Х.Тэмүүжин: УИХ дээр илт худал ярьдаг байдал газар авлаа

Өчигдөр Нам хөдөлгөөний амьдрал

УИХ дахь АН-ын бүлгийн хурал болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлэг нь дөрвөн асуудалд төвлөрч ажиллахаар шийдсэн. Тухайлбал, эдийн засгийн эрх чөлөө чухал асуудал болж хувирсан. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж байна. Төр болон төрийн өмчит компани, төрөөс тусгай зөвшөөрөл авдаг бизнесийг нэмбэл эдийн засгийн 90 хувьд хүрсэн, үлдсэн 10 хувь дээр нь 200 мянган ААН ажилладаг нөхцөл байдал нүүрлэсэн. Ийм учраас иргэний бизнесийн эрх чөлөө гэдэг ойлголт дээр илүү төвлөрч бодлогын баримт бичиг дээр ажиллана” гэв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаар хэрэгжүүлнэ. Улсын гадаад дотоод бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагдаж байгаа. УИХ бол Үндсэн хуулийн байгууллаараа гол шийдвэр гаргах ноён нуруу болох ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдэд харагдахгүй боловч хэлбэрийн том ухралт хийсэн. Парламентын чуулган буюу УИХ- ын хойморт гүйцэтгэх засаглалын тэргүүн нь гараад суучихдаг. УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайдаас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр төрх харагддаг. УИХ -ынхаа толгой дээр нь Ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент дэлхийд алга. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр нь гараад суучихсан байгааг зогсоож, 126 гишүүнийхээ дунд суух хуулийн төсөл өргөн барина.

УИХ-ын дэгийн тухай хуульд Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг зохицуулалт байна. Ерөнхий сайд энэ мэдээллийнхээ цагаар ямар мэдээлэл өгөхөө өөрөө сонгож, УИХ-д өгдөг. Энэ нь Засгийн газар ажлаа УИХ -ын өмнө хариуцна гэдэг Үндсэн хуулийн заалтыг эвдэж байгаа. Тийм учраас Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг гэж өөрчлөөд, Ерөнхий сайд өөрөө ирж тайлбар мэдээллээ өгдөг, хариуцсан сайдаа дагуулж орж ирдэг зарчимд шилжихгүй бол УИХ бол Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо гэдэг бодит шүүүмжлэл яваад байна.

Гуравт, УИХ -ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ -ын нэгдсэн чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгч байгаа албан тушаалтнууд хариуцлагатай байх гэдэг тогтолцоог оруулж ирэхгүй бол УИХ дээр илт худал ярьдаг байдал газар авлаа.

Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр УИХ- ын гишүүн чуулган дээр бусдыг гүтгэж дороbжилсноос бусдаар хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. УИХ -ын гишүүнээс бусад албан тушаалтан УИХ- ын чуулган дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл одоо 126 гишүүнээс гадна төрийн бүх албан тушаалтнууд УИХ дээр ирж хариуцлагагүйгээр худал хэлэх хэмжээний тогтолцоо бий болсон байна. Энийг зогсоохын тулд УИХ -ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтныг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байга. Иргэдийнхээ худал мэдээллийг шийтгэдэг мөртлөө эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын чуулган дээр худал мэдээлэл өгсөн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуулалт хийхээс аргагүй. Иймд энэ хүрээнд хуулийн төсөл өргөн мэдүүлнэ” гэв.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.