Монгол сарлагийн хөөвөр ямааны ноолуурыг орлох уу?

2018-03-19 Бизнес
Монгол сарлагийн хөөврөөр нэхий эдлэл, хувцас үйлдвэрлэж ямааны ноолуурыг орлож болох санаа СиЭнЭн агентлагийн вэб хуудсанд нийтлэгджээ. Тус агентлагийн Женни Марк болон Бианка Бриттон нарын бэлтгэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монгол орны алс хөдөө нутагт нүүдэлчин Монголчууд сарлагийнхаа хөөврийг самнан сууна. Нэнси Жонстон тэдний амьдралын уламжлалт хэв маягийг хадгалах гол түлхүүр байж болох юм гэдгийг тэдэнд ятгах хүртэл тэд самнаж хайчилсан сарлагийн хөөврийг ашиглахгүй хаясаар байгааг ажиглажээ.

Монгол бол ямааны ноолуур нийлүүлэгч хамгийн том улсын нэг бөгөөд өсөн нэмэгдэж байгаа ноолуурын хэрэгцээ шаардлагын улмаас ямааны тоо толгой тус улсад эрс өсч 2009 оны байдлаар 19.3 сая толгойд хүрсэн байна. Энэхүү тоо нь 1990 онд 5 сая байжээ. Энэ хэрээр ямааны тоо олшрох нь байгаль орчинд хохирол учруулж байгаа ажээ.

“Ямааны жижиг туурай хөрсийг дэвслэн талхалж эмзэг газар нутгийг дахин сэргээгдэхгүй болтол сүйтгэдэг” гэж Жонстон тайлбарлав. “Монголын газар нутагт малын тоо толгой бэлчээрийн хэмжээнээсээ хэтэрсэн. Үүнээс болоод Монголын газар нутгийн 90 хувь нь цөлжих аюулд нүүрлээд байна” гэжээ.

Малын тоо толгойн хэт өсөлтөөс гадна Монголын эмзэг, хуурай нутаг цаг уурын өөрчлөлтөд маш ихээр өртөж байна. Гэхдээ Жонстон түүнийг шийдэх боломжтой гэж бодож байгаа хэлэв. Хангайн сарлаг нь Баруун Монголд бэлчээрлэдэг зэрлэг үхэр бөгөөд энэ нь эмзэг хөрстэй хээр тал, малчин өрхийн нүүдлийн ахуй амьдралын хэв маягийг хадгалахад нөлөөтэй тул байгалийг хадгалж үлдээхэд ихээхэн тустай гэж тэрбээр хэлжээ.

Жонстон ноолуурын оронд сарлагийн хөөвөр ашиглан “Тэнгри” брэндийн өндөр чанартай нэхмэл хувцас үйлдвэрлэхэд малчдад тусалж байна.

Сарлаг гэдэг нэр хамгийн том саад бэрхшээл болж байна

Сарлагийн хөөврийн хялгас нь дулаан, ноолуур шиг зөөлөн бөгөөд түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэх нь шинэ зүйл биш юм гэж Жонстон ярьжээ. Гэвч сарлагийн хөөврийн эрэлт хэрэгцээ дэлхий нийтээр тийм ч их биш учир нь сарлагийн хөөврийг ямааны ноолуур шиг үнэ цэнэтэйд тооцдоггүй байна.

“Хамгийн том саад бэрхшээл бол сарлаг хэмээх нэрэндээ байгаа юм” гэж “Тэнгри” брэндтэй хамтран ажиллаж байсан нэхмэлийн мэргэжилтэн Робин Дийз хэлэв. “Байгаль цаг уурын хэцүү хүнд нөхцөлд амьдардаг хэдий ч түүний хялгас хөөвөр нь үнэхээр тансаг” гэж тэрбээр хэлэв.

Лондон хүрсэн Монгол сарлагийн хөөвөр

Бизнесээ эхлүүлснээс хойш гурван жилийн дараа “Тэнгри” брэндийн гараар оёсон сарлагийн хөөврөн хувцас Лондон хотын “Savile Row” гэх зэрэг зарим томоохон дэлгүүрт зарагдаж эхэлсэн байна. Үнийн хувьд дээд тал нь 15300 ам.долларт хүрдэг.

Цор ганц загвар бол “Тэнгри” брэндийн тодотгол бөгөөд өөрийн сүлжээгээрээ дамжуулан ашигтай ажиллах явдал нь компанийн зорилго юм. Компанийн удирдлагуудын хэлж байгаагаар малчдад түүхий эд авсны шимтгэлийн үнийг төлж “тэгш хуваах” бизнесийн загвараар тэдэнтэй хамтран ажилладаг гэжээ. Өнөөдрийн байдлаар Монголд 4,500 гэр бүлтэй хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Си Эн Эн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.