Бизнесээ хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэхэд туслах долоон дүрэм

2022-12-26 Подкаст

 

30 гаруй жил маркетинг, бизнесийн зөвлөхөөр ажиллаж, хэдэн зуун компанийг хөрөнгөө тэрбум тэрбум доллараар өсгөхөд нь тусалсан “Тэрбум долларын залуу” гэж өргөмжлөгддөг Жэй Абрамын зөвлөгөөг уншсанаа хуваалцаж байна.

Түүнийхээр бизнес эрхлэгчид хүний амьдралыг үнэ цэнэтэй болгох аргыг л хайх ёстой. Энэ нь хэдий амархан сонсогдож байгаа ч гүйцэлдүүлсэн хүн тийм ч олон биш.


1. Хүн гэдэг мөн чанарынхаа хувьд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тийм болохоор хэдийгээр бидний хэрэглэж байгаа сурталчилгааны хэрэгслүүд өөрчлөгдөж байгаа ч хүмүүст бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх үндсэн арга маань хэзээ ч өөрчлөгдөхгүй юм. Тиймээс хэрхэн имэйл маркетинг хийх, хэрхэн сошиал медиаг хэрэглэх зэрэг нь өөр зүйл шиг боловч цаад мөн чанар нь бол хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Хүмүүс таныг тэдэнд үр ашиг өгч чадах эсэх, тэдний хүсэл зорилгыг гүйцэлдүүлж чадах эсэх, тулгарч буй асуудал бэрхшээлийг нь шийдэж чадах эсэх зэргийг л чухалчилж үзэх болно. Абрамын хэлснээр: ”Чи хүмүүсийн дотроо мэдрээд байдаг боловч яг тодорхойлж чаддаггүй тэр мэдрэмжийг, хүсэл сонирхолыг, тулгарч буй бэрхшээл, саадыг нь юу болохыг л хэлж өгөх ёстой”.

2. Хүмүүсийн ямарваа зүйлд анхаарал хандуулах хугацаа багассаар байна. Хүний байгалийн зан чанар өөрчлөгдөхгүй хэдий ч анхаарал хандуулах байдал бол тийм биш юм. Тэднийг хэзээ төрснөөр нь аливаа зүйлд төвлөрөх хугацааг тодорхойлох боломжтой.

Түүний үзэж буйгаар бидний үеийнхэн аливаа зүйлд анхаарал хандуулахдаа маш бага хугацаа зарцуулдаг болсон. Энэ нь нэг талаар бидэнд шинэ боломжийг нээж өгч байна. Хэрэв та хэрэглэгчдийнхээ зүрх сэтгэл, хүсэл сонирхол болон хэтэвчинд нь хэрхэн хүрэхээ мэдэж байна гэдэг нь тэдний хүсэж байгаа тэр зүйлийг өгч чадна гэдгийн илэрхийлэл юм.

3. Үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандах. Бизнесүүдийн нэг том алдаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэхдээ болон хэрэгжүүлж буй стратегидээ хэзээ ч шүүмжлэлт өнцгөөс ханддаггүй явдал юм. Ихэнх хүмүүс салбараасаа цааш хальж харж чаддаггүй болохоор бусдын арга барилыг л дагасаар бүтэлгүйтдэг.

Тэд аль болох хамгийн сайнаар, хурданаар, ашигтай байхаар бизнесээ явуулах биш бусдын хэрхэн хийж байгаа тэр л загварыг дууриадаг. Гэхдээ өөр бусад бизнесийн салбарынх ч бай хамаагүй дэвшилттэй арга барил, стратегийг нь өөрийн бизнесийн салбартаа шинээр хэрэгжүүлж чадвал та бусдыг гайхшруулах болно.

Ихэнх хүмүүс хийж буй борлуулалтын арга барилаа хэзээ ч шүүмжлэлт өнцгөөс харахгүйгээр үргэлжлүүлсээр байдаг тул боломжийг тултал нь ашиглаж чаддаггүй. Абрамын ажилласан нэг тавилгын дэлгүүрийн хувьд зөвхөн орж ирсэн хүмүүстэй хэрхэн судлаад үйлчлүүлэгчдийн тоо болон борлуулалтаа 3 дахин нэмэгдүүлжээ. Тэд дэлгүүрийн хаалган дээр орж ирсэн хүмүүстэй 30 орчим янзаар мэндчилэхийг туршиж үзсэн байсан юм.

4. Гомдлохоо зогсоож бүтээлч бай. Ямарваа нэгэн саад бэрхшээлд битгий бууж өг. Түүний оронд асуудлыг давуу тал болгох аргыг бүтээлчээр хай. Олон компаниуд зээл олдохгүй байгаа, бизнесээ хөгжүүлэх, тэлэхэд мөнгө нь хүрэлцэхгүй байгаа тухай зовлон тоочдог. Уул нь тэгж өсөж хөгжихөд хөрөнгө мөнгө шаардахгүй л дээ.

Жишээ нь: Бизнесээ өргөжүүлж, шинэ худалдааны цэгүүд нээх хүсэлтэй хүний хувьд бизнесийн хувьд өрсөлдөгч биш хэн нэгнийг олоод хамтрагч болж болно. Үйлдвэрлэлийн байр, худалдааны цэгүүдээ бүрэн ашиглаж чадахгүй байгаа нэгэнд хамтран ашиглах талаар санал тавихад буруудах зүйлгүй. Бизнест нь нэмэлт орлогыг сонирхохгүй хэн байх билээ.

5. Тэргүүлэгчийн арга барилаар ажилла. Дараагийн чухал алхам бол юу хийж байгаа дээрээ тэргүүлэгч бол. Энэ нь ажиллаж байгаа зах зээлдээ итгэл даахуйц нэгэн бол гэсэн үг. Чи зүгээр л бараа зараад мөнгөө авч байгаа нэгэн биш байхын тулд бусдаас өөр үзэл бодолтой байж өөрийгөө тэднээс ялгаруулж, үйлчлүүлэгч нартаа сайн зөвлөгөө өгч байх хэрэгтэй.

Хамгийн гол нь чи харилцагчийнхаа амьдралд нь үнэ цэнийг өгч, утга төгөлдөр өөрчлөлт авчрах ёстой. Хийж байгаа зүйлдээ үнэн сэтгэлээсээ дурлах, ажил үйлс тань бусдад туслах тэрхүү ертөнцөд амьдарч буйгаа мэдрэх нь таныг тэргүүлэгчийн эгнээнд аваачих болно.

6. Энтрепренер бол зүгээр нэг бизнес өмчлөгч биш. Холыг харсан бизнес эрхлэгч болон бизнес өмчлөгчийн ялгаа нь харилцагчиддаа бодит үнэ цэнийг өгөх чадвар юм. Ихэнх хүний хувьд энтрепренер болж чадалгүй жирийн нэг бизнес эрхлэгч буюу байдаг л нэг стандартад нийцэх гэсэн нөхөд болж хувирдаг. Тэд бол зөвхөн сайн бараа нийлүүлж, амьдралаа л авч явах зорилготой байдаг. Харин энтрепренерүүд хийж буй зүйлээ хэрхэн шинэ жишигт хүргэх вэ, дахин дахин хэрэглэхийг, үйлчлүүлэхийг хүсмээр бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрхэн бий болгох вэ гэсэн алсын хараатайгаар бизнесээ эхлүүлдэг.

7. Эцсийн нэг асуултыг танд. Энтрепренерүүдийн сэтгэлийг зовоодог нэг зүйл байдаг бөгөөд түүнийг давах чин зориг, итгэл үнэмшил танд байх ёстой. Энэ нь би энэхүү зорилгыг биелүүлэхэд тохирох хүн мөн үү гэсэн асуулт юм. Утгачилбал би энэ бизнесээ тогтвортой, өсөлттэй байлгаж чадах уу, үүнийг цаашид үргэлжлүүлэхэд миний оюун ухаан, тууштай байдал, маркетинг, борлуулалтын чадвар хангалттай юу? гэх асуултууд юм.

Эх сурвалж: entrepreneur.com

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.