С.Мөнхжаргал: Таримал мөөгөө экспортод гаргахыг зорьж байна

2018-07-2 Made in Mongolia


Органик мөөг тариалалтыг монголдоо нэвтрүүлэн хэрэглэгчдэд уургаар баялаг, эрүүл хүнс нийлүүлдэг ногоон бизнесийг дэмжигч “Мөөжиг Органик” ХХК-ийн захирал С.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Мөөг тарих санаа хаанаас төрөв, мөөгнөөс гадна өөр ямар төрлийн ногоо жимс тарьж байна?

-Амьдралын хэрэгцээнээс үүсэлтэй санаа гэх үү дээ. Гэр бүлээрээ Францад 5 жил амьдарч байгаад монголдоо ирэхэд жимс, ногооны хэрэглээ хэсэгтээ хумигдсан. Жимс ногооны үнэ, сонголт, баталгааны асуудалд сэтгэл дундуур байх болсон юм. Дээр нь хот утаатай, хүн амын бөөгнөрөл их байсан болохоор нөхөртэйгөө ярилцаад хотоос гарч амьдрахаар шийдсэн. Харин хаана амьдарч, юу хийхээ нэлээн бод­соны эцэст Төв аймгийн Баянчандмань сумыг сон­госон юм. Баянчандмань сумын хувьд нийс­лэлийг хүнсээр хангах 3 цэгийн нэг, дэд бүтэц, фермерийн аж ахуй нэлээн хөгжсөн газар гэдэг утгаар нь сонгосон.

Намар ирсэн бид хаврыг хүлээж зүгээр сууна гэдэг хэцүү байсан. Тэгээд л өвөл тарьж болох ногооны талаар нэлээн судалж, хүйтэнд нарны гэрэл шаарддаггүйгээр нь мөөг тарихаар болсон. Хэсэг хугацаанд нэлээн судалгаа хийж байгаад, туршилтаар тариалалтаа эхлүүлсэн дээ.

Францад байхдаа би 2 ч удаа мөөгний үйлд­вэрт очиж байсан, гэхдээ ажиллаж байгаагүй. Харин бяслагийн үйлдвэрт тусгайлан сайн дурын ажил хийж байсан. Энэ үес л миний дотор бяцхан хүсэл мөрөөдөл минь эхэлсэн байх. Эх орондоо очоод бяслаг, ногоо, жимс гээд бүгдийг нь тарих санаа төрж байсан юм. Одоогоор манай компани Баянчандмань суманд жимсний 1000 гаруй мод­той, зуны хүлэмжтэй, ил талбайд ногоогоо тарьж байна. Энэ жилдээ багтааж Баянчандмань сумандаа мөөгнийхөө үйлдвэрийг барихаар төлөв­лөж байгаа. Түрээсийн байр ирээдүйгүйгээс гадна зориулалтын бус болохоор нэлээн хүндрэл гардаг.

-Мөөгийг ойд ургадаг гэж төсөөлж бай­лаа. Таримал мөөг орчин нөхцөл шаардах уу, хэдий хугацаанд хураах уу?

-Мөөгний үйлдвэрлэл 3 хэсгээс бүрдэх бөгөөд үрийн үйлдвэрлэл, хөрс үйлдвэрлэл, мөөг үйлдвэрлэл гэсэн үе шаттай явагддаг. Гадаадын оронд энэ 3-н үйлдвэрлэлийг салган хөгжүүлдэг. Харин манайд одоохондоо энэ салбарын үйлд­вэрлэл эхэлж байгаа болохоор нэг дороо явагдаж байна. Миний хувьд үүнийг салж хөгжих ёстой гэж хардаг.

Тус тусдаа дагнан хөгжих нь олон давуу талууд­тай. Ядаж л эрдэм шинжилгээний, хайгуулын ажлууд хийгдэнэ. Ямар ч зүйлийг эхлэхдээ загвараа зөв тавьчихвал цаашдын хөгжил дэвшил, ирээдүй урт настай байдаг. Тиймээс эхнээсээ зөв замаар хөгжих ёстой.

Үйлдвэрлэлийн энэ 3 хэсгийг салгаад байгаа шалтгаан нь 3-уулаа өөр орчинд, өөр нөхцөлд хийгддэг. Нэг хүн 3 өөр орчныг бүрдүүлж хангах хэцүү. Хөрсний, үрийн, ургах явцууд бүгд өөр өөр градус шаарддаг.

Мөөг тариалах хөрсний үндсэн түүхий эд юу байдаг, хаанаас авдаг вэ, Өдөрт хэчнээн килограмм мөөг хурааж байна вэ?

-Сард дунджаар бид 1,3 тонн мөөг хураадаг. Жилдээ нэг удаа гаднаас их омгоо татдаг, тэгээд өөрөөс нь үрийг нь гарган авдаг. Мөөг тариалах хөрсний үндсэн түүхий эд улаан буудайн сүрэл, будааны хальс байдаг. Идэвхжүүлэгч нэмэлт юу ч хэрэглэдэггүй. Үрийн чанар сан байвал бид илүү ургац авна гэсэн үг.

Мөөгнийхөө эхний хэсгийг ургаж байхад дараагийн хэсгийг хурааж байхаар тасралтгүй байдлыг нь ханган ажилладаг. Үрийг нь тарьснаас хойш мөөг тариалах цикл 70 хоног болдог. Гэхдээ мөөгний төрөл, сорт, ургалтын хурд нь янз бүр. Одоогоор дэлбэнхи мөөгний 3 төрлийг тариалж байгаа.

Дэлбэнх мөөг дэлхий дээр хамгийн их та­риалдаг хүнсний мөөгний нэг. Байгаль дээр хус модонд ургадаг. Анх францад тарималжуулж байсан юм билээ.

Мөөг нь хүнсний бүтээгдэхүүн дотроос шим тэжээлийн чанар өндөр, үнэр ба амт дээд зэр­гийн тансаг, энергийн эх үүсвэр болдог. Мөөг дангаараа амьдралыг тэтгэгч хэрэгцээний бүх бодисыг нэг дор хамтад нь агуулдгийг судлаачид тогтоосон байдаг. Мөөгөнд агуулагдах тослогийн хэмжээ маш бага бөгөөд биед бүрэн шингэдэг онцлогтой.

Хүнсэндээ дэлбэнх мөөгийг байнга хэрэглэс­нээр дархлааг дэмжих, хоол боловсруулалтыг дэмжих, цусан дахь холестерин шүүх, даралт бууруулах, зүрхний шигдээс, цус харвах эрс­дэлийг бууруулах, хавдраас урьдчилан сэргий­лэх, саармагжуулах гэх мэт сайн талууд их бий.

Манай компаниас хүнсний дэлгүүр, ресторан хоолны газруудад зориулсан хатаасан, түүхий, савласан мөөгийг борлуулж байна. Жижиг мөөг­нүүдээ нунтаглан эмийн сангуудаар борлуу­лахаар бэлтгэж байгаа.

Мөн мөөг тарих сонирхолтой энэ бизнест орох хүсэлтэй хүмүүст зориулсан бүтээгдэхүүн гар­гахаар төлөвлөж байна.

-Та мөөгний бизнест орох сонирхолтой хүмүүст зориулсан бүтээгдэхүүн гаргана гэлээ. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Хамгийн чухал асуудал бол хүний нөөц. Мөнгө олж, үйлдвэрийн байртай болохоос илүү хүний нөөцийн асуудал чухал. Энэ ч утгаараа мөөгний бизнес эрхлэх сонирхолтой хүмүүст зориулсан сургалтыг хийхээр төлөвлөж байгаа юм.

Мөөгний бизнес эрхлэх сонирхолтой хү­мүүсээ бэлдсэнийхээ дараагаар хамтдаа бүтээг­дэхүүнээ экспортод гаргах бодолтой байна. Олны хүч оломгүй далай гэдэг шиг бид хамтдаа илүү хүчтэй хөгжинө. Тиймээс бид олуулаа бо­лох хэрэгтэй. Нөгөө талаас монгол хүн бүр зуслан­гийн, хашааны газартаа мөөгөө тариад хүнсэн­дээ хэрэглэдэг, зарж борлуулан ашиг олдог амь­жиргааны эх үүсвэртэй болоосой гэж боддог.

Монголд тариалсан органик бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл таатай хүлээж авна гэдэгт эргэлздэггүй.

Экспортод чиглэсэн бизнесийг дэмжих төс­лүүдийг 2017 оноос эхлүүлээд, сургалт судал­гааны ажилд нэлээн хөрөнгө мөнгө зарцуулж байгаа юм байна лээ. Би хувьдаа үүнийг дэмж­дэг. Бид ч энэ төсөлд хамрагдахын тулд одоо­гоос бэлдэх хэрэгтэй. Салбартаа гадаадын мэргэ­жилтнүүдийг урьж ажиллуулан, тэдний туршлагаас суралцах ажлуудыг үе шаттай хийж, экспорт руу чиглэнэ гэж зорьж байгаа.

-Сургалтдаа хэзээнээс эхлэхээр төлөв­лөж байна вэ?

-Манай компани МҮХАҮТ-ын гишүүнээр элсээд 8 сар болж байна. Танхимын зүгээс манай үйл ажиллагааг дэмжин мөөгний аж ахуйн сургалтыг зохион байгууллаа.

Цаашдаа сургалтаа дэс дараатай зохион байгуулж, сургалтад хамрагдсан хүмүүст тухайн газарт нь тохирсон гарааны хөрөнгийг тооцоод, бэлэн бэлдцүүдээ өгөх юм. Бэлэн хөрс дотроо үртэй, түүнийгээ хашаандаа тариад услаад мөөгөө хурааж аваад хүнсэндээ хэрэглэх, цаашлаад борлуулах боломжтой. Тэгэхээр тариалагч ганцхан төрлийн орчныг бүрдүүлж ажиллах юм. Үйлдвэрлэлийн 3 шатыг нэг дор эхлүүлэхэд маш их хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү ордог.

Хэрвээ та 100 метр.кв талбайтай, ямар ногоо тарихаа мэдэхгүй байгаа бол мөөгний тариа­лалтыг сонирхоорой гэж хэлмээр байна. Жилийн 4 улиралд мөөгөө тариалж, өдөр бүр ашиг олох боломжтой. Өөрсдөө ч хэрэгцээгээ хангана.

Миний зүгээс тодорхой хэмжээний баталгаа заавар зөвлөмжтэй, санхүүгийн тооцоололтой иж бүрэн бизнесийн төслийг санал болгох юм.

-Гарааны бизнесээ эхэлж буй залуустаа хандаж та юу онцолж хэлэх вэ?

-Эмэгтэйчүүд бид жирэмслээд нэг жил, хүүхдээ нэг нас хүртэл асарч харна гэхээр 2 жил, 3 хүүхэд гаргах юм бол 6 жил гээд хамаг залуу нас цаг, хугацаагаа алддаг. Бид залуу насныхаа хийж бүтээх ид үедээ цаг хугацаагаа алдахаар жирийн л үлбэгэр нэгэн болж хоцордог шиг санагддаг. Мэдээж үр хүүхэд төрүүлж өсгөх нь бидний үүрэг хэдий ч гэртээ байх хугацаандаа ч хүсэл мөрөөдлөө хаялгүй өөрсдийнхөө толгойд мэдлэг мэдээлэл хийх хэрэгтэй гэж захимаар байна. Өнөөдөр бид азтай цаг үед амьдарч байна. Хүүх­дээ салхилуулангаа, унтуулсны дараа гээд дуртай цагтаа гар утаснаасаа youtube-ээр монгол, гадаадын бизнес эрхлэгчдийн ярилцлага, биз­несийн гарааны талаарх нэвтрүүлгийг үзэх боломжтой. Эдгээр хүмүүсийн яриаг хэд хэдэн ч удаа сонссон хамаагүй өөртөө шингэтэл сонсож, ямар нэг зүйлийг тэндээс олж харах хэрэгтэй. Магадгүй эндээс өөрийн сонирхдог чаддаг зүйлээ мэдэж авах ч юм бил үү. Үүнийхээ дараа орол­доод үзээрэй гэж хэлэх байна.

– Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

Д.Эрдэнэсувд

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.