П.Наранбаяр: Багшийн 1 сая 485 мянган төгрөгийн цалинг өсгөх бодлого хийж байж, чадварлаг хүмүүс ажиллах хандлага тогтоно

Өчигдөр Парламент

Чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн шалгуур үзүүлэлтийн хэмжих нэгж нь тодорхойгүй, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээг хөгжлийн төлөвлөгөөнд тусгаагүй шалтгааныг лавласан. Тухайлбал, гишүүн Д.Бум-Очир Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, нийтдээ 2.8 их наяд төгрөгийн зардал төсөвлөгдөхөөр тусгасан нь сайн хэрэг ч, үүнтэй холбоотой багшийн дутагдлыг хэрхэн нөхөх талаар лавлав. Тэрбээр өнгөрсөн жил 4000 гаруй багш дутагдалтай байсан бол энэ жил 5543 гэсэн тооцоо гараад байна. Иймд хөгжлийн төлөвлөгөөнд багшийн дутагдлыг хэрхэн, яаж нөхөх талаар тодорхой тусгасан эсэх, боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулан төрийн албан хаагчдыг гадаад, дотоодод бэлтгэх бодлогод багш нарыг хамруулсан талаар тодруулав.

Боловсролын сайд П.Наранбаяр хариултдаа, Багш мэргэжлээр үнэгүй сургах ажлыг эхлүүлэхдээ таван жил багшлуулсны дараагаар түүнийг нь тэтгэлэг болгож хувиргахаар зохицуулсан. Мөн Боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдыг гадаад, дотоодод бэлтгэх иж бүрэн бодлогод багш нарыг хамруулсан. Түүнчлэн өнөөдөр багшлах боловсон хүчний асуудлыг шийдэх язгуур асуудал нь үндсэн цалин, урамшууллыг өсгөх явдалтай холбоотой байна. Өнөөдөр багшийн сарын үндсэн цалин 1 сая 485 мянган төгрөг байгаа тул үүнийг өсгөх бодлогыг л хийж байж, энэ салбарт чадварлаг хүмүүс ажиллах хандлага тогтоно гэж байлаа. Мөн тэрбээр, багш нарыг ипотекийн зээлийн орон сууцаар бүрэн хангах, ялангуяа орон нутагт багшлах боловсон хүчний орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал ажил болоод байна. Эдгээр ажлуудыг “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн багшлах эрхийн үнэмлэхтэй атлаа мэргэжлээрээ ажиллахгүй байгаа эсвэл, тэтгэвэртээ суусан багш нарыг буцаад урьж ажиллуулах, их дээд сургуулийн IV дамжааны оюутнуудыг мэргэжлээр нь ажиллуулахад анхаарч, холбогдох ажлуудыг хийж байна хэмээв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элементийн хайгуул, эрлийн ажлыг эрчимжүүлж, геологийн нөөцийг нэмэгдүүлж, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн олголтыг сайжруулахаар тусгасныг дурдлаа. Тэрбээр, төлөвлөгөөнд тусгасан дээрх ажлуудын гүйцэтгэл нь Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтээс шалтгаална. Гэвч өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль нь 2006 онд шинэчилэн найруулсан тул үүнийг сайжруулах шаардлагатай холбогдох хуулийн төслийг салбарын яам хэзээ өргөн мэдүүлэхээр төлөвлөж буйг лавлав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн, Улсын Их Хурлын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд салбарын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулагдаад хуулийн төслийн үзэл баримтлал, төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулаад явж байна. Энэ 7 хоногт тодорхой түвшинд ажиллаад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг тусган ажлын хэсэгт хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн хариулсан.

Ингээд тогтоолын төслийн талаарх ажлын хэсэг, Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 141 санал бүрээр санал хураалтыг явуулсан бөгөөд саналын томьёоллуудаар санал хурааж дуусах хүртэл чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цагийг сунган хуралдсан юм.

Тухайлбал, төслийн 2 дугаар хавсралтын “1.9.1.3.Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх” гэсэн төсөл, арга хэмжээ”-ний “4 эгнээ” гэснийг “6 эгнээ” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр хавсралтын 3.2 дахь хэсэгт “Ховд аймаг, Булган сум, Булган боомтын үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлэх бэлтгэл хангана.” гэсэн 3.2.6 дахь заалт нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-нд туссан арга хэмжээний хэмжих нэгж, шалгуур үзүүлэлтийг зассантай холбоотой саналуудаар санал хураалтыг үргэлжлүүлсэн. Тодруулбал, төслийн 1 дүгээр хавсралтын 2.1 дэх хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гадаад болон дотоодын тэмцээн, уралдаанд оролцох боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийг нэмэх.” гэсэн 2.1.16 дахь заалт нэмэх ажлын хэсгийн санал дэмжигдсэн.

Үргэлжлүүлэн бусад Байнгын хороо, гишүүдээс гаргасан дэмжигдсэн, дэмжигдээгүй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын төслийн 1 дүгээр хавсралтын 3.4 дэх хэсэгт “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд баруун бүс нутгийн өмнөх түвшиндээ хүрч чадахгүй байгаа газар тариалан, гурилын үйлдвэрийг сэргээн хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлж, үйлдвэрлэл, хангалтыг нэмэгдүүлэх суурийг тавих”, “Хүн амын хүнсний гол нэр, төрлийн бүтээгдэхүүн хүнсний түүхий эд улаан буудайн стратегийн нөөцийг бүрэн бүрдүүлэх.” гэсэн 3.4.10, 3.4.12 дахь заалт нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг төслийн 1 дүгээр хавсралтын 2.1 дэх хэсэгт “Малчин залуу-манлайлагч арга хэмжээг үргэлжүүлж, малчид хоршоологчдод мал аж ахуйн гаралтай түүхий эд, бэлтгэлийн үйл ажиллагаанд бүс нутаг, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэг эзэмших, орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах ур чадварыг гадаад улсад олгоход чиглэсэн төслийг хэрэгжүүлнэ.”, төслийн 1 дүгээр хавсралтын 3.4 дэх хэсэгт “Малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн үе шат бүрд стандарт нэвтрүүлж, мал аж ахуйн салбарын кластерийн тогтолцоог бодлогоор дэмжин бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ” гэсэн заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасангийн төслийн 1 дүгээр хавсралтын 2.2 дахь хэсэгт “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, тэдэнд хүрэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, гэнэтийн осол, гадны шалтгаант нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.” гэсэн 2.2.7 дахь заалт нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаагийн төслийн 1 дүгээр хавсралтын 4.1 дэх хэсэгт “Даргын эрх мэдлийг баталгаажуулсан байгууллагын хуулийг өөрчилж, иргэнд үйлчлэх албаны хууль болгон шинэчлэх ажпыг эрчимжүүлнэ.” гэсэн 4.1.5 дахь заалт нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Ийнхүү “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.