М.ОЮУНЧИМЭГ: Зарим бүтээгдэхүүний уялдуулсан код тодорхой бусаас хөнгөлөлтөө эдлэхгүй байна

2019-01-18 Эдийн засаг


МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгтэй улс орны гадаад худалдаа, экспорт, бизнесийн орчинд гарч буй өөрчлөлт болон 2018 оны Танхимын гадаад харилцааг өргөжүүлэхэд хийгдсэн гол ажлуудын талаар ярилцлаа.

– Оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилсан. Энэ үеэр Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн форум болж хоёр талын бизнес эрхлэгчид уулзсан байгаа. Форумаар яригдсан хамгийн гол сэдэв юу байв, ямар шийдэлд хүрэв?

– Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн албан ёсны айчлалын хүрээнд Монгол Японы төр, хувийн хэвшлийн 9 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалт,эдийн засгийн түншлэлийн форум Токио хотноо боллоо. Уг бизнес форумыг МҮХАҮТ Японы Гадаад Худалдааг дэмжих ЖЕТРО байгууллагатай хамтран зохион байгууллаа. Голлон ярилцсан сэдэв бол 2016 онд байгуулсан Монгол-Японы Чөлөөт Худалдааны хэлэлцээр /EPA/, түүний хэрэгжилтийн явц, хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэл бэрхшээлийг төрийн зүгээс яаж шийдвэрлэх цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ. Форумд Монгол Японы нийт 300 гаруй бизнес эрхлэгч, албаны хүмүүс оролцсон.

Миний бие уг арга хэмжээнд Чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжсэн өнгөрсөн хоёр жилд гарсан үр дүн, цаашид анхаарах зүйлийн талаар хувийн хэвшлийгээ төлөөлж илтгэл тавьсан. Айлчлалын хүрээнд Японы ЖЕТРО байгууллагын дарга ноён Ишиге Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж ЖЕТРО Японы хувийн хэвшлийнхэнд Монголын талаарх мэдээллийг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байгаа болон МҮХАҮТ-тай олон жилийн хамтын ажиллагаа өрнүүлж “Монгол, Японы бизнес форум”-бизнес семинар, уулзалт, хөгжингүй улс орнуудын хүнсний бүтээгдэхүүнийг сурталчилж, японы компаниудтай холбох ажлыг зохион байгуулдаг, Азийн томоохон хэмжээний олон улсын үзэсгэлэн “Фүүдэкс”-т монголын компаниуд оролцож байгаа талаар танилцуулсан.

Мөн сүүлийн үед Японы хувийн хэвшлийнхэн Монголын чадварлаг инженер, техникийн мэргэжилтэнгүүдийг сонирхож байгаагаа илэрхийлээд хүний нөөцийг хоёр талын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааны зорилгод чиглүүлэх тал дээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн. Азийн Худалдааг дэмжих Байгууллагуудын форум байгууллагыг ЖЕТРО байгууллага тэргүүлдэг бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд уг форум Улаанбаатар хотод болох гэж байна.

– Уулзалтын үеэр ЖЕТРО-гийн тэргүүн МҮХАҮТ болон Таны олон улс дахь нэр хүнд, идэвх зүтгэлийн талаар онцлон дурдсан байсан. Сүүлийн үед Та МҮХАҮТ-ыг төлөөлж гадаадын ямар ямар байгууллагад сонгуульт ажил хашиж байна вэ?

– Өнгөрсөн хугацаанд манай танхимын гадаад харилцаа өндөр түвшид хөгжиж Олон Улсын Худалдааны төв (ITC) байгууллагаар үнэлгээ хийлгэж, Швейцарын нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллагаар аудит хийлгэж чанарын удирдлагын ISO 9001-2015 стандартыг хэрэгжүүлэгч Монголын анхны Төрийн бус байгууллага боллоо. Миний бие Олон Улсын Худалдааны Танхимын нэгдсэн Холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүн, Ази Номхон Далайн бүс нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэд Ерөнхийлөгч, Торгоны Зам олон улсын худалдааны танхимын дэд Ерөнхийлөгч зэрэг удирдах түвшинд сонгогдон ажиллаж байгаа.

– Арга хэмжээнд оролцоод ирсэн нэг хүн “Танхим эсгий таавчикаа л ярилаа” гэж бичсэн байсныг харсан л даа. Хэлэлцээрийн үр дүн бодит байдал дээр хэрхэн гарч байна вэ?

– Монгол, Японы чөлөөт Худалдааны хэлэлцээр бол манай улсын гадаад худалдаа, экспортыг дэмжих маш чухал анхны том хэлэлцээр. Үүний хүрээнд тус улс руу гарч байгаа бүтээгдэхүүний нийт тарифын 96 хувийг чөлөөлөх буюу хөнгөлж байна. Манай Танхим Хэлэлцээр байгуулагдсанаас хойш, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 16 салбарын 1050 гаруй гарал үүслийн гэрчилгээг Монголын 40 орчим ААН-д олгосон. Салбараар авч үзвэл 30 гаруй хувийг ээрсэн ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, 10 орчим хувьд нь адууны хөлдөөсөн мах болон дайвар бүтээгдэхүүнд олгосон байна.

Манайахаас Япон улс руу экспортлож байгаа бүтээгдэхүүний нэр төрлийг харахад ХАА гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүн эзэлж байна. Гэхдээ анхаарах, зохицуулах зүйл маш их бий. Тухайлбал, манай ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн эсгий эдлэл, арьс шир, хивс, хивсэнцэр, чацарганы жүүс зэрэг бараа бүтээгдэхүүний уялдуулсан код хэлэлцээрт нарийвчлан заагдаагүй, хөнгөлөлтийн нөхцөлөөр гарах бараа бүтээгдэхүүний кодтой уялдахгүй байгаа учир хөнгөлөлтөө эдэлж чадахгүй хоёр жил болж байна. Энэ асуудлыг нааштай шийдүүлэхийн тулд асуудлыг дахин дахин гаргаж тавиад байгаа юм. Ярихаас ч өөр аргагүй.

Ганц эсгий улавч биш эсгий, арьс шир, хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай органик түүхий эд ашигласан хүнсний бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхэд маш чухал юм. Өнгөц харахад энэ нь жижиг асуудал боловч уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлье гэвэл бид ЖДҮ-ээ дэмжиж, технологи оруулж ирэн нэмүү өртөг бүтээн бараа бүтээгдэхүүнээ хэлэлцээрүүдэд хамааруулж Япон улс төдийгүй ЕХ-оос олгогдож байгаа хөнгөлөлттэй нөхцлүүдийг бүрэн ашиглахын тулд байгуулсан хэлэлцээрүүдэд хамааруулахын төлөө явахаас аргагүй юм.

– Японы талаас экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийн тухайд?

– Японоос орж ирж байгаа импортын нэг төрөлд нэг их дэвшил харагдахгүй байгааг бид бүгд мэдэж байгаа. Автомашины сэлбэг, тоног төхөөрөмж, хуучин шинэ машинаар хязгаарлагдаж байна. Цаашид бид иймэрхүү Хөрөнгө оруулалтын чуулган, төр хувийн хэвшлийн уулзалтуудыг ойр ойрхон зохион байгуулж, өөрсдийн давуу талаа уйгагүй сурталчилж байж үр дүнд хүрнэ. Японоос бэлэн бараа бүтээгдэхүүнээс гадна технологи, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл босгох нь бидний зорилго юм. Японтой хийж байгаа уулзалтууд дээр өөрсөддөө байгаа боломжоо өргөн дэлгэр танилцуулах хэрэгтэй. Монголын зах зээл бол жижиг биш, хоёр талд том гүрэн байна, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хөрш орнуудын том зах зээл рүү гарна, ЕХ-ноос олгож байгаа GSP+ хэлэлцээрийн хүрээнд 7200 гаруй бүтээгдэхүүнд тарифын тааламжтай нөхцөл үйлчилж байна гэдгээ өргөн сурталчлах ёстой.

Хамгийн гол нь Монгол Улс байгалийн гаралтай органик түүхий эдтэй, залуу чадварлаг хүний нөөц, ажиллах хүчтэй улс гэдгээ л сайн ойлгуулах хэрэгтэй. Ингэхдээ япон хүний сэтгэлгээний онцлог, аливааг маш удаан судалж шинжилдэг нухацтай байдал, мэдээллийг зөвхөн эх хэл дээрээ авах гэсэн хүсэл сонирхлыг бодолцох ёстой л доо. Тэдний зүгээс Токиод ажилладаг Монголын худалдааны төлөөлөгчийн газарт ганцхан хүн байдаг нь хүртээмжтэй бус, Монголын улстөрийн нөхцөл байдал тогтворгүй байдаг нь урт хугацааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад хүндрэл учруулдаг гэх мэт бэрхшээлийг ярьж байсан.

Цаашид МҮХАҮТ, ЖЕТРО байгууллага хамтран ЖДҮ-ийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана.

– Японы тухайд ийм байж. Урд хөрштэй бизнес өргөжүүлэхэд өнгөрсөн жил юу хийсэн бэ?

– БНХАУ бол манай худалдаа, эдийн засаг, бизнесийн гол түнш гэдэг утгаараа бид урд хөрш рүү онцгойлон анхаарч ажилладаг. Улирч буй онд ч бас олон зүйлийг хийлээ. Улаанбаатарт болон урд хөршийн хотууд, мужуудад бизнес форум, үзэсгэлэн, бизнес төслүүдээ танилцуулах уулзалтуудыг харилцан зохион байгууллаа. Нэг үеэ бодоход Хятадтай хийх бизнес шинэ түвшинд гарч байна. Зөвхөн бараа бүтээгдэхүүн солилцохоос гадна удаан хугацааны тогтвортой бизнесийг бий болгох чиглэлд илүү анхаарч байна. Цоо шинэ зүйлийг гаргаж ирнэ гэхээсээ илүү манай ААН-үүдэд бэлэн байгаа төслийг танилцуулах, хөрөнгө оруулалт татахад мэдээлэл өгөх чиглэлд өнгөрөгч онд түлхүү анхаарлаа. Мэдээж танилцуулга хийнгүүт шууд бизнес өрнөхгүй ч тодорхой хэмжээнд бизнесийн харилцаанд ахиц, суурь болдог.

– Ерөнхий сайд 2018 оны хавар бас урд хөршид айлчилсан. Айлчлалын үеэр болсон бизнес форумд Танхим ямар үүрэгтэй байсан бэ?

– Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр МҮХАҮТ-аас Бээжин дэх ЭСЯ, БНХАУ-ын Худалдааг дэмжих хороотой хамтран Монгол-Хятадын бизнес форумыг маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Хоёр талын 600 гаруй бизнес эрхлэгч оролцсон уг форумд Монголоос оролцсон 300 гаруй бизнес эрхлэгчийг Танхим бүртгэх, зохион байгуулах, төсөл хөтөлбөрийг танилцуулах гэхчлэн ажилласан. Энэ үеэр зөвхөн хувийн хэвшлийн салбарт 4.6 тэрбум ам.доллартай тэнцэх 36 хэлцэлд гарын үсэг зурагдсан. Одоо эхнээсээ ажил хэрэг болоод явж буй олон төсөл байна.

Дашрамд дурдахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн. Энэ үеэр бид Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол-Солонгосын 300 гаруй бизнес эрхлэгчдийг оролцуулсан форум зохион байгуулж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын боломж, эдийн засгийн байдлын талаар танилцуулга хийж, ганцаарчилсан уулзалтуудыг зохион байгуулсан. Эдгээр 3 айлчлалын хүрээнд болсон бизнес уулзалтууд өнгөрөгч оны томоохон ажлууд байлаа.

– Бүс нутгийн хэмжээнд ч бас төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа байх. Бизнесийг дэмжсэн, гадаад худалдааг хөнгөвчилсөн, эдийн засаг, экспортод илтэд нөлөөлөхүйц сайн жишиг туршлага, хамтын ажиллагаанаас сонирхмоор байна?

– Тийм ээ, бүс нутгийн хэмжээнд Торгоны зам, Цайны зам, Талын зам, Эдийн засгийн коридор гэхчлэн маш олон арга хэмжээ, төслүүд байгаа. Үүнд бизнес эрхлэгчдээ оролцуулах, үр шимээс нь хүртээх, хамтын ажиллагааг нэмэх чиглэлд бид голлон ажилладаг. Та бүхэн санаж байгаа бол энэ оны өнгөрөгч 9 дүгээр сард Улаанбаатарт Ази Номхон Далайн Орнуудын Худалдаа Аж үйлдвэрийн Танхимуудын Холбоо (CACCI)-ны Нэгдсэн хуралдаан болж, тус байгууллагын Ерөнхийлөгч Джамал Инаишвили Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр 15 аймгийн эмэгтэй бизнес эрхлэгчийг оролцуулсан чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж уг байгууллагаас өндөр үнэлгээ авсан.

Саяхан тус холбооны 32-р чуулган Туркийн Истанбул хотноо болж, аялал жуулчлал, ЖДҮ, АНДО-уудын Танхимуудаар дамжуулан бизнесийг дэмжих чиглэлээр салбар хурлуудад манай Танхимын тэргүүлэгч гишүүд болох “Наран” группийн УЗ-ийн дарга С.Болдхэт, Нью Жуулчин компанийн Н.Сүрэнбаатар нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Миний бие тус холбооны дэд Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Энэ нь бүсийн хэмжээнд хамтын ажиллагааны бодлого боловсруулах, бүс нутгийн хэмжээнд бизнесийг холбоход Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэж байгаагийн илрэл гэж хэлж болно.

– Гадаад харилцааг эдийн засагжуулах нь Засгийн газрын нэг том зорилт. Энэ чиглэлд Танхимаас олон улсын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа мэдээлэл бий. Үр дүн, нааштай ахиц дэвшил, өөрчлөлтөөс хуваалцана уу?

– Монголд уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдүүлэх, экспортыг дэмжих чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Олон улсын байгууллагуудтай хамтарсан тодорхой нэг бүтээгдэхүүнийг дэмжих төслүүд ч олноор хэрэгжиж байна. Гэхдээ ганц дутагдалтай тал нь хоорондын уялдаа холбоо муу байна. Ерөнхийдөө нэг төслөөр нэг салбарын буюу олон асуудлыг бүрэн шийдэх ямар ч боломжгүй байдаг. Төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагуудын хооронд хэн нь ямар чиглэл рүү илүү анхаарах вэ, хэн нь дараачийн хэсгийг авч явах вэ гэсэн уялдаа холбоо, хамтын ажиллагаа, нийтлэг үүрэг хариуцлага сул байгаагаас хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн хангалттай биш байна.

Монгол Улс 2016 онд ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрт нэгдсэн. Энэ хэлэлцээрийн дагуу Монголд Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо байгуулагдаж, экспортын хөтөлбөрөө баталсан. Энэ тал дээр Танхим маш олон жил санал санаачилга гаргаж байж ямар ч байсан TRAM төслийн дэмжлэгээр экспортын хөтөлбөр батлуулсан. Бид экспортыг нэмэгдүүлнэ гэж их олон жил ярьж байгаа. Одоо яг тодорхой бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү орох хэрэгтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаа гээд ярьж байна, сонсоход том, гоё санагддаг ч олборлосон бүтээгдэхүүнээ түүхийгээр гаргаж байна. Боловсруулаад нэмүү өртөг шингээгээд гаргавал илүү үнэ хүрнэ. Уул уурхайн бус бүтээгдэхүүн гээд үзэхээр голдуу МАА-н гаралтай түүхий эдээ л гаргаж байна. Урд хөрш рүү махны экспорт хийж байна гэж байгаа. Яг судлаад үзэхээр хятад худалдаачид орж ирээд бой хийгээд махыг шууд гаргаж байна. Энэ асуудалд ямар хяналт, зохицуулалт байгаа юм бэ? Зөв бодлогоор л журамлахгүй бол экспорт нэрийн цаана боловсруулалтгүй, нэмүү өртөг шингээгүй бүтээгдэхүүнүүд гадагш гарсаар, ахиц дэвшил гарахгүй, ажлын байр ч нэмэгдэхгүй байна.

Олон жил энэ асуудлыг судалсны эцэст Дэлхийн банкны санхүүжилтээр Экспортыг дэмжих төсөл, Олон Улсын Худалдааны Төвтэй /ITC/ хамтран худалдаа хөрөнгө оруулалтын замын зураглал, ЕХ-ны санхүүжилтээр Худалдааг дэмжих төсөл (TRAM), МҮХАҮТ, Германы ХАҮТ-уудын холбоо болон SEQUA байгууллагатай хамтарч төслүүд хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл бол яг үйлдвэрлэл рүү, үйлдвэрлэгч рүү чиглэгдсэн, урт хугацаанд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоход суурь болсон төслүүд юм.

– TRAM болон SEQUA -гийн төслүүдийн үндсэн агуулга, үйл ажиллагаа нь юу вэ? Хэр хугацаанд хэрэгжиж, хэзээнээс үр дүн гарах вэ?

– TRAM төсөл бол уул уурхайн бус, экспортын чиг хандлагатай бүтээгдэхүүнийг сонгож, түүнийгээ боловсруулахаас экспортлох хүртэлх үе шат бүрийг хөгжүүлж нэмүү өртгийн сүлжээг бий болгох зорилгоор Танхим дээр хэрэгжиж байна. 2021 он хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжинэ.

TRAM төслийн хүрээнд уул уурхайн бус 5 салбарын бүтээгдэхүүн сонгож авсан. Үүнд органик гоо сайхан, ноос ноолуур сүлжмэл, гэхдээ зөвхөн ямааны ноолуур биш бас сарлагийн хөөвөр, хонь, тэмээний ноос, чацаргана, арьс ширэн бүтээгдэхүүн гэхчлэн экспортод гарах боломжтой бүтээгдэхүүнүүд орно. Ер нь аливаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэж зах зээлд гаргах гарц нь Кластераар аж ахуйг хөгжүүлж, хоршиж ажиллах нь чухал юм. Гарааны бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд байгалийн гаралтай, малын гаралтай түүхий эдийг ашиглаж гоо сайхан, эрүүл ахуйн бүтээгдэхүүн хийж байна. Эдгээрийг нэгтгэж Монголын гоо сайхны органик бүтээгдэхүүн гэдгээр брэндинг хийхээр эхний кластер байгууллаа.

SEQUA-гийн төслийн зорилго нь бас ойролцоо. Гэхдээ орон нутаг руу хандсан, байгаа нөөц бололцоон дээр тулгуурлан кластерын загвар байгуулах зорилготой. Эхний ээлжинд хонины ноосны болон чацарганы нэмүү өртөгийг сүлжээг бий болгох кластерын сүлжээг Архангай, Увс аймгийн хоёр багт байгуулсан. Цаашид энэ загварыг аль ч сум баг аваад хэрэгжүүлэх боломжтойгоор үе шат бүрээр нь зохион байгуулсан байгаа. Төсөл дахиад гурван жилээр сунгагдсан, тэгэхээр орон нутагт ийм загвар төвүүд олширно гэсэн үг. Танхим 20 гаруй жил Германы ХАҮТ-тай хамтран ажиллаж байна. Анх Танхимыг бэхжүүлэх чиглэлээр эхэлж байсан бол одоо шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэн гаргах, нэмүү өртгийн сүлжээ байгуулах чиглэлд ажиллаж байна. Гурван жилийн үр дүнг Дэлхийн худалдааг дэмжих байгууллага үнэлж, “Тогтвортой хөгжлийг амжилттай хэрэгжүүлэгч Танхим” шагнал хүртээсэн.

– Экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх ажлын нэг гол хэсэг нь төрийн байгууллагуудын хүнд суртал, авлигыг бууруулах гэж ярьдаг. Саяхан Та бүхэн Гүржид айлчилж, авлигыг бууруулсан туршлагаас судалсан гэж байсан. Энэ тухай ярина уу?

– Төрийн үйлчилгээг ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүргэхэд хүнд суртал, авлигын асуудал үргэлж яригддаг. Гүрж улс энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаар Стандарт хэмжилзүйн газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, ГХЯ, МҮХАҮТ-ын төлөөлөгчид болон экспортлочдын төлөөллөөс бүрдсэн баг тус улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Гүрж Улс төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгосон ганц нууц нь бүх үйлчилгээг цахимжуулж, хүний оролцоог багасгасанд байна. Бүх төрлийн бичиг баримт, зөвшөөрөл, лиценз олгож байгаа, татвар ногдуулж хурааж байгаа үйл явц бүгд хэн нэгэн байцаагчаас юмуу даргаас хамаарахгүй, яг ном журмын дагуу, интернэтээр явж байна. Хүсч байгаа үйлчилгээндээ тохирсон төлбөрөө төлөөд бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөд л хангалттай. Түүнчлэн далд эдийн засгийг ил болгох үйл явцыг жижиг гэлтгүй салбар бүр дээр хийсэн байна.

Ганц жишээ дурдахад манайд байдаг шиг машиндаа азын дугаар авах сонирхол тэндхийн иргэдэд ч бас байдаг юм байна. Түүнийг нь журамлаад, дугаар тус бүрээр үнэлгээ тогтоогоод, сонгосон төлбөрийнх нь дагуу олгох бүх үйл явц нь нээлттэй. Гол нь тэр мөнгө хэн нэгэн ажилтны юм уу даргын халаас руу биш улсын төсөв рүү орно. Ажлын байр дагасан далд бизнес байхгүй, бүх зүйл ил тод, нээлттэй, цахимжсан гэсэн үг.

Аль нэг албан тушаалтан, танил тал эрж хайх шаардлагагүйгээр ажлаа бүтээж, хүссэн үйлчилгээгээ богино хугацаанд авах нөхцлийг бүрдүүлэхэд 10 жил зарцуулсан юм билээ. Манайд ч бас ийм боломж бүрэн бий. Энэ гэхдээ цоо шинэ зүйл биш. “Төрийн нэг цэгийн үйлчилгээ” гэх мэтээр манайд хэдийнэ нэвтэрсэн ч яг процесс бүрээр засч сайжруулан цааш үргэлжлүүлэн хөгжүүлэх хэрэгтэй байна. Бид энэ загварыг худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих зорилттой уялдуулж Гадаад худалдааны нэг цонхны үйлчилгээг нээх саналыг ГХЯ-д хүргүүлсэн байгаа. Мөн саяхан бид Танхим дээрээ мэдээллийн нэг цонхны үйлчилгээний төвийг ХБНГУ-ын GIZ байгууллагын дэмжлэгтэйгээр нээж бизнес эрхлэгчдээ шинэ оноос үйлчилгээ үзүүлэхэд бэлэн боллоо.

– Цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцсан Танд баярлалаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.