Хөгжлийн банкнаас “хумслагчид” нь МАН-ынхан хэмээн АН-ын бүлгийн дарга гишүүдийнхээ хамт тайлбар хийв. Гэхдээ энэ мэдээллээ нягтлах боломж өгөөч гэсэн шиг Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэх хугацаагаа хойшлуулахыг шаардсан юм. Мэдээж тэдний шаардлагыг эрх баригчид хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Өнөөгийн эрх баригчид АН-ынхан албан тушаалаа ашиглан Хөгжлийн банкны хөрөнгийг хуваагаад залгичихсан гэж үздэг. Тийм атлаа буруугаа бусад руу нялзаахын тулд нэр бүхий хүмүүсийг холбогдуулсан тухай ч ам нээж байсан удаатай. Ямартаа л өнөөгийн Спикер цэнхэр, ягаан тасалбарынхаа үр шимийг хүртэж суугаа жирийн нэгэн хувьцаа эзэмшигч атал Хөгжлийн банкнаас зээл авсан этгээдийн нэрсийн тоонд багтдаг нь гажуудал гэж үзэх нь бий. Иймээс асуудлыг хойшлуулахын оронд харин ч ил шударга халз мэтгэлцэх нь зүйд нийцэлтэй гэлтэй.
Үнэндээ УИХ-ын бүрэн эрхэд халдсан, гадаад зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн хөрөнгийг хэт үрэлгэн зарцуулсан зөрчил Хөгжлийн банкнаас илэрчээ. Мэргэжлийн бус удирдлагатай Хөгжлийн банк мэдрэлийн тасгийнхнаас ялгарахааргүй болсныг шалгалтын материалаас харж болохуйц гэнэ. Тус банк Самурай, Чингис бондоос гадна олон улсын санхүүгийн байгууллагуудаас нэлээд хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Чингис бондын 269.8 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иенийн эргэн төлөлтөөс гадна үүнтэй дүйцэхүйц хэмжээний өр төлбөр ч мөн цаана нь бий гэсэн үг. Тухайлбал, Хятадын хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээл авсан. Жилийн зургаан хувийн хүүтэй, найман жилийн хугацаатай эл зээлийг манай улс 2022 оны есдүгээр сарын 2-н гэхэд төлж дуусах учиртай. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд Монгол, Хятад хоёр улсын Хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн гэрээ нь энэ юм. 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд Засгийн газрын 116 тоот тогтоолоор автозам болон орон сууц барих мөн хоёр талын бусад тохиролцсон төслийг санхүүжүүлэхэд зарцуулахаар тохиролцсон байдаг. Энэхүү санхүүжилтээр Хөгжлийн банк нь дэд бүтцийн хэд хэдэн томоохон төслийг санхүүжүүлэх мөн Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Амгалангийн дулааны станц болон автозамын ажлыг санхүүжүүлэх тухай мэдэгдэж байлаа.
Түүнчлэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат 2014 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөгжлийн банк энэ онд Самурай бондоос гадна шинээр хоёр эх үүсвэрийг босгосон байгаа. Тодруулбал БНХАУ-ын даргын айлчлалын дараа Хятадын хөгжлийн банкнаас 112 сая ам.долларын зээл орж ирсэн. Хоёрт, Хөгжлийн банкны олон улсын хамтарсан банкуудаас нийт 300 сая ам.долларын зээл авах эрх үүссэн” хэмээсэн байдаг. Мэдээж Н.Мөнхбатын хэлсэнчлэн Хөгжлийн банк 300 сая ам.долларын хэмжээтэй хамтарсан зээлийн санхүүжилтийг амжилттайгаар босгосон. Уг зээлийн хөтөлбөрт зохиуцлагчаар Кредит Свисс банк, БНХАУ-ын Экспорт Импортын банк болон Сумитомо Мицуи банкууд ажилласан байдаг. Гурван жилийн хугацаатай, 6.57 хувийн хүүтэй дээрх зээлийг 2019 оны зургадугаар сарын 15-нд төлөх учиртай.
Зээл үүгээр дуусахгүй. Зөвхөн ам.доллараар хэмжигдэх эх үүсвэрийн тухайд л гэхэд 1.7 тэрбумын зээлтэй. Товчхондоо Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгөний эх үүсвэр нэг иймэрхүү. Энэ дундаас Монголын эдийн засагт хамгийн эхний бөгөөд том цохилт үзүүлэх эргэн төлөлт бол 580 сая ам.доллар. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондыг жилийн 5.75 хувийн хүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудтай хамтран арилжаалсан байдаг. Эл зээлийг ирэх оны гуравдугаар сарын 21-нд эргэн төлсөн байх ёстой. Зээлжих зэрэглэл тогтоогч “Moodys” байгууллагаас манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь дээрх 580 сая ам.доллартай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ирэх онд бондын өрөө дарах чадамж харагдахгүй байгаа тул олон улсын хөрөнгө оруулагч, улс орнуудад Монголд зээл өгөхөөс аль болох татгалзсан нь зөв гэсэн агуулгыг тэд уг зээлжих зэрэглэлээрээ зөвлөсөн гэхэд болно. Хамгийн гол нь арилжааны нөхцөлөөр авсан зээлүүд маш хатуу нөхцөлтэй байдаг. Энэ тухай Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат “Бусад улс донор орнуудаас авсан зээлээ чадах үедээ төлнө, чадахгүй үедээ төлөхгүй. Бид ч бас адил. Чадахгүй байна уучлаарай гэвэл бидэнд юу ч хэлэхгүй. Яагаад гэвэл бид нэг их гуйж аваагүй шүү дээ. Донор орнууд та нарын амьдрал хэцүү байгаа тул жаахан өөд нь татая гээд сайхан сэтгэлээр зээл, тусламж өгсөн. Харин сүүлд авсан Чингис бонд болон Хөгжлийн банкны зээл маш хатуу нөхцөлтэй. Үүнийг төлж чадахгүй бол бидний гарыг мушгина. Дэлхийн хувийн банкууд бүгд маш хатуу арилжааны зарчмаар ажилладаг. Мөнгөө төл, төлж чадахгүй бол гарыг чинь мушгина шүү гэсэн нөхцөлийг хүлээгээд л бид зээл авсан шүү дээ. Хэрэв төлж чадахгүй бол төсөв, төсвийн ажилчдын цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалтаа тэдээр хас гэх зэргээр эхлэнэ. Хасаад зээлээ төлж чадахгүй бол Эрдэнэтээ зар, тэр газар, үйлдвэрээ зар гэнэ. Монголын онгоц Бээжинд буувал шууд хураагаад авчихана. Монголын өмчийн бүх юмыг хаана ч хурааж авдаг дүрэмтэй” хэмээн ярьсан байсан.
Түүнчлэн Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн мэдээлэлд АСЕМ гэж бий. Зургаан жилийн хугацаатай, дөрвөн хувийн хүүтэй 125 тэрбумын болоод гурван жилийн хугацаатай, 108 тэрбум төгрөгийн талаар ч тусгагдсан байдаг. АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулахтай холбоотой зочид буудлуудад шаардлагатай 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг “Хөгжлийн банк”-ны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгохоор Засгийн газраас өнгөрөгч оны зургадугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм даг. Ингэхдээ зээл нь тав хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй байхаар тусгасан аж. Гэвч эл мөнгөнөөс 77 тэрбум төгрөг нь л шилжиж орж ирсэн тухай АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны ахлах Л.Оргил тухайн үедээ мэдэгдэж байв. Зөрүүтэй олон мэдээллийн дараа эл асуудал замхарч, эзэн биегүй хоцорсон гэхэд ч болно.
Гол нь Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн эл их мөнгө бүгд зээл. Урт удаан хугацаанд Монгол Улс төлж барагдуулах үүрэгтэй. Мэдээж зээлийг авахын тулд гаргасан зардлыг тоочвол бас л чамгүй тоон үзүүлэлт гарна. Гагцхүү татан төвлөрүүлсэн дээрх зээл манайд үр ашгаа өгөх үү. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтынхны хэлж байгаагаар ашгийн талаар ярих ч боломжгүй гэх. Харин ч Хөгжлийн банк хөгжлийн бэрхшээлтэй болсон төдийгүй бүр улсаа эрсдэлд оруулахаар нөхцөл байдалтай байгааг эх сурвалж өгдөг.
Их захгүй тансаглаж, дээл хувцас мялаахдаа хэдэн саяар нь зарцуулсан Хөгжлийн банкны удирдлагууд өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж буй. Хөгжлийн банк ямар ч төсөл хөтөлбөргүйгээр зээл авсан. Мөн өөрийн үзэмжээр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Уг нь Хөгжлийн банкны тухай хууль, Компанийн тухай хуульд Засгийн газар, Засгийн газрын яаманд Хөгжлийн банкинд төвлөрүүлсэн эх үүсвэрээс зээл олгох шийдвэр гаргах ямар нэгэн эрх олгогдоогүй аж. Гэвч энэ хууль хэдийнэ уландаа гишгэгдсэн гэнэ. Мөн хуулиар тусгайлан эрх олгогдоогүй субъектүүд төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэгч сонгон шалгаруулалтын журам тогтоон хэрэгжүүлсэн.
Хөгжлийн банкны тухай хуулийн 8.3.2-т заасан зээл нь “Зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн байх гэснийг зөрчсөн гээд зөрчил нь мундахгүй. Түүнчлэн Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгөөр Засгийн газар үнэт цаас худалдан авсан гэх мэдээлэл ч нэг хэсэгтээ хэвлэлийн хуудаснаас салаагүй. Хэдийгээр тухайн үед албаныхан энэ мэдээллийг няцааж байсан ч зарим эх сурвалж батлах нь бий. Юутай ч энэ мэт хуудуутай явдлаар дүүрэн Хөгжлийн банкны хөшгийг өнөөдөр нээнэ. Хууль зүй, эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар олон эх үүсвэрээр бий болсон хөрөнгө хэний халаасанд орсныг илчлэх биз ээ. Ингэснээр АН-ынхны айдас ч үгүй болж мэдэх юм.
Эх сурвалж: Newsmedia.mn
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87384
30523
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.