Монгол Улсын төсөв татвар төлөгчдийн нуруун дээр тогтдог. Тэр ч утгаараа татварын албаны гол үүрэг нь татварын орлого бүрдүүлэх. Гэтэл жилийн жилд татварын өртэй байгууллагуудыг хэрхэх, өрийг нь яаж төлүүлэх асуудал яригддаг. Тэр дундаа гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад татварын өрөө төлөхгүй зугтдаг талаар байнга хөндөгддөг. Татварын албаныхны өгч буй мэдээллээр сайн дураараа орлогоо мэдүүлээд, тайлангаа өгчихдөг атлаа өрөө төлдөггүй байгууллага олон байдаг аж. Гэтэл тэрхүү өр нь хуримтлагдсаар хүндрэлтэй нөхцөл рүү шилжиж аль аль талдаа асуудал тулгардаг юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын татварын албаны найдваргүй өр авлага 700 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 400 орчим нь буюу 60 хувь нь дээр дурдсан гадны хөрөнгө оруулагч, бизнесийнхэнд холбогдох өр байна.
Гадны иргэдийн хувьд манай улсад бизнес эрхэлж байгаад орлогоо ногдол хэлбэрээр мэдүүлчихээд өрөө төлөхгүй хилээр гараад явчихдаг. Тэгэхээр энэ мэт хүндрэлтэй өрийн асуудлыг шийдэхийн тулд татварын байцаагчдын эрхийг нэмэгдүүлж байсан. Мөн өртэй этгээдүүд өөртөө хөрөнгө, орлогогүй болон орлого нь 20 саяас дээш нөхцөлд, гадаадын иргэнийг хилээр гарах эрхийг нь хаах, дотоодын аж ахуйн нэгжүүдийн хувьд өрөө төлөх хэмжээний хөрөнгө, орлоготой атлаа төлдөггүй. Тэгсэн мөртлөө байгаа хөрөнгөө өөр хүмүүс рүү шилжүүлээд байдаг. Өрийг нь төлүүлэх гэхээр “Би хоосон хүн” гээд суучихдаг. Ийм нөхцөлд өрөө төлөлгүй хөрөнгөө шилжүүлсэн учраас хоёрдогч этгээдээр татварын өрийг нь төлүүлэх заалтыг хуульд оруулжээ.
Дээр дурдсанчлан гадны иргэд манай улсад бизнес эрхэлж байгаад орлогоо ногдол хэлбэрээр мэдүүлчихээд өрөө төлөхгүй оргон зугтсан жишээ олон. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгааг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалаас тодруулахад “Хуулийн дагуу тайлангаа мэдүүлж татварын өр үүсгэсэн төлөвтэй байж байгаад алга болсон нөхдүүд ч байдаг. Манай улсын хувьд 1991-2007 оны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 26 улстай Давхар татварын гэрээг байгуулсан. Гэвч эдгээр хоёр талд давхар гэрээнүүдэд татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх олон улсын орчин үеийн дүрэм журмууд тусгагдаагүйн улмаас үндэстэн дамнасан корпорациуд Монгол Улсын татвараас зугтаах, зайлсхийх, татварын суурийг багасгах эрсдэл улам бүр нэмэгдэж эхэлсэн. Иймд Монгол Улс олон улсын конвенциудад элсэн орсон. Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд бид бусад улсуудтай харилцан татвар төлөгчдийн мэдээлэл солилцох, татвар төлөгчийн өрийг барагдуулахад харилцан туслалцах шинэ хамтын ажиллагаа үүссэн. Энэ хүрээнд тухайн орны татварын байгууллагуудад хүсэлтээ илгээн, хамтран ажиллаж эхлээд байна. Өмнө нь татварын тайланг нь хүлээн авсны дараа тайлангийн боловсруулалт хийх, ногдол татварыг төлүүлэх, өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрсдэл хийж хяналт шалгалтад хамруулах зэрэг төрийн захиргааны зардал өндөр, үр дүн муутай ажиллагаа явуулж байсныг өөрчилсөн. Одоо бид тайлангаа өгч байгаа үед нь үнэн зөв шалгаж авах, буруу бол системээс засварлаж буцаах юм. Ингэснээр татварын байцаагч биш татвар төлөгч өөрөө алдаагаа засаж маргаангүй үнэн зөв тайлан ирүүлснээр ногдол татвар ч нэмэгдэх, татварын албаны үр ашиггүй захиргааны зардал буурах боломжийг бүрдүүлсэн.
Цаашид цахим шинэчлэл, мэдээлэл боловсруулалтыг илүүтэй ашиглан тайлан илгээхээс өмнөх шатанд татвар төлөгчид зөвлөгөө, мэдээлэл хүргүүлэн үр ашигт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
Мөн Х тайлан гаргадаг болон гаргадаггүй аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд өсөж татварын баазын 60 орчим хувийг эзлээд байна. Татварын хуулиудын шинэчлэлийн хүрээнд эрсдэлийн үнэлгээ хийж, хэрэв эрсдэлгүй бол шууд татан буулгадаг хялбар үйлчилгээг нэвтрүүлснээр 2020-2022 оны хооронд 2572 аж ахуйн нэгжийг татан буулгажээ.
Татварын албанаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26.1-д Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй 58630 хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах саналыг Сангийн яамаар уламжлан УБЕГ-т хүргүүлж тус байгууллагын цахим хуудсанд нь мэдээлсэн. Хуулийн дагуу нийтээр зарласнаас хойш зургаан сарын дотор бичгээр санал гомдол гаргаагүй тохиолдолд улсын бүртгэлээс хасах зохицуулалттай.
Энэ жил татварын алба улсын болон орон нутгийн төсөвт 8.1 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 7.8 их наяд төгрөгийг төвлөрүүлж, гүйцэтгэл 97.2 хувьтай байна. Он дуустал үлдсэн хугацаанд төсвийн хуулиар баталсан орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажиллана. Үүнд нэг сонирхолтой статистик хэлэхэд жилдээ 5.7 сая нэхэмжлэхийг татварын системээс үүсгэж татварын төлөлт хийгдсэнээр улсын болон орон нутгийн төсвийн орлого бүрдэж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.