Ц.Элбэгдорж: АСЕМ-ын үеэр автобус, машиныг далимдуулан мөнгө идсэн зүйл байхгүй

2018-11-9 Ерөнхийлөгч

-АСЕМ бол Монгол бахархлын нэг

 

Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан өнөөдөр /2018.11.09/ мэдэгдэл хийсэн юм. 

Тэрбээр “Хүмүүс миний фэйсбүүк, твиттерийн хаягаар надтай холбоотой байдаг. Сүүлийн үед фэйсбүүк твиттерийн орчинд болж байгаа энэ бүтээлч хэлэлцүүлгийг би хувьдаа дэмжиж байгаа. Сангуудын хөрөнгө зарцуулалттай холбогдсон асуудлыг хүмүүс идэвхтэй ярьж байна. Нийт 27 орчим сан байдаг гэж ярьдаг. Харахад сайд нар бүхэн сантай, дарга бүхэн төсөвтэй байгаа. Одоо энэ бүхнийг ил болгох, тайлагнах шаардлага бий болжээ. Тийм учраас УИХ, Засгийн газар энэ асуудалд маш тодорхой дэвшил гаргахын тулд тодорхой шийдвэрүүдийг гаргах ёстой. Би хувьдаа эдгээр 27 сангийн үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээг царцаах ёстой гэж үзэж байна. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цаг үеэс эхлэн мөнгөн гүйлгээ, зарцуулалт зэрэг бүгдийг нь шилэн болгох хэрэгтэй. Үүнийг олон нийтэд ил болгож мэдээлж байх ёстой. Гэтэл энэ бүх ажил хийгдэхгүй байна. Энэ асуудлыг иргэд хөндөж гаргаж ирсэнд би талархаж байна. Жижиг зүйл дотор байсан том муухай юмыг иргэд олж харсан. Төр засаг одоо л шийдвэр гаргадаг цаг. Иргэд мэдсэн байна, удирдлага, дарга нар цочирдож байна. Иргэд мэдээгүй цагт тухайн ажлын хэрэгжилт сайн явдаггүй. Одоо гаргасан шийдвэр сайн болно гэж бодож байна” гэжээ.

Мөн тэрбээр “Төрийн сургамж бол шийдвэрээр илэрдэг. Цаашид хуулийн цоорхойг гаргахгүйн тулд хоёр чиглэлийг эрхэмлэх ёстой. Нэгдүгээрт, сангуудын бүх үйл ажиллагаа хуулиар ил тод болох ёстой. Шилэн дансны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Одоо хуулийн төслөө хэлэлцэж, шийдвэр гаргах цаг болсон. Энэ асуудалд бас болгоомжлол бий. Үүгээр дамжуулан янз бүрийн албан тушаалтнууд иргэдийн мэдэх, хардах эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлах гэсэн оролдлого гарч болохгүй. Шилэн дансны хуулийн хувьсгалын тохироо одоо л бүрдэж байна. Өмнө нь энэ ажил сайн хэрэгждэггүй байсан. Одоо хариуцлагын тухай их яригдаж байна. Монголд хоёр төрлийн хариуцлага ерөөсөө хуульчлагдаагүй байдаг. Уг нь хуулийн төсөл нь байгаа. Хоёрдугаарт, ёс зүйн хариуцлагын асуудал. Энэ алдааг давтах нь улс төрийн хариуцлага болж хувирдаг. Улс төрийн хариуцлага бол тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдөж, үргэлжлүүлэн хариуцлагаа хүлээж улс төрийн эрхээ хязгаарлуулахаас улс төрийн хариуцлага эхэлдэг. Үүнийг хурдан хугацаанд хуульчилж, албан тушаалтан бүрд хуулийг мөрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр ажил явагдана. Би нэг зүйлийг хэлэхэд хэзээ ч дарга нар сайн дураараа хариуцлагатай болдоггүй. Тэднийг ичээж, шахах, муу гишгэсэн алхам, үйлдлийг нь илчлэх ёстой. Дарга нар хэдийд хариуцлагатай болж эхэлдэг вэ гэхээр суудал нь ганхаад эхлэх цаг.

Мөн хүмүүс АСЕМ-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар над руу их ханддаг. Үүнд би тодорхой мэдээлэл өгөх нь зөв байх гэж бодлоо.

АСЕM-ийн үйл ажиллагаа арван жилээр стратеги бодлогоо тодорхойлж явдаг. Цаашдын 10 жилийн бодлогоо Монголд тодорхойлсон. Ази Европын дээд хэмжээний уулзалтыг санаачилсан гол зорилго бол төр, иргэд, бизнесийн түвшинд чөлөөтэй уулздаг байя, уулзалт ярилцлага хэлэлцүүлгийг дэмжье гэсэн. Энэ уулзалтыг амжилттай зохион байгуулсан гэсэн дүгнэлтийг бид авсан учраас ололт гэж үзэх үндэслэлтэй байгаа. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нэр хүндийг илэрхийлсэн чухал уулзалт болсон. АСЕM-ийн нэг хүндрэлтэй зүйл нь маш их хугацаа шаардагдсан. АСЕМ-аар идэж уусан гэж хүмүүс шүүмжилдэг. Тэдэнд хардах эрх нь байгаа. Миний нэр дээр юм уу, хийж байгаа үйл ажиллагаатай холбоотой ханддаг тэр зүйлд би эмзэглэдэггүй. Би шүүх цагдаа гэж гүйдэггүй. Идэж ууна гэдэг чинь тодорхой орчин нөхцөл нь бүрдсэн үед болдог зүйл шүү дээ. АСЕM-ийн үе бол хүн бүр Монгол Улсынхаа нэрийг авч гаръя гэсэн үе байсан. Ийм орчинд төрийн хөрөнгө мөнгө, үйл ажиллагаа руу гар дүрээд сууж байх сэтгэхүй, орчин бүрддэггүй. Ийм сэтгэл төрдөггүй гэж би хувьдаа боддог. Тэгэхээр дэлхийн нүдэн дээр байгаа дээрх үйл явдалд нэрээ л боддог юм билээ. Олон тэрбум төгрөг зарцуулсан гэдэгт гурван эх үүсвэр байгаа. Нэгдүгээрт, зээл. Банкаар дамжуулан хийгдсэн. Эргэж төлөгддөг ийм зүйл байгаа. Үүнд хувийн хэвшлийнхэн, ард иргэд хамгийн том ачааг үүрсэн. Төр хувийн хэвшлийнхэнд чаддаг зангаа л гаргасан. Очиж шахсан, учирласан. Тиймээс бэлэн дамжуулаад зүгээр өгсөн бэлэн мөнгө байгаагүй. Дараа нь сонсоход нүүр улаймаар нэг зүйл болсон нь банк нь зээлийн хүүгээ нэмсэн, төр нь хэлсэн үгнээсээ буцсан. Тиймээс хувийн хэвшлийн олон мянган хүнийг хардах ямар ч боломжгүй. Нэг ийм яриа байдаг. Зарим аж ахуй нэгжид давуу эрх олгосон байна гэж. Харин давуу эрх биш ачааллыг нь илүү нэмэгдүүлсэн. Дуртай улс бүхэн юм хийхгүй. АСЕМ-ийн ачааг үүрэлцэх мэргэжлийн байгууллага Монголд ховор юм билээ. Дуртай хүмүүст нь ажлыг даалгасан бол Монголын нэр хүнд унах байсан. Хоёр дахь эх үүсвэр нь тусламж байсан. АСЕМ-ийн эрх аваад тусалж магадгүй улс орнуудад хандсан. Ингээд Европын холбоо, БНХАУ хоёр нааштай хандсан. Техник технологийн хувьд Өмнөд Солонгос улсаас тусламж орж ирсэн. Энэ бүхэн ерөөсөө мөнгөөр орж ирээгүй. Талбай цэвэрлэх машин хүртэл бидэнд хэрэг болсон. Би энэ залруулгыг итгэдэг хүмүүстээ өгч байна. Тиймээс бэлэн мөнгөө гэртээ аваачин хувааж идэхгүй боломжгүй зүйл байгаа юм. Улаанбаатарт өдөрт нэг олон улсын уулзалт хурал болдог байгаасай гэж бид ярьдаг. Гэтэл хүн ирэхэд хэцүү, алслагдсан ийм улс орон шүү дээ. Гурав дахь эх үүсвэр нь төсвийн эх үүсвэр. Үүнд нэхэл хатуу, хяналт сайн байх ёстой гэж хэлэх нь зөв. Эхлээд АСЕМ-ын эрх авахад маш өндөр хэмжээний мөнгө яригдсан. Төсвөөс ойролцоогоор жилд 250 тэрбум орчим төгрөг гаргаж байж АСЕМ зохион байгуулж хүчирнэ гэж байсан. Хоёр жилээр тооцвол 500 тэрбум төгрөг. Тийм боломж , сэтгэл Монголд байгаагүй. Нийт төсвөөс гарсан мөнгө нь 21 тэрбум төгрөг гарсан. Үүнээс 19 тэрбум төгрөгийг зарцуулж, хоёр тэрбум төгрөг нь Гадаад харилцааны яамд очсон гэдэг илтгэл мэдээлэл сонссон. Мөн хүмүүс ярьдаг. АСЕМ-д зориулж тусад нь тосгон байгуулсан гэдэг асуудалд АСЕМ Вилла гэдэг аж ахуйн нэгж газраа авчихсан, аль хэдийн бий болчихсон асуудал. Тусад нь зориулж хаалттай тосгон байгуулсан зүйл огт байхгүй. Үүнд Ц.Элбэгдоржийн нэрийг хугалах гэхээс илүү Монголын нэрийг хугалаагүй хүмүүст их баярладаг. Нэг жишээ хэлье. АСЕМ-ын үеэр олон том автобус аваад хаячихсан байна гэж зурагтай нь нийтлээд байдаг. Энэ бол үндэслэл нь маш өөр. Монгол Улсын Засгийн газар Өмнөд Солонгосын Засгийн газартай хот хоорондын тээврийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд хөнгөлөлттэй зээлээр 120 автобус авах төсөл явж байгаа юм. Ингээд урьдчилсан байдлаар 30 автобус авсныг гүтгээд байдаг. Дараа нь төсөлд буцааж өгсөн. Ер нь АСЕМ гэдэг зүйлийг өөр нэг шуугиан нэрээр дарах гал унтраах хэрэгсэл шиг ашигладаг. Зээл, хариуцлагын тухай яригдахаар л АСЕМ гэж монтажилж оруулаад аль нэг байгууллагын санхүүжилттэй цацдаг. Ер нь нохойд барьдаг мод шиг хэрэглээд хол явахгүй шүү гэдгийг хэлмээр байна. Бас хэдэн зуун машин авсан гээд л баахан шуугьсан. Бид АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулж 51 приус машин авсан. Дараа нь хамгийн шаардлагатай байгаа Замын цагдаагийн байгууллага, Эргүүлийн албанд очсон. Үүнд санаа нь зовоод байвал очоод сурвалжил. Тиймээс АСЕМ-ын үеэр автобус, машиныг далимдуулан мөнгө идсэн зүйл байхгүй. Хэрэв ийм муухай үйлдэл хийсэн бол баригдана. Олон улсын хэвлэлийн төвийг Шангрилла зочид буудлын гражид хийсэн. Одоо эргээд гараж л байгаа. Би тэр “долоодог” гэсэн үгэнд дургүй. Лав миний эргэн тойронд долоодог хүн байгаагүй. Дандаа л ажлаа бүтээх юм сан гэсэн сэтгэлтэй хүмүүс байсан. Ийм л хандлагаар АСЕМ-ыг амжилттай зохион байгуулсан. Ер нь долооно гэдэг чинь дээр байгаа даргаасаа болдог байх. Ийм сэтгэхүй, хандлагагүй байхад хүмүүсийн харилцаа ажил хэрэг шал өөр байдаг. Ажил хариуцсан хүмүүс тайлбараа гаргаад өгөх боломжтой. Үнэхээр хөрөнгө мөнгө завшсан бол хамгаалах зүйл байхгүй. Иргэд хяналттай хурц хараатай байгаад нь баяртай байгаа. АСЕМ-ыг улс төржүүлэх хэрэггүй юм. АСЕМ-ыг эхэлж авахад зүрх алдмаар зүйлүүд их байсан. Бид зориглоод л хийсэн. 30 гаруй мянган хүн сургалтад хамрагдлаа гэж ярьдаг шүү дээ.Тиймээс АСЕМ-ыг сайн талаас нь нэг харах хэрэгтэй. Хүн зохион байгуулалттайгаар хүний нэр хүндэд халдана хардана гэдэг бол сайн юм биш. Үүнийг би зогсоож чадахгүй. Нийгмийг удирдаж байгаа дарга нар сайн дураараа дэвшил хийнэ гэж байдаггүй. Ард түмэн шахаж шаардаж байж засардаг. Тиймээс хүмүүсийн хоорондох хэлэлцүүлгийг үргэлж дэмждэг.

АСЕМ бол Монгол бахархлын нэг. Ингээд та бүхэндээ Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе” гэв.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.