За энэ манай Bayar Banzragch тэргүүтэй хадны зураг судлаач, сонирхогчдын хүсэлт юм аа.
Төрийн ордон заавал хашаатай байх ёстой юм бол санал байна аа. Хоёр мянганаас илүүг гаталж, хойчийн галавтай зэрэгцэн оршдог төрт ёсны их түүхийн бодит гэрч, боломжит судлагдахуун болох, монголчуудын өв соёл, үнэт зүйлийн толь болж үлдсэн хадны сүг зургуудаар ордны хашааг чимэглэнэ үү.
Тэгэхдээ тухайн хадны зургийн танин мэдэхүйн тайлбар, он дарааллыг бичиглэж үлдээвэл энэ нь Монгол төрийн сүр хүч, монгол түмний бахархалт мэдлэг, нүүдэлчин зон олны түүхэн шастир болох билээ. Аялал жуулчлалын онцгой содон соронз болохыг ч үгүйсгэхгүй. Тэгэхдээ түүхэн ач холбогдол, газар нутгийн онцлог, дэлхийд үнэлэгддэг үнэ цэнийг нь тооцон ордны хашааг чимэглэх хадны зургуудаа сонгож бас болно. Өнгө загварын хувьд ч байгалын бор, шаргал өнгө ордонтой илүүтэй зохицоно. Нэмж хэлэхэд, төрийн ордонд түмний зараалаар суугаа түшмэдүүд та бүхэнд ч шоронд суугаа мэт эвгүй, торонд хоригдсон мэт таагүй мэдрэмж төрүүлэхгүй. Ордны гаднаас орилдог бидний хувьд ч хашаатай хониндоо чимээ өгч байгаа мэт, холбоотой ямаагаа чөхөлж буй мэт сэдэл үлдээхгүй.
Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хадны зурагт монголчуудын хэрэглэж байсан уйгаржин монгол бичиг, тод, дөрвөлжин, соёмбо үсгүүд гээд боловсрол соёлын үнэт өгүүлэмжүүд багтдагийн дээр дэлхийн анхны хадны зураг болох манай тооллын 89 оны үеийн Хүннүгийн бичээс ч бас бий. Зөвхөн Хархорум хот, Эрдэнэзуу орчмоос нэг дороос олдсон 20 орчим үзмэр ч багтдаг. Энэ бүхэн бол бидний баялаг, бахархал, тиймээс орчин үеийн технологиор хуулбарлан, ордны хашааг чимэглэвэл түүх соёл, аялал жуулчлалын ач холбогдол нь үнэлж баршгүй болохын дээр, монгол үзэл санааг түгээн дэлгэрүүлэх нэг арга юм аа.
Хэрэв үүнийг хийхээр зоригловол жинхэнэ судлаач, чадварлаг мэргэжлийнхэнтэй хамтарна уу, та бүхний халаасны татаасууд, төсөвийн тонуулчид, авъяасгүй халтуурчид ер хэрэггүй, учир нь энэ бол урлаг, соёл, улс төр, түүх, ёс заншил билээ. Эсвэл төрийн бодлогоо зөв залж, төмөр торон хашаагаа авч хая даа. Бодлого зөв, борчууд бидэнд ээлтэй байхад хашаа байтугай хаалга хэрэггүй гэж хэлээд л байгаа шүү.
Сэтгүүлч Р.Эмүжин
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.