Донорын тухай хууль энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол энэ оны нэгдүгээр сарын 19-нд дахин шинэчлэн найруулж батлуулжээ.
Донорын хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг нь аврах зорилгоор сайн дураараа цус, эс эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагаа болон төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм.
Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар тархины үхжилттэй болон амьд гэсэн хоёр төрлийн донорын асуудал хуульчлагдаж байгаа юм. Нөгөө талаас эд эрхтний наймааг бий болгох вий гэсэн хардлага дагуулж байгаа учраас эмч, өвчтөн, донор болон тэдний ар гэрийнхнийг ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоохыг хуулиар хориглосон байна. Хуульд “Донор нь хуульд заасанчлан өөрийн эрүүл мэнд, амь нас аюулгүй байх бүрэн эрхээр хангагдаж цус, эд, эрхтэн өгөхдөө тухайн ажилбар гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулах, заавал даатгуулахаас бусад даатгалд хамрагдаж болно. Түүнчлэн донорын үйлсэд идэвхтэй оролцсон хүн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй эдлэх, эрүүл мэндийн үзлэгт жилд нэг удаа үнэ төлбөргүй хамрагдана. Цусаа 35-аас дээш удаа өгсөн цусны донор хүн жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулна” гэж заажээ.
Мөн хуулиар эрүүл мэндийн байгууллагад тодорхой үүрэг хариуцлага хүлээлгэн “донорын цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх ажилбарыг магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад шаардлага хангасан нөхцөлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч гүйцэтгэх, донорын эд, эрхтэн шинжлэх, шилжүүлэн суулгах ажилбарыг гүйцэтгэхэд оролцсон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь үзүүлсэн үйлчилгээний төлбөрөөс давсан төлбөр урамшуулал авахгүй байх, ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн экспортлохгүй” гэжээ.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.