Жагсагчдын шаардлагыг биелүүлж, СТӨ-г нээж өгөхөөр болов

2022-12-19 Uncategorized

Жагсагчдад ширээ, сандал, зурагт, ДДЭШ сувгийн антенн холбож өгөв

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлтийн дагуу хоёр гэр болон бусад шаардлагатай зүйлсийг олгохоор болсон. Тодруулбал, пүрэв гарагийн оройны өргөдөлдөө иргэд дулаалга, халаалттай 10 гэр, галын хор, сайн чанарын цахилгааны утас, ширээ сандал, сувгийн антен татаж өгөхийг шаардсан.  НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд баасан гарагт жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс дулаалгатай гэр хоёрыг, мөн  ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг олгох, түүнчлэн ДДЭШ сувгийн антенн холбуулж өгөх шийдвэр гаргасныг мэдэгдлээ.  “Жагсаалд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар шаардлагатай арга хэмжээг нийслэлийн зүгээс шат дараатай авсаар байгаа. Ирүүлсэн хүсэлтийг боломж бололцоогоороо шийдээд явна. Харин цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангахад анхаарч, энэ чиглэлээр өгөх зааварчилгааг дагахыг та бүхнээс хүсэж байна” хэмээн тэрбээр онцолсон юм.

ЦЕГ: Жагсаалын үед эрсдэл гарвал зохион байгуулж буй иргэн, хуулийн этгээд хариуцна

Цагдаагийн байгууллагаас  төв талбайд болж буй жагсаал цуглаантай холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө.ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан “Цахим орчинд энэ оны арваннэгдүгээр сарын сүүлчээр эсэргүүцлийн жагсаал цуглаанд уриалж, нэрсийг нь зарла, хөрөнгийг нь хураа гэх агуулгатай мэдээллийг идэвхтэй түгээж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал цуглааныг зохион байгуулж, үргэлжилж байна.Хэдийгээр бүртгэлгүй жагсаал байгуулах нь хуулиар хориотой боловч цагдаагийн байгууллагаас иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд хүндэтгэлтэй хандаж, хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, тэгш байдлыг хангах, аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Жагсаалд оролцож байгаа Цогтоогийн дүүгийн гэрийн хаалган дээр янз бүрийн агуулгатай зүйл бичсэн, газ цацлаа гэсэн асуудлууд яригдсан. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газраас энэ асуудалд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа” гэлээ.

Түүний мэдээлснээр 13 дахь өдрийн байдлаар гэмт хэргийн шинжтэй 14 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай нэг,  хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тав, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн найман гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Түүнчлэн зөрчлийн шинжтэй 28 мэдээлэл бүртгэгдсэнээс 25-ыг нь шийдвэрлэж, гурван зөрчлийг шалгаж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглааны үеэр гэмт хэрэг зөрчлийн улмаас шалгагдсан иргэдийг албадан саатуулсан, цагдан хорьсон тохиолдол байхгүй хэмээв. Жагсаалын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдыг хууль бус үйлдэлд өдөөн хатгах, зөрчил үүсгэх, морь мал, амьтан оролцуулах, өөрийгөө шатаах зэрэг үйлдэл гаргаж байна. Арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд жагсаал цуглаанд оролцогчдоос бие дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаах үйлдэл гаргасан. Энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шуурхай таслан зогсоож, холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа. Тухайн үйлдлүүдээс үүдэн гарах эрсдэлийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.1 дэх хэсэгт зааснаар, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нэр бүхий иргэд хүлээх хариуцлагатай. Мөн жагсаал цуглаанд оролцогчдын зорилгыг алдагдуулах, эмх замбараагүй байдалд өдөөн турхирах зорилготой гадаад, дотоодын санхүүжилттэй байж болзошгүй гэдэг мэдээлэл иргэдээс ирснийг тухай бүрд нь шалгаж байгаа гэв.

Жагсагчдыг тарахыг уриалав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчдад тарахыг уриалав. Тэрээр Сүхбаатарын талбайн хойд хэсэгт гарч ирэн, иргэдтэй ярилцсан юм. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  “Соёлын төв өргөөнд зураач нарын үзэсгэлэн гарсан. Маргааш үзэсгэлэн дуусна. Иймд та бүхэн даваа гарагаас эхлэн СТӨ-нд орж болно. Гэхдээ зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Нүүрсний жинхэнэ хулгайч нарын нэрсийг зарласангүй гэж байна. Манай улс хуульт ёстой. Хуулийн дагуу гэм бурууг гагцхүү шүүх тогтооно. Нүүрсний хулгайтай холбоотойгоор УИХ-ын долоон гишүүн, улс төрд нөлөө бүхий 17 хүнийг шалгаж, эхнээсээ мэдүүлэг авч эхэлсэн. Бид 1994 оноос хойш ялын бодлогоо чангаруулаагүй байсан. Харин Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг яаралтай горимоор хэлэлцсэн нь том үр дүн  шүү. Нууц байсан материалуудад шинжээч нар ажиллаж байна. Та бүхэн энэ хүйтэнд жагсаал цуглаанаа өндөрлөнө үү” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.