МАН-ыг хэн удирдах вэ

2017-11-20 Uncategorized

Тарж бутрахдаа тулаад байгаа МАН-ыг эвэнд нь оруулахаар 1309 төлөөлөгч оролцсон XXVIII Их хурлыг өнөөдөр (2017.11.20) эхлүүлэх боллоо.

Хоёр өдөр үргэлжлэх Их хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн алдаа, оноогоо дэнсэлнэ, удирдлагаа шинэчлэнэ. Намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдээ шинээр сонгоно. Дөрвөн жилийн өмнө МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээхэд мөн л Их хурлаа ийм сценариар хийж, алдаа, оноогоо дэнсэлж байв. Гол ялгаа нь тухайн үед МАН цөөнх байсан бол өнөөдөр эрх баригч хүчин гэдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл, эрх баригч хүчнийг хэн удирдах вэ гэдгээс ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох болж байгаа.

Намын даргын сунгаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нар өрсөлдөхөө албан ёсоор зарлаад байсан бол Бага хурлаа хийх мөчид өчигдөр ‘Exclusive’ компанийн захирал Г.Майцэцэг нэр дэвших хүсэлт гаргасан нь олныг гайхашруулав.

Хэдхэн сарын өмнө болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Г.Майцэцэг “Монгол ялна” гэх постыг твиттер хуудсаараа “жиргэж” нутгийн нэр дэвшигчээ дэмжиж явсан бол өнөөдөр буцаад намдаа иржээ. Гэхдээ түүнийг Баянгол дүүргийн МАН-ын 121 үүрийн гишүүн биш гэх маргаан үүсээд байна. Бүртгэл сайтай бол намын гишүүн мөн биш эсэхийг тогтоочихож дөнгөнө. Харин бүртгэл нь замбараагүй бол маргаан гарч мэднэ.

Одоогоор дөрвөн нэр дэвшигч дөрвүүлээ намын даргын сунгаанд орох уу гэдэг эцэслэгдээгүй байгаа ч угшлаар нь хөөвөл Г.Майцэцэг, Н.Дэмбэрэл нар Баянхонгор аймгийнх аж. Тэдний зорилго нэр дэвшигчдийн саналыг хуваах зорилго агуулж буй бололтой. Гэсэн ч гол өрсөлдөөн У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын дунд болно гэж намын гишүүд нь үзэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өмнө нь МАН-ын “гал тогоог” барьж явсан учраас алдаа, оноо аль алиныг нь мэднэ. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээснээр ерөнхий нарийн бичгийн даргаасаа чөлөөлөгдөж байсан. Харин МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад У.Хүрэлсүх ирж, Шадар сайд болсон. Улмаар Ерөнхий сайдын алба хашиж буй.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хувьд парламентын гишүүн гэдгээрээ бусад гурван нэр дэвшигчээсээ давуу. Парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Улс орнуудын жишгийг харахад парламентаас сонгогдсон гишүүн нь намаа удирддаг. Тэр дундаа эрх баригч хүчин сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзвэл хууль баталдаг суьектдээ анхаарал хандуулж ажилладаг.

Мөн зарим гишүүнийх нь хэлж буйгаар бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэлсэнчлэн эрх баригч хүчинд намын ажил, Засгийн ажил хоёрыг салгах шаардлага бий. Хэтийдсэн их ачааг Ерөнхий сайд үүрэх нь эргээд УИХ-ын сонгуулиар намаараа хариуцлага хүлээхээс аргагүйд хүрдэг гашуун туршлага бийг санах учиртай аж.

Нөгөө талаас МАН-ын дүрэмд Ерөнхий сайд нь намын дарга байна гэдэг заалт бий ч хатуу хуульчлаагүй. Тийм учраас 2016 оны УИХ-ын сонгуульд МАН 65 суудал авахад намын дарга М.Энхболд Ерөнхий сайд болоогүй, харин Ж.Эрдэнэбатад гүйцэтгэх засаглалыг атгуулж байжээ.

Өөрөөр хэлбэл, хэнийг намын удирдлагаараа сонгохоос шалтгаалж энэ нам бутрах уу, эвлэх үү гэдэг ирээдүй нь зурагдана.

Энэ намд өнөөдөр талцал хуваагдлыг зогсоож, эв нэгдлийг хангаж чадах удирдагч хамгийн их хэрэгтэй байгаа. Сонголтыг 1309 төлөөлөгч хийнэ. Их хурлын төлөөлөгчдийнхөө шийдвэрийг хүндэтгэж, МАН-ын дарга М.Энхболд халаагаа өгнө.

Г.ХОРОЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.