2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлт

2017-11-24 Нам хөдөлгөөний амьдрал

ЭРХЭМ ХҮНДЭТ НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ, ЭРХЭМ ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА, ТӨЛӨӨЛӨГЧИД ӨӨ, ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хоёр дахь удаагаа өргөн мэдүүлсэн Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг НИТХ хэлэлцэж байна.
Нийслэлийн 2017 оны төсвийн төлөвлөгөөг хангалтгүй, тооцоо судалгаагүй хийсний улмаас 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа төсвийн тодотголын төслийг НИТХ дахь Ардчилсан намын бүлэг 2017 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлт, санал хүргүүлж байна.

1. Захиргааны данхар бүтцийг багасгах чиглэлээр
Нийслэлийн 2017 оны төсвийн орлого 2016 оны төсөвтэй харьцуулахад 76,7 тэрбум төгрөг буюу 14,1 хувиар нэмэгдсэн байна. Төсвийн урсгал зардал 2016 оны батлагдсан төсвөөс 16,8 тэрбум буюу 5,8 хувиар нэмэгдсэн нь Нийслэлийн удирдлага төсөв мөнгөөр дутаагүй, захиргааны данхар бүтцийг дэмжсэн байгааг харуулж байна.
Нийслэлийн төсөв бол үг үсэг, тоо бүхэн нь нийслэлчүүдийн амьдралтай холбогдох чухал баримт бичиг учраас онцгой анхаарах учиртай. Иймд хотын удирдлага захиргааны зардлаа багасган, урсгал зардлаа танаж, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байна. Үүнд:
– Урсгал зардлаас 5 тэрбум төгрөгийг хэмнэж, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, угсармал орон сууцны дулаалгын төсөлд 5 тэрбум төгрөгийг нэмж суулгах тодорхой санал оруулж байна.
2. 2017 оны төсвийн тодотголын зүйл заалтыг өөрчлөх чиглэлээр
Зорчигч тээврийн автобус 3 дугаар баазыг нүүлгэн шилжүүлэх шинээр барих ажилд зориулан 2 тэрбум 994,6 сая төгрөгийг Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан байна. 2017 оны төсвийн жилийн ихэнх хугацаа дуусаж нэг сар үлдсэн, өвлийн улирал эхэлсэн энэ үед 2 тэрбум 994,6 сая төгрөгөөр автобус баазыг нүүлгэх боломжгүй бөгөөд эхний ээлжинд хийх ажил нь тодорхой бус байна. Иймд Автобус баазын нүүлгэх ажлыг Нийслэлийн 2018 оны төсөвт суулгаж, 2017 оны тодотголын төсөлд тусгасан 2 тэрбум 994,6 сая төгрөгийг хотын иргэдийн өмнө нэн тулгамдсан ажлын байр нэмэгдүүлэх, яаралтай шийдвэрлэн хэрэгжүүлэх боломжтой ажилд, тэр дундаа хүүхдэд чиглэсэн төсөл арга хэмжээнд зориулах нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзэж байна. Үүнд:
– АН-ын эмэгтэй төлөөлөгчдийн санаачилсан “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” бий болох ажлыг эхлүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд 1 тэрбум төгрөгийг суулгах,
– Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 994,6 сая төгрөгийг суулгах,
– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах хүрээнд Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих сан байгуулахад 1 тэрбум төгрөгийг суулгах тодорхой санал оруулж байна.
2. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр
Нийслэлийн Засаг даргаас 2 дахь удаагаа өргөн барьсан Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төсөлд “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 8 тэрбум 400 сая төгрөгийг тусгажээ. Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төсөлд нэмж тусгасан 4.6 тэрбум төгрөгөөр хийх ажлын задаргаа бүрэн бус төдийгүй ямар ажил төлөвлөсөн нь тодорхойгүй байна. Жил бүр агаарын бохирдлыг бууруулах ажилд хөрөнгө нэмэгдүүлдэг ч Улаанбаатар хотын агаарын бохирдол буураагүй, агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулсан төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна.
Нийслэлийн утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрч байна. Иймд Нийслэлчүүдийн өмнө хамгийн их тулгамдсан асуудлын нэг болох Агаарын бохирдлыг бууруулахад Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар тодорхой ажлуудыг эрэмбэлэн зохион байгуулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байна. Үүнд:
-Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдолын 1, 2 дугаар бүсэд байрладаг, Ерөнхий боловсролын 61 сургууль болон эрүүл мэндийн байгууллагийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах агаар шүүгч тавихад 1 тэрбум төгрөгийг суулгах тодорхой санал оруулж байна.
3. Төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр
Нийслэлийн 2017 оны төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийж байна. Төсөлд газрын төлбөр 11.2 тэрбум тасарсан, төсөвт байгууллагын өөрийн орлого 11.8 тэрбум тасарсан гэх мэтчилэн холбогдох төрийн байгууллагууд ажлаа хангалтгүй хийсний улмаас 26-27 тэрбум төгрөгийн орлого дутуу төвлөрсөн байна. Гэтэл хүү, торгуулийн орлого 3,4 турбумаар давж биелсэн нь хотын удирдлага албан ажлаа хангалтгүй хийсэн хэрнээ иргэдээ хүү торгуулиар дарамтлан ажиллажээ гэдэг дүгнэлтэд хүргэж байна.
Иймд Нийслэлийн удирдлага, төрийн албан хаагчид хотын иргэдийнхээ төлөө хариуцлагатай, төсвийн сахилга бат, ил тод байдлыг хангаж, төсвийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байна.
4. Ажлын хэсэг байгуулах чиглэлээр
Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээний биелэлт, мэдээллийн технологийн чиглэлээр Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн ажлуудын гүйцэтгэл, явцын үр дүн болон Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахтай холбоотой ажилд хяналт тавих, танилцах Ажлын хэсгийг НИТХ-аас тус тус гаргаж ажиллах саналтай байна.
Мөн 26 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах зорилгоор мэргэжилтнүүдийг оролцуулсан Түр хороог НИТХ-аас байгуулан ажиллах нь зүйтэй юм. Үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, менежментэд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нарыг татан оролцуулах бодлого баримталж, алдагдлыг бууруулах, үр ашигтай ажиллуулах арга хэмжээ авах, зарим нийслэлийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжаалах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.