Засаг даргын зөвлөл хуралдав

2017-03-24 Дархан-Уул

Өчигдөр /2017.03.23/ 17:00 цагт Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөл хуралдав. Хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргав.

ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд аймгийн орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр, төсөл арга хэмжээ ангиллын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах журмыг хэлэлцэж баталлаа. Энэ нь цоо шинэ журам биш юм, өмнөх жилүүдэд хэрэгжиж байсан журамд нэмэлт тодотгол хийж танилцуулж байгаа гэж аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Батсүх танилцууллаа.

Журмаар хөрөнгө оруулалтын нийт зардлын 70 хувиас дээш нь капиталжих буюу биет эд, зүйлс, 30 хүртэлх хувь нь биет бус байхаар тусгагдсанаас гадна тухайн үйл ажиллагааг 1 жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн, дадлага туршлагатай, үйл ажиллагаа нь олон нийтэд танигдсан байх, татварын болон банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх зэрэг шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулна гэв.

Аймаг, орон нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, төсөл арга хэмжээг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбогдон гарах харилцааг зохицуулсан журмын төсөлтэй аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд танилцаж баталлаа.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ БАТЛАВ

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд Дархан-Уул аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс оруулж хэлэлцүүлэв.

Аймаг, орон нутгийн түүхий эд, нөөц боломж, давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, сумдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг оновчтой зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, аж ахуйг шинээр байгуулах,үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дархан-Уул аймгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл”-ийг боловсруулсан байна.

Манай аймаг төдийгүй Монгол улсын хэмжээнд үндсэн суурь тэргүүлэх чиглэл болох мал аж ахуйг хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд авч үзсэн байна. Сүү, мах, мах ноосны хонины, гахай, тахиа, зөгий, туулайн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхээс гадна эрдэс тэжээл, гар тэжээл, дарш үйлдвэрлэх малын тэжээлийн үйлдвэр, шинэ техник, технологи бүхий малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихийг тэргүүлэх чиглэлээр тодотгосон байна.

Газар тариалангийн хувьд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, Үр, сортын үйлдвэрлэл, өвлийн хүлэмжийн аж ахуй, агуулах, зоорийг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилгоор тэргүүлэх чиглэлдээ оруулжээ.

Хүнсний үйлдвэрлэлийн хувьд уламжлалт үйлдвэрлэлээ дэмжихээс гадна Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, хүүхдийн хоол тэжээл,тусгай зориулалтын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын баримжаатай болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү дэмжинэ гэв.

Уг журамд дөрвөн сумынхаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг ч мөн тодорхойлсон байна. Иймд аймгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг сумын нутаг дэвсгэртээ зохион байгуулж, жижиг дунд үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах үүргийг сумдын Засаг дарга нар хүлээх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.