Яаралтай түргэн тусламжийн машинаар ямар эрх, дархтай хүмүүс нь айраг зөөж байна вэ? гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр цахим хуудаст нийтлэгдсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 төв мэдэгдэл гаргаж, албаны машинаар айраг зөөсөн гэдэг ташаа мэдээлэл гэлээ.
Тодруулбал, цахим хуудаст нийтлэгдсэн зураг дээрх машин нь Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн машин биш бөгөөд хувийн эмнэлгийн машин гэв.
103 төвөөс гаргасан мэдэгдэлд, Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ. Мөн автомашин бүр дээр “GPS” төхөөрөмж суурилуулан хяналт тавин, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна.
Төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “ТҮРГЭН ТУСЛАМЖ” гэсэн бичиглэлтэй, хоёр хажуу талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ” хэмээх том бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг.
Зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай НТТТ-ийн машин биш болохыг мэдэгдэж байна.