О.БААСАНХҮҮ: Үндсэн хуулийг өөрчлөх, хөндөх, шинэчлэх гурван байр суурь зэрэгцэн оршиж байна

2017-03-16 Нам хөдөлгөөний амьдрал

Төрийн ордонд “Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү даргаллаа.  Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Ч.Авдай, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун, дипломатч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ч.Баатар, НИТХ-ын дарга асан, НИТХ-ын Зөвлөх зөвлөлийн дарга Ц.Баасанжав нар оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шинэ төр, шинэ Үндсэн хуулийн үзэл санаа” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр “Шинэ төртэй байя, шинэ намтай байя, шинэ хүмүүсийг улс төрд гаргаж ирье” гэсэн агуулгаар хэлэлцүүлгийг санаачлан, зохион байгуулснаа хэллээ. Ингээд энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

О.Баасанхүү: ТӨРИЙГ АРД ТҮМНИЙ ХЯНАЛТАД БАЙЛГАЯ

-Намаас үл хамааран улс орныхоо эрх ашгийг бодолцож, бодлогоор нэгдэх ёстой. Монгол Улсад эрх мэдлийн хуваарилалт ойлгомжгүй, тодорхойгүй байна. Үндсэн хуульд, “Засгийн эрх мэдэл ард түмний гарт” гэж бий.  Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхийн тулд төрийг ард түмний хяналтад байлгая. Ард түмний хяналт гэдэг нь боломжтой бол хууль тогтоох эрх мэдлээ дээд, доод гэж ангилья. Дээд эрх мэдэл нь байнгын бус, жилд нэг удаа хуралддаг байя. Доод эрх мэдэл нь байнгын ажиллагаатай байя гэсэн саналуудыг дэвшүүлж байна. Манайд өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх, хөндөх, шинэчлэх гурван байр суурь зэрэгцэн оршиж байна.

Ч.Баатар: ГАДААД БОДЛОГОД НУХАЦТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ

-Төрийн бодлого нэгдмэл байх ёстой. Төрийн хар хайрцагны бодлогыг хэрэгжүүлж, төрийн залгамж чанарыг хадгалж, мэргэжилтнүүдийн үгийг сонсох ёстой. Би “Төрийн гадаад бодлогын талаарх үзэл санаа, зарчмууд” сэдвээр илтгэл тавилаа. Монгол Улсын түүх, түүхэн уламжлалын талаар өөрийн судалгааг танилцуулж, Монгол Улс төрийн хар хайрцагны бодлогоо алдалгүй, дотооддоо сайтар ойлголцож, гадаад бодлогыг хэрэгжүүлэхдээ тун нухацтай хандах хэрэгтэй гэдгийг онцолж байгаа юм.

Ц.Гомбосүрэн:БУРУУТАН НЬ БИД ӨӨРСДӨӨ

-Гадаад бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл. Гэтэл өнөөдөр энэ зарчим алдагдлаа. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас харахад бид аль нэг байгууллагын барьцаанд оржээ. Гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин дутмаг байна. Гуравдагч хөршийн бодлогоос хоёр хөрш болгоомжлох боллоо. Одоогийн баримталж буй дотоод бодлого нь гадаад бодлогоо саатуулах, гадаад бодлогынхоо барьцаанд орж байна. Бид 1990 оных шиг Олон улсын валютын сангийн барьцаанд орчих шиг боллоо. Өөрөөр хэлбэл, тэдний хэлснээр нийгэм, эдийн засаг, сангийн дотоод бодлогоо явуулахаас өөр аргагүй байдалд оржээ. Үүний буруутан нь бид өөрсдөө. УИХ-аар батлагдаж буй хууль тогтоомжийг харахад өнөөдрийн хөгжлөө тушаж байна. Өнөөдрийн хөгжилгүйгээр маргаашийн хөгжил гэж ярих боломжгүй.

Л.Эрдэнэчулуун:БИД УЛС ТӨРЧДИЙГ БИШ ТӨРИЙН ЗҮТГЭЛТНИЙГ СОНГОХ УЧИРТАЙ

-Улстөрчид дараагийн сонгуулиа боддог бол төрийн зүтгэлтэн хүн улсаа боддог. Тиймээс бид улстөрчийг биш төрийн зүтгэлтнийг сонгох учиртай.  Улстөрч хүн намынхаа төлөө ажилладаг бол төрийн зүтгэлтэн хүн улс орныхоо төлөө зүтгэдэг. Төрийн зүтгэлтэн хүн манлайлахыг хүсдэг бол улстөрч хүн урсгалаараа явж байгаагаа харуулахыг хүсдэг гэсэн ончтой үг бий. Үүнийг манай төрийн өндөр, дээд албан тушаалтнууд бодох ёстой. Төвийг сахих бодлогын асуудал намжсан гэж бодож байсан ч эргээд сэргэлээ. Төвийг сахих бодлого баримталснаар улс орноо гадны халдлагаас хамгаална гэж олон нийтэд ухуулж байна. Монгол Улсыг төвийн сахих бодлоготой болгохын тулд Ерөнхийлөгч, түүний зөвлөх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дэмжлэгийг авахаар хөөцөлдөж байгаа сураг ч дуулдлаа. Монгол Улс эвсэлд үл нэгдээгүй орон бөгөөд гадаад улсаас цэрэг оруулахгүй гэдгээ дэлхий нийтэд зарласан орон шүү дээ. Тэгэхэд одоо юу болж байна вэ.

Ц.Баасанжав:ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМ АЛДАГДСАН БАЙНА

-Үндсэн хуулийг өөрчлөх ёстой, гэхдээ сайжруулах ёстой бөгөөд суурь зарчим, үзэл санаа, бүлэг хоорондын уялдааг сайтар ойлгосны үндсэн дээр өөрчлөх ёстой. Үндсэн хуульд нутаг дэвсгэрээ олон хуваахаас сэрэмжлүүлсэн агуулга оршиж байдаг учраас түүнийг өөрчлөхгүйгээр хотын төвлөрлийг сааруулж, сайхан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй. Хөгжлийг хүний аюулгүй, амар тайван, аз жаргалтай амьдарч байгаагаар л хэмждэг. Үндсэн хуулийг мэдэгтүн, сахигтун гэдэг. Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санааг ойлгохгүйгээр өөрчлөлт хийж болохгүй. Үндсэн хуулиа баримталж, хот тосгоны асуудалд анхаарч ирсэн бол Улаанбаатар хотод өнөөгийн төвлөрөл үүсэхгүй байсан. Төвлөрөл бий болсноор үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, аюулгүй, эрүүл орчин, байгаль орчны тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна. Хүн амьдрах орчноо чөлөөтэй сонгох ёстой гэсэн томьёолол бий. Гэхдээ энэ нь нэг газар ирээд бүгд бөөгнөрчих гэсэн үг биш. Төвлөрөл үүссэн тохиолдолд хуулиар хязгаарла гэж Үндсэн хуульд заасан байдаг. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэж бий. УИХ-аас шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай хууль гаргаагүй байхад Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Хууль тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Онцгой бүрэн эрх бусад сувьектэд шилжихгүй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ мэтээр хууль дээдлэх зарчим алдагдсан байна

М.МӨНХТУНГАЛАГ

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.