Хэн юу хэлэв

2017-10-28 Ярилцлага

Өнгөрөгч долоо хоногт олны анхаарлын төвд байсан асуудлаар албаны хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2008-2016 онуудад улсын төсвөөс 147 тэрбум гаруй төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая долларыг сайжруулсан зуух, түлш, нам даралтын зуухыг шинэчлэх, төвлөрсөн дулаанд холбох, эко автобус, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, айл өрхийг хийн хэрэглээнд шилжүүлэх туршилт, судалгаа шинжилгээ хийх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн.  Тодорхой үр дүн гарч байсан ч хүсэн хүлээсэн хэмжээнд хүрээгүй. Гэвч үр дүн хангалтгүй, Улаанбаатар хотын агаарын чанар өвлийн улиралд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давсан үзүүлэлттэй хэвээр байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа:

-Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардсаар байна. Салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Боловсролын салбарыг нуруундаа үүрч яваа хүмүүс бол багш нар. Дундажаар 560 мянган төгрөгийн цалинтай багшаас ажлын өндөр хариуцлага шаардах боломжгүй. Энэ салбарын сайдын хувьд би багш нарын цалинг нэмэх асуудлыг үргэлж тавина. Гэхдээ Цогзолмаа хүссэнээрээ улсын төсвийн мөнгийг захиран зарцуулах боломжгүй. Тиймээс бид төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа хүмүүстээ энэ ондоо багтаан 300 мянган төгрөгийг ажлынх нь үр дүнгээс шалтгаалсан урамшуулал хэлбэрээр олгохоор болсон. ОУВС-гийн гэрээнд орсон цалин нэмэхгүй гэсэн заалтыг мөрдөхөөс өөр аргагүйг багш нар ойлгох ёстой.

О.Баасанхүү: Ц.Нямдоржийн гэмт буруутай эсэхийг шүүх тогтоох ёстой

-Тагнуулын ерөнхий газрын дарга өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үйлдэл нь цочирдсон, айсан, албан тушаалаа өгөх гэж сандарсан гэнэн зүйл гэж харахгүй байна.

Нөгөө талаас Хууль зүйн сайд Ц.Нямдорж тодорхой асуудлуудыг цэгцлэх тухай ярьсныг буруу гэж би бодохгүй байна. Хамгийн гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн 42 сая ам.доллар шахааны бизнесийн тухай юм. Би Орхон аймгаас сонгогдсон. Эрдэнэтэд олон иргэн ядуу, ажилгүй зовдог нь шахааны бизнес юм. 1990-ээд оноос хойш шахааны бизнес газар авсан. Би Авлигатай тэмцэх газарт олон материал өгсөн. Тийм учраас Хууль зүйн сайд нь хүртэл иймэрхүү зүйл ярьж байгаа бол энэ асуудлын үнэн худлыг, мөн яагаад шахааны бизнест холбогдох болсныг нь бид сонсох ёстой. Хэрвээ энэ асуудал үнэн бол гэмт хэрэгт тооцогдоно. Хууль зүйн сайд нь дээр үед болсон явдал гээд яриад байж таарахгүй. Би эцэг хүний хувьд хүүхдэдээ тусалсан, миний багшийн хүүхэд байгаа юм гэж яриад байна. Тэгэхээр үүнийг шалгаж, гэм буруутай эсэхийг шүүх тогтоох ёстой.

Ц.Нямдорж: Бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа

-Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Өөрийгөө солигдохоо мэдчихээд тэгж байна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудлыг шийднэ. Надад хэлж амжаагүй үг байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон шүү. Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Ийм оролцоотой, ийм учиртай юм. “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж тэд нар ийм мэдээлэл хийж байгаа юм байна л даа.

Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц:

-Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг нь мэдэхгүй. Одоо тэр дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Улс төрийн зорилгоор. Гэхдээ Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг.  Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна. Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Тэр Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг. Баримтууд нь бий.

З.Энхболд: Надад хов жив хөөцөлдөх зав алга

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийсэн. Ингэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд улстөржиж байна гэсэн.  Та энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Тийм юм байхгүй. Ерөнхийлөгч, УИХ хоёр тус тусдаа байгууллага. Бодлогын асуудал ярьж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай хов хөөцөлдөж явах ямар ч цаг надад байхгүй.

Тэгээд ч УИХ олонхоороо хүч түрж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзвэл Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаараа үлдэнэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төрийн албан хаагчийн дөрвөн хүн тутмын нэг нь төрийн албанд тэнцэхгүй байна

-Энэ хууль батлагдаж гарснаар төрийн алба цомхон болох ёстой. Төрийн албан хаагчийн дөрвөн хүн тутмын нэг нь төрийн албанд тэнцэхгүй байна. Иймд дүгнэлт гарсан тул төрийн албыг багасгах боломжтой. Сингапур улсын хөгжсөн нууц нь тус улсын төрийн албанд хамгийн чадвартай хүмүүс ажилладагтай холбоотой. Энэ жил ажлаас халагдсан 23 мянган төрийн албан хаагчид тэтгэмж олгохоор байна. Энэ мэт халаа сэлгээний нөхөн төлбөрийг төр төлсөөр байх уу. Хэрэв тухайн газрын дарга хууль бус томилгоо хийсэн бол хариуцлагын тогтолцоог суулгаж өгөх хэрэгтэй.

 

 

 

Хууль л амла!

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.