Хууль зүйн сайд Ц.Нямдорж яагаад ТЕГ-т саатав

2018-05-10 Бор шувуу

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг тагнасан, чагнасан гэх үндэслэлээр ТЕГ дуудаж байцаасан гэх мэдээлэл өчигдөр цахим болон бусад сувгаар өвсөнд тавьсан түймэр шиг цацагдав. Зүй нь түүнийг энэхүү хэргийн захиалагч хэмээн хэвлэлүүд нэлээд эртнээс цоллож эхэлсэн. Тиймээс эл хэргээр Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг холбогдох газраас дуудсан бололтой. Гэхдээ түүнээс өчигдөр ТЕГ-ын зүгээс байцаалт авсан уу, яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зуруулсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Ямартай ч түүнийг тус газраас дуудахаас өмнө буюу өнгөрсөн сарын 26-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бясман олон нийтэд мэдээлэл хийхдээ “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн эрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос хэргийг хянан, шалгаж байгаа” хэмээж байсан юм. Тиймээс эл хэрэгт нэр холбогдоод буй хүмүүсийг ийнхүү “дээрээс” дуудаж эхэлсэн бололтой аж.

О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.