Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа. Тэрбээр өмнө нь Монгол Улсын хөгжлийн чиг баримжааг тодорхойлох, томоохон төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх боломжийг хангах чиг үүрэг бүхий Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байсан билээ.
-Та томоохон хөрөнгө оруулагч компаниудын төлөөллүүдтэй уулзаж санал солилцсон. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед тэд ямар асуудлыг чухалчилж байна вэ?
-Томоохон хөрөнгө оруулалттай компаниудыг төлөөлж байгаа хүмүүсийн асуулт, хариултын байдлыг харж байхад Засгийн газрын хувьд бизнесийн идэвхийг сэргээхэд ямар тодорхой арга хэмжээ авах, эдийн засгийг хэрхэн дэмжих, жижиг дунд үйлдвэрт ямар дэмжлэг үзүүлэх, томоохон төслүүдээ явуулах уу, үгүй юу гэдгийг харзнаж байх шиг байна. Нийтлэг хариулт гэвэл жижиг, дунд үйлдвэр, том компаниудын аль алинд нь томоохон төслөө явуулах нь ихээхэн чухал байна. Хоёрдугаарт, дэлхийн зах зээлд гарах гарцын талаар тодорхой ярих хэрэгтэй болсон. Жишээлбэл, хүнсний бүтээгдэхүүнийг дэлхийд гаргана гэж байгаа боловч улс орон бүр өөрийн хүнсний стандарттай. Уг стандартад тохируулж бараагаа гаргахгүй бол экспортлох боломж муу байна. Энэ мэт тодорхой ажил хэрэгч зүйлүүдийг хөндөж байна.
-Ерөнхий сайд эхний 18 сард эдийн засгийн уналтыг зогсоож, зургаан сард тогтворжуулж, сүүлийн хоёр жилийн дотор эдийн засгийг өсгөж, амлалтаа биелүүлнэ гэсэн. Эхний жил хагасын дотор уналтаа зогсоож чаддаг юм байж. Тэгвэл юунд суурилж эдийн засгаа өсгөх, ямар арга замаар амлалтаа биелүүлэх нь тодорхойгүй байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би тантай санал нэг байна. Одоогийн байдлаар төсвийн алдагдлыг хэрхэн бууруулах тухай ярих нь чухал боловч цаанаа том дүр зураг нь юу юм бэ гэдгийг бодох ёстой. Томоохон ямар төслүүдээ хэрэгжүүлж улс орныг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг ярих хэрэгтэй. Жишээлбэл, томоохон төслүүдийн тухай асуултад ТЭЗҮ бэлэн биш байна гэсэн хариулт өгч байсан. Тэгвэл одоо тэрийгээ бэлдэх чиглэлээр юу хийж байгаа юм. Эсвэл ерөөсөө одоогийн байдлаар томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа юм уу. Энэ бүхнийг тодорхой болгох хэрэгтэй.
-Та Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байсан. Тэгвэл улс орныг хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ барьж авч, хэрэгжүүлэх чиглэлээр ямар санал бодолтой явдаг вэ?
-Ер нь аливаа хөгжлийг урьд өмнөхөөсөө технологийн хувьд ч юм уу, зарчмын хувьд шинэ шатанд гаргахыг хэлж байгаа юм. Манай улсын хувьд шинэ шатанд гарахын тулд юуны өмнө дэд бүтцийн салбараа сайжруулах хэрэгтэй байна. Тухайлбал, эрчим хүчний үйлдвэрлэл сүүлийн таван жилд төдийлөн өсөөгүй байна. Бид ТЭЦ-5 гэсэн асар том төслийг эхлүүлээгүй. Маш их хугацаа алдсан. Эндээс л эрчим хүчний аж үйлдвэрт томоохон ахиц гараагүй гэсэн дүгнэлт хийж болно. Төмөр замын салбарыг аваад үзвэл говийн төмөр замыг одоо болтол бариагүй. Бас л энэ салбарт томоохон алхам хийгдээгүй гэсэн үг. Улаанбаатарын хүн амын нягтаршил улам өсч байна. Гэтэл метрог бариагүй хэвээр байна. Энэ бүхнээс дүгнэвэл бид өнгөрсөн дөрвөн жилд маш их хугацаа алдсан. Яахав аргацаах байдлаар Амгалан дулааны станц зэрэг ажлууд хийгдсэн л дээ. Гэхдээ зарчмын хувьд шинэ шатанд гараагүй байна.
Оюутолгой, Ухаа худгийн төсөл аль аль нь 2012 оноос өмнө баригдаж ашиглалтад орсон шүү дээ. Тэгэхээр одоо ямар шинэ үйлдвэр, ордыг ашиглалтад оруулах юм бэ гэдгийг шийдээд эртхэн бэлдэх хэрэгтэй. Цаг хугацаа бага байгаа. Хэдийгээр 18 сарын дотор эдийн засгийг тогтворжуулна гэж ярьж байгаа ч сонгогчдын хувьд ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуулиар эхний дүнгээ тавьж эхлэнэ. Мөн энэ жил орон нутгийн сонгуулиар ч дүнгээ тавина. Тэгж ярьвал, 2020 он нэг мэдэхэд ойртоод ирнэ. Тиймээс одоо төсвийн алдагдлыг ярихын тулд хэт их цаг зарцуулах бус дараагийн шатанд гарах алхамаа хийх, бэлдэх, төлөвлөх, томоохон төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх ажил хэрэгтэй.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт томоохон төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлнэ гэж тусгасан?
–Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлд томоохон төслүүдийг хийнэ гэж бичсэн боловч яаж эрчимжүүлэх, юу хийх нь одоогоор тодорхой бус байна. Тэрийгээ бодлого болгож гаргаад олон нийтэд танилцуулах нь чухал. Том зургаар улс орны ирээдүйн хөгжлийг харж ярих хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгойг 2009-2012 оны хооронд ашиглалтад оруулснаар эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, ажилгүйдэл түүхэндээ хамгийн бага хэмжээнд очсон. 100 мянган ажлын байрыг шинээр бий болгосон. Харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жилд байдал эсрэгээр муудсан. Одоо дараагийн дөрвөн жилд ямар байх вэ гэдгийг тодорхойлохын тулд томоохон шийдвэрүүдээ гаргах нь чухал байна.
Эх сурвалж: Newsmedia.mn
59 минутын өмнө
Өчигдөр
Өчигдөр
2024-11-29
87381
30495
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.