Алдагдсан өвийг эргүүлэн авах талаарх ном хэвлэгдлээ

2018-02-27 Амрах агшин

Олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хэрэглэх шаардлага ихэссээр байна. Олон улсын гэрээг зөв хэрэглэвэл шүүх эрх мэдлийн салбарт дэвшил болж, хүний эрхийг хамгаалах бусад эрх зүйн механизмыг хэрэглэх соёлыг иргэдийн дунд төлөвшүүлэх ач холбогдолтой. Хэдийгээр элсэн орсон олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж Үндсэн хуульд заасан ч манай хуульч, шүүгчид практикт бүрэн хэрэглэж чаддаггүй. Үүний гол шалтгаан нь гэрээний тайлбар, гарын авлага, зөвлөмжүүдийг орчуулж, хэлэлцүүлэг, сургалт танилцуулга хийдэггүйд байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ байдлыг түргэн засаж залруулахгүй бол манай улс олон улсын олон талд харилцаанд эрх зүйн үүрэг хүлээсэн субьект болон оролцоход тодорхой асуудлыг зохицуулсан гэрээ конвенцид шинээр нэгдэн орох шаардлага ч улам гарч буй ажээ. Жишээлбэл, хил дамнуулан зувчуулсан соёлын өвийг эргүүлэн авах асуудал их гарч буй тул Хулгайлсан эсвэл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлсийн тухай ЮНДРУА-гийн 1995 оны Конвенцид нэгдэн орох талаар мэргэжилтнүүд хэлэлцсээр уджээ.
ЮНИДРУА-гийн Конвенцид нэгдэн ороход түүний “угтвар” гэрээ болох Соёлын үнэт зүйлийн хууль бус импорт, экспорт, өмчлөх эрхийн шилжилтийг урьдчилан сэргийлэх болон хориглох арга хэмжээний тухай ЮНЕСКО-гийн 1970 оны Конвенцийг мөн улам сайн судлахчухал атал 1991 онд тус конвенцид нэгдэн орсноос хойшүндэсний мэргэжилтнүүдийн дорвитой судалгаа хийгдээгүй гэнэ.
Ер нь олон улсын гэрээнд нэгдэн ороход нухацтай судалгааг хийдэггүй. Албажсан эх бичвэрийн орчуулга бараг байдаггүй. Тэр бүү хэл, нэгдэн орсон конвенцийн эх бичвэрээ ч орчуулаагүй олон жил “хэрэгжүүлсээр” ирсэн тохиолдол бий ажээ.
Ийм хандлагаар, соёлын өвийн эргүүлэн олгох дэлхий нийтээрээ баримталж буй хэм хэмжээ, зарчмыг тогтоосон ЮНИДРУА-гийн Конвенцид нэгдэн орох асуудлыг шийдэж болохгүй. Учир нь уг конвенц бол дотоодын хууль тогтоомжид тусгай заалтуудаар хэрэглэх шаардлагатай ЮНЕСКО-гийн Конвенцийг бодвол ямар ч тохиолдолд эрх зүйн үндэслэл болох нарийвчлан боловсруулсан, шууд шүүхэд хэрэглэх гэрээ ажээ.
Иймд,ЮНИДРУА-гийн Конвенцид нэгдэн орох явцыг хурдасгах, ЮНЕСКО-гийн Конвенцийг зөв ойлгож, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүднээс хуулийн болон соёлын мэргэжилтнүүд хамтран “Соёлын эд зүйлсийн эгүүлэг ба буцаалт: ЮНИДРУА-гийн Конвенц” хэмээх номыг бичиж СУИС-ийн Соёлын сургуулийн санхүүжилтээр хэвлүүлжээ.
ЮНИДРУА-гийн Конвенцид цаг алдалгүй нэгдэн орвол гадаадад алдагдсан соёлын өвөө эргүүлэн авахад нэн тустай гэж номыг бүтээгчид дүгнэжээ.Уг конвенц бол хил дамнуулан зувчуулсан соёын өвийг эргүүлэн олгох хувийн эрх зүйнхэм хэмжээ, зарчмыг тогтоосон цорын ганц баримт бичиг. Харин ЮНЕСКО-гийн Конвенц бол зөвхөн урьдчилан сэргийлэх болон хориглох арга хэмжээг хэрэгжүүлэхийг гишүүн улсууддаа үүрэг болгож, тусгай хууль тогтоомжоор улс орнуудад хэрэгжих нийтийн эрх зүйн баримт бичиг ажээ.
“Соёлын эд зүйлсийн эгүүлэг ба буцаалт: ЮНИДРУА-гийн Конвенц” ном манай улс шинэ гэрээнд нэгдэн ороход судалгааны суурь болж чадахаас гадна хууль, шүүхийн байгууллагуудад олон улсын гэрээг ойлгоход дөхөм болж, хууль бусаар хил дамнуулан худалдаалсан соёлын өвийг эх орондоо эргүүлэн авахад хөтөч болно гэж үндэсний мэргэжилтнүүд мөн дүгнэсэн байна.
ЮНЕСКО-гийн болон ЮНИДРУА-гийн хоёр конвенцын эх бичвэрийн орчуулга, тайлбар, бусад холбогдох бичиг баримтуудын болон үндэсний хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа уг номонд орсон байна.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.