн зээл нэмэгдсэн явдал юм. 2018 онд төсөв, мөнгөний бодлого уялдаатай байсан нь эдийн засгийн өсөлтөд том түлхэц нөлөө боллоо.

– Монголбанк 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авсан байна. Цаашид үнэт металл худалдан авалтын хувьд ямар байр суурьтай ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

– Монголбанк 2018 онд нийт 22 тонн үнэт металл худалдан авсан нь 2017 оноос 9.5 хувиар нэмэгдэж, Монгол Улсын гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Зөвхөн алтны худалдан авалтаар Монголбанк ГВАН-ийг ойролцоогоор 710 гаруй сая ам.доллароор нэмэгдүүллээ. 2018 онд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай өрнүүлсэн. Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өглөө. Монголбанк 2019 онд алт худалдан авалтын хэмжээг өнгөрсөн оны түвшнээс бууруулахгүй байх чиглэлээр ажиллана. Гэхдээ алтны татварын хөнгөлөлтийн хугацааг сунгахгүй бол алт тушаалт ийм хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсэж болзошгүй. Өмнөх түүхээс харахад ийм эрсдэл үүсэж байсан. Монголбанкны зүгээс алтны татварын хөнгөлөлтийг сунгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

– Та Монголбанкны үнэт металл худалдан авалт Монгол Улсын (ГВАН)-ийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж хэллээ. ГВАН хэд байгаа, ханшийн талаар ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгөөч?

– ГВАН 2018 оны эцсээр 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 27.9 тэрбум ам.доллар байгаа нь бидэнд гадаад өр төлбөрийн эрсдэл өндөр хэвээр байгааг илтгэж байна. Иймд бид ГВАН-ийг цаашид тууштай нэмэгдүүлэхэд бодлогоо хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголбанк богино хугацаанд ханшийг тогтвортой байлгаж, огцом савлагаа гаргахгүй байх үүднээс валютын захад нийлүүлэлт хийдэг. Экспортын томоохон хувийг бүрдүүлдэг нүүрсний экспортод тодорхой хэмжээний саатал гарсан, мөн АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмсэн зэргээс ам.долларын эрэлтийг зөвхөн Монголд биш дэлхий даяар нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Эдгээрээс үүдэлтэй төгрөгийн ханшийг сулруулах нөлөө үзүүлсэн ч, Монголбанк валютын зах дээрх оролцоо болон мөнгөний бодлогын арга хэрэгслээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй богино хугацааны огцом савлагааг зах зээлд үүсэхээс сэргийлж ажилласнаар төгрөгийн ханш тогтворжиж эхэлсэн.

– Манай эдийн засаг гадаад орчноос ихээхэн хамааралтай учраас гадаад, ялангуяа хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдал энэ онд хэрхэн өөрчлөгдөх таамагтай байна вэ?

– Манай улсын хувьд гадаад худалдааны түнш болсон хөрш орнуудын эдийн засгийн төлөв байдал болон бодлогын шийдвэр дотоод эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Олон улсын байгууллагуудын үзэж буйгаа 2019 онд дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 2.8 орчим хувьтай, манай худалдааны түнш орнууд болох Хятадын эдийн засаг 6.2, ОХУ 1.8 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Энэ онд АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны зөрчил үргэлжилж, импортын бараа, үйлчилгээнд ногдуулах нэмэлт тарифууд хэрэгжих эрсдэл байгаа. Гэхдээ сүүлийн өдрүүдийн үйл явдлаас харахад БНХАУ-ын тал байр сууриа нэлээд зөөлрүүлж байна. Харин ОХУ-ын хувьд өнгөрсөн онд газрын тосны үнэ буурч, рублийн ханш суларч, татварын шинэчлэлт хийсний үр дүн эдийн засагт нь хэрхэн тусахаас хамаарна.

– Таны харж байгаагаар гадаад худалдааны төлөв 2019 онд ямар байх вэ?

– Гадаад худалдааны хувьд 2019 онд дунд хугацаандаа сайжрах төлөвтэй байгаа. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг. Үүн дотор зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр гээд голлох цөөн бүтээгдэхүүнийг дурдаж болно. Өнгөрөгч 2018 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөв болон АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчилдөөний тодорхой бус байдал зэргээс үүдэн зэс, алтны үнэ буурсан. ОПЕК-ийн орнууд болон ОХУ энэ оны нэгдүгээр сарын 1-ээс зургаан сарын турш үйлдвэрлэлээ танах зөвшилцөлд хүрсэн. Ираны нефтийн экспортын эсрэг тавьсан хориг арга хэмжээ, Венесуэлийн үйлдвэрлэлд үүссэн саатал зэрэг нь газрын тосны нийлүүлэлтэд тодорхой бус байдал үүсгэж байна.

– Монголбанк 2019 онд банкны салбарын юунд гол анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна вэ?

– Монгол Улс Ази тивийн улсаас хамгийн түрүүн активын чанарын үнэлгээ /AQR/-г 2018 онд хийлгэсэн. Активын чанарын үнэлгээний болон холбогдох бусад арга хэмжээний үр дүнг үндэслэн Монголбанкнаас төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөнд акти¬вын чанарын үнэлгээний үр дүнг банкнуудын тайланд тусгах, чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох, банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай буюу дахин хөрөнгөжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажлууд хийж байна. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсний дагуу банкнууд 2018 оны турш нийт 505.4 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, 3.4 их наяд төгрөгт хүргээд байна. Эрүүл банктай байх нь эрүүл санхүүгийн салбар бий болгож, улмаар эрүүл эдийн засгийн суурь бүрдүүлдэг тул Монголбанкнаас 2019 онд банкны салбарт хийж буй ажлуудыг үргэлжлүүлнэ. Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар эрчимтэй ажиллах болно. 2019 он Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно.

Дараагийн хийх гол ажлын нэг бол өмнө дурдсан ГВАН-ыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. ГВАН-ийн зохистой хэмжээ нь улс орны тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа болдог гэдгийг маш сайн ойлгох учиртай. Эдгээрээс гадна мэдээж одоо хэрэгжүүлж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай дуусгахад анхаарлаа хандуулна. Гурван жилийн хугацаатай хэрэгжиж буй тус хөтөлбөрийн үнэлгээг ОУВС улирал тутам хийж байгаа бөгөөд бид одоогийн байдлаар нийт зургаан удаагийн хөтөлбөрийн гүйцэтгэлийг ам¬жилттай даваад байна. Цаашид хөтөлбөрөө амжилттай дуусгах нь Монголын олон улс дахь нэр хүндэд сайнаар нөлөөлөхөөс гадна, ирээдүйн он жилүүддээ илтгэлтэй байх үндэс болно.

– 2019 оны төсөв, мөнгөний бодлогын гол өөрчлөлтүүд юу байх вэ?

– Төсөв 2019 онд нэлээн тэлж, төсвийн зардал нэмэгдэнэ. Ялангуяа, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Энэ нь төсвийн зардлаар дамжиж эдийн засаг тэлнэ гэсэн үг. Гадаад зах зээл 2019 онд өмнөх онуудаас илүү тодорхой бус байгаа нь түүхий эдийн үнэд нөлөөлөх, улмаар манай улсын экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй. Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдлын санхүүжилтийн эх үүсвэрийг харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал голчлон нөхөж байгаа хэдий ч тогтвортой биш байна. Улс төрийн орчин тогтворгүй байх нь гадаад хөрөнгө оруулалт татрах эрсдэл үүсгэдэг. Иймд улс төрийн тогтвортой орчин дахь төсөв, мөнгөний бодлогын хослол тун чухал юм.

– Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байгаа талаар нэлээд яригдаж байна. Монголбанкны зүгээс энэ чиглэлээр гүйцэтгэж байгаа ажлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

– ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага /АНДББ/-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хоёр дахь удаагийн Харилцан үнэлгээг хийж, улмаар Монгол Улсыг 2019 оны зургаадугаар сар хүртэл “эрчимтэй хяналтад” авав. ФАТФ-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэх асуудлыг 2019 оны 10 дугаар сарын 19-нд авч хэлэлцэх тов гарсан. Энэхүү жагсаалтад орохгүйн тулд Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 327 дугаар тогтоолоор “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улс юуны түрүүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг 2018 онд шинэчлэх ажил хийж эхэлсэн. Энэ нь Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлж, хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг эрсдэлд суурилан гүйцэтгэх, хуулийн нэр томьёоны тодорхойлолтуудыг олон улсын стандартад нийцүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг эрс чангатгахад чухал алхам. Хийж гүйцэтгэж байгаа ажилд ахиц гарч байгаа ч саарал жагсаалтад орох эрсдэл хэвээр байгаа тул 2019 онд холбогдох байгууллагуудтай хамтран онцгой анхааран ажиллана.

– Монголбанк макро зохистой бодлогыг хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар сүүлийн үед олон нийтээс нэлээд сонсогдох боллоо. Яагаад ийм бодлого хэрэгжүүлж байгаа талаар тайлбарлаж өгнө үү?

– Төв банкны гол зорилго бол үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах явдал. Өнгөрсөн оноос сэргэж буй эдийн засгийн өсөлтийг мөнгөний бодлогын зөв арга хэрэгслээр хангаж ажиллах шаардлагатай байгаа. Эдийн засагт аж ахуйн нэгжүүдээс гадна иргэдийн хэрэглээний зээл нэмэгдсээр байна. Энэхүү зээлийн өсөлт нь эдийн засаг уналтад орсон үед иргэдийг өрийн дарамтад оруулах эрсдэл дагуулдаг. Ирээдүйд эдгээр эрсдэлээс болгоомжлох зорилгоор уламжлалт мөнгөний бодлого болох хүүгийн бодлоготой хоршуулан макро зохистой бодлогын арга хэмжээнүүд авч ажиллаж байна.

Бид 2019 онд банкны салбарын дархлааг нэмэгдүүлэх, эдийн засгийн гадаад орчны нөлөөгөөр гадаад валютын урсгалаас шалтгаалсан санхүүгийн хэлбэлзлийн далайцыг бууруулах, эдийн засгийн өсөлт дагасан зээлийн огцом тэлэлтээс сэргийлэх зорилгоор бизнэсийн мөчлөг сөрсөн макро зохистой бодлогын хэрэгслүүдийг мөн¬гөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Энэхүү арга хэмжээ нь бодит эдийн засгийн идэвхжилээс хамаарч хэт халалт үүсэх, эсвэл эдийн засгийн уналт үүссэн тохиолдолд түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс банкны системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодлогыг хүүнд суурилсан мөнгөний бодлоготой хослуулах нь илүү үр дүнтэй.

– Макро зохистой бодлогыг эдийн засагт үүсэх эрсдэлүүдээс сэргийлэн хэрэгжүүлж байгаа гэж ойлголоо. Тэгвэл ирэх онд ямар эрсдэлүүд үүсэж болзошгүй байна вэ?

– Өнгөрсөн онд үүсээд буй эдийн засгийн өсөлт, идэвхжилийг дагаад бизнесийн зээл, иргэдийн хэрэглээний зээл нэмэгдэж байна. Манай эдийн засгийн бүтэц зөвхөн уул уурхайн салбарын гадаад эрэлтээс өндөр хамааралтай эмзэг эдийн засаг. Манай судлаачдын ажиглалтаар гадаад орчны тодорхой бус байдал цаашид улам нэмэгдэж болзошгүй. Хэрвээ экспортын орлого, улмаар эдийн засагт орох орлого буурвал зээлийн эргэн төлөлт буурч, санхүүгийн сектор хүнд байдал орно. Өрхийн бодит орлого буурвал иргэдийн төлбөрийн чадвар суларч дагаад зээлийн чанар муудан, нийт хэрэглээ хумигдаж эдийн засгийн уналт үүсэх эрсдэлтэй. Түүнчлэн банкны зээл болон импортын өндөр өсөлт гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлснээр гадаад валютын нөөц болон ханшид дарамт учруулах байдал 2018 оны сүүлийн хагаст бидэнд тохиолоо. Тиймээс эдгээр эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр Мөнгөний бодлогын хорооноос гаргасан иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон зээлийн хугацаанд дээд хязгаар тогтоох шийдвэрүүд нь 2019 оноос хэрэгжиж эхлээд байна.

Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь харилцагчдыг гадаад секторын шокоос хамаарсан эмзэг байдлыг нэмэгдүүлдэг. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлэн ажиллаж байна. Ерөнхийд нь хэлбэл, банкны зээлийн хэт өсөлт, аль нэг салбар, бүтээгдэхүүн эсхүл гадаад валютад хэт төвлөрсөн байдлыг оновчтой удирдахад чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байна.

– Зээлийн хүү буурч буй ч өндөр хэвээр байна гэсэн шүүмжлэл нийгэмд их байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

– Зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулснаар зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудал үүсгэдэг учир Монголбанкнаас баримталж ирсэн бодлого, чиглэл нь эдийн засаг, санхүү, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэж үздэг. Тиймээс “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” баримт бичгийг боловсруулж 11 зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сарын байдлаар иргэдэд олгосон зээлийн үлдэгдэлд жигнэсэн дундаж хүү 18 хувьтай байгаа нь өмнөх оноос 1.2 нэгж хувиар, ААН-д олгосон зээлийн хүү 15.5 хувьтай байгаа нь өмнөх оноос 0.9 нэгж хувиар буурсан үзүүлэлт. Иргэдийн зээлийн үлдэгдэл 2018 оны эцсийн байдлаар 8.9 их наяд төгрөгт хүрч 2017 оноос даруй 35 хувиар өссөн. Иймээс 2019 оноос иргэдийн буюу хэрэглээний зээлийн хугацаанд дээд хязгаар тогтоож, өр орлогын харьцааг тогтоож эхэлснээр иргэдийн өрийн дарамтыг бууруулж харин бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн зээлийн эх үүсвэр нэмэгдэх болно.

– Засгийн газар оны өмнөхөн ипотекийн зээлийн шинэ журам баталсан. Ирэх оны санхүүжилт хэрхэх бол?

– Засгийн газар өнгөрсөн онд 369 тоот тогтоолоороо “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлан энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж байна. Монголбанк, Засгийн газраас ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4676 иргэнд олгосон бөгөөд үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1908 иргэнд олгосон. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2019 онд нэмж 500 орчим тэрбум төгрөг болгоно. Үүний 300 орчим тэрбумыг ЗГ-аас, Монголбанкнаас сар бүр 16 тэрбум төгрөг буюу нийт 192 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.