Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэжээ

2017-03-7 Нийтлэл
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан нэр бүхий таван гишүүн УИХ-ын даргад 2017 оны хоёрдугаар сарын 24-нд нэгэн тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн билээ. Тодруулбал, Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банк дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах тухай юм. Мөн хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, олон нийтэд мэдээлэх. Түүгээр зогсохгүй Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албанд наймаас доошгүй жилээр ажиллахыг хориглох тухай юм. Түүнчлэн одоо төрд алба хашиж байгаа тохиолдолд төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эргүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барих чиглэлийг Засгийн газарт өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл юм.
Энэхүү тогтоолын төслийн хавсралтад Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан байна. Ямартай ч нэр бүхий гишүүд “но”-той нөхдийг ийнхүү нэрлэлээ. Харин ирэх хаврын чуулганаар уг асуудал хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.
1.“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү. Түүнтэй ашиг сонирхол нэгтэй, хамт шалгах шаардлагатай хүмүүсээр Ерөнхий сайд асан С.Баяр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байхдаа 100 сая ам.долларын баталгаан дээр гарын үсэг зурсан Ч.Ганзориг, дээрх баталгаа гаргах үед ТӨХ-ны дарга байхдаа гарын үсэг зурсан, одоогийн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын ерөнхий захирал байхдаа 40 сая ам.долларын баталгаанд гарын үсэг зурсанТ.Очирхүү нарыг нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, 2007-2009 оны хооронд тэр үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайдС.Баяр, ТӨХ-ын дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар УБТЗ болон “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Жаст” компанид баталгаа гаргаж өгсөн. Гэвч 2016 оны есдүгээр сарын Лондонгийн Арбитрын шийдвэрээр уг өрийг дээрх хоёр компани төлөөд эхэлсэн.
2. Бизнесмэн Сү.Бат-Очир. Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах. Тэрээр нэг оффшор данстай бөгөөд түүнд нь байх хууль бус орлого нь “Бороо гоулд” ХХК, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн уурхайтай холбоотой байж болзошгүй гэнэ.
3. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан. Оффшорт долоон данстай энэ эрхмийн хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргасан 100 саяам.доллартай холбогдож болзошгүй.
4. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал асан тэрээр оффшорт хоёр данстай. Төмрийн хүдэр үнэтэй байх үед төмрийн хүдрийг хоёр гэрээгээр экспортолж, их хэмжээний орлого нуусан байж магадгүй гэнэ. Энэ асуудлаар нь түүнийг 2012-2015 оны хооронд шалгаж байжээ.
5. Сангийн сайд асан Я.Очирсүх оффшорт нэг данстай гэнэ.
6. НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай.
7. НИК, Петровис ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайтай холбоотой хууль бус орлого олсон байж болзошгүй.
8. С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд 1981 онд төрсөн. Оффшорт дөрвөн данстай. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
9. С.Баярын том охин Б.Нандин /1977 онд төрсөн/ болон Энрико Дел Каса оффшорт хоёр данстай. Хууль бусорлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
10. С.Баярын бага охин Б.Хонгор. 1992 онд төрсөн. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
11. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшорт нэг данстай. Түүнийг Сангийн сайд байхад Оюутолгойн гэрээ зурагдсан байдаг. Хууль бус орлого нь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхай, “Оюутолгой” ХХК-тай холбоотой байж болзошгүй.
12. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оффшорт нэг данстай. Тэрээр өмнө нь байгаль орчны сайдаар ажиллаж байсан.
13. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн. Оффшорт нэг данстай. Хууль бус орлого нь хууль бусгазрын наймаатай холбоотой байж болзошгүй.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.