Сүүлийн жилүүдэд манай улсад “Хар тамхи аюулын харанга дэлдэж байна” гэх мэдээлэл олшрох болсон. Энэхүү мэдээлэл хэр бодитой болохыг холбогдох албанаас тодруулахад, хар тамхи мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарын нэгдсэн судалгаа, тоо байхгүй болохыг онцолж байв. Харин Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээр манай улсад 5000-8000 хэрэглэгч бий гэх. Өнгөрөгч онд цагдаагийн байгууллага мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой 216 үйлдэл бүхий 182 хүнд холбогдох 78 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Одоо цагдаагийн байгууллагад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой 28 гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж буй гэнэ. Харин төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран хийсэн судалгааны дүнгээр 60.000-80.000 хэрэглэгч байна гэсэн зөрүүтэй тоон мэдээлэл өгч байв. Тэгэхээр юуны өмнө нэгдсэн судалгаа, танадалт гаргах шаардлага байна гэсэн үг.
Манай улсын тухайд, хоёр том гүрний дунд оршдог нь энэ төрлийн гэмт хэрэг “нутагших” шалтгаан болж байна. Учир нь манай хөршүүд дэлхийд опиумын тархалт ихтэй гэдгээрээ алдартай. Олон сая гаруй хэрэглэгчтэй, героин, кетамин, экстазийн худалдаа үлэмж их. Мөн метамфетамин болон каннабисын хэрэглээ өндөр, тархалт өргөн, амфетамины төрлийн сэргээгчийн үйлдвэрлэл нэмэгдсэн талаар НҮБ-ын Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх албаны тайланд дурьдсанаас үзэхэд манай улсад энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх бодит аюул байна гэсэн үг.
Нэгэнт л мансууруулах бодис манай улсад ил, далд хэрэглээ болсон эл цаг үед энэ чиглэлээр мэргэшсэн эмч, ажилтан хэр байдаг талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлээс тодруулсан юм. Тэрбээр “Мансууруулах бодис хууль бусаар хэрэглэгч донтогчдыг эмчлэх, тэдэнд туслалцаа үзүүлэх, эмчилгээний арга зүй практикт тогтоогүй. Стандарт байхгүй. Таны асуусанчлан мэргэшсэн эмч ажилтан, кабинет төв дутагдалтай. Түүнчлэн хилийн боомт дээр хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх техник тоног төхөөрөмж дутагдалтай, хяналт шалгалт сул, мэргэшсэн ажилтан ч дутмаг байдаг. Мөн мансууруулах бодисын хор нөлөө, үр дагаврын талаар олон нийтийн дунд мэдээлэл дутмаг байдлаас залуучуудын дунд хэрэглэгчдийн тоо өссөн” гэдгийг онцолж байсан юм.
Сүүлийн жилүүдэд Зүүн өмнөд Азийн улс орнууд болон урд хөршөөс манай улсын хилээр хууль бусаар синтетик төрлийн мансууруулах бодис болох амфетамин, метамфетаминыг нэвтрүүлэх, зарж борлуулах үйлдэл нэмэгдсээр байгааг холбогдох албаныхан тодруулсаар. Мөн олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглах, хар тамхи, мансууруулах бодисыг манай улсад нэвтрүүлэх, худалдах нь нэмэгдэх хандлагатай байгааг ч хэлж байна.
Нөгөөтэйгүүр, манай улсад ч бэлээхэн мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац их. Ядаж сүүлийн жилүүдэд энэ төрлийн ургамлыг устгах ажил огт хийгдээгүй. Энэ нь аюулын харанга дэлдэх бас нэгэн томоохон шалтгаан болж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй энэ төрлийн гэмт хэргийн 50-60 хувийг мансууруулах үйлчилгээ бүхий ургамалтай холбоотой гэмт хэрэг эзэлж буй. Дээр нь орон нутгийн хууль сахиулах байгууллагын албан хаагчид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мэдлэг, арга дутмаг зэргээс нөхцөл байдлыг хяналтдаа оруулж чадахгүй байгаа нь бас л нэг шалтгаан. Энэ төрлийн гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эм бэлдмэл, бодист хийсэн дүгнэлтээр ихэнх хувийг мансууруулах ургамлын төрөлд орох каннабисын төрлийн ургамал, амфетамины сэргээгч бодис болох ICE буюу мөс, геройн, гашиш зэрэг бодис эзэлж байгаа гэх.
Одоогоор манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих харилцааг зохицуулахад шууд холбогдолтой зургаан олон улсын гэрээ, Монгол Улсын хууль 51, УИХ-ын дөрвөн тогтоол, Засгийн газрын найман тогтоол хүчин төгөлдөр үйлчилдэг байна. 2002 онд батлагдаж, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-аар энэ харилцааг шууд зохицуулж, Эрүүгийн хуулийн 188, 192-196 дугаар зүйлд зааснаар энэ төрлийн хууль бус эргэлттэй холбогдсон зарим асуудлыг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг аж.
Цаашлаад ардчилал нэрийдлээр эрх дураараа дургисан нийгмийн завхрал хойч үе болсон залуусыг яаж хүмүүжүүлээд байна вэ. Наанадаж л цахим орчин хэт чөлөөтэйгээс нийгмийн сүлжээгээр хүүхэд залуучууд хар тамхи мансууруулах бодисын сурталчилгааг ямар ч хараа хяналтгүй үзэх боломжтой байдаг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах өнгө аястай мэдээ мэдээлэл, кино, клип гарч байгаа нь хүүхэд залуучуудад буруу ойлголт өгөх, сонирхох сэдэл төрүүлэх байдал ч бий. Энэ мэтчилэн нөлөөлж буй хүчин зүйлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр иж бүрэн судалж, тодорхойлох цаг нь хэдийнэ болжээ.
Эх сурвалж: Newsmedia.mn
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.