Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.2 км түшиц ханыг барьсан бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК хийж гүйцэтгэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж байна.
Ажлын явцын талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн Төслийн менежер Р.Дамба дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Бидний гүйцэтгэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламж нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороог хамарч буй. Уг хороод нь орон сууцны хороолол ихтэйгээс гадна хотын гол гудамж, замуудын нэг. Иймд түшиц хана угсралтын үед Сэлбэ гол дагуу байрлуулсан кабель, дулааны шугам зэрэг их хэмжээний инженерийн шугам сүлжээний байгууламжуудаас үүдэн ажил удаашрах хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар түшиц хана барих ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үлдсэн ажлыг зургаадугаар сарын 30-нд дуусгахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бетонон хийцлэлийн буюу цутгалтын ажлыг шөнийн цагаар хийж буй” гэлээ.
87822
32021
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.