БНСУ-ын Засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чэжү, Яньян нисэх онгоцны буудлаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гарсан. Шууд нислэгээр Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин Вьетнам, Филиппин, Индонез, Монголд тав ба түүнээс дээш жуулчин 15 хоног Сөүл хот хүртэл визгүй зорчиж болно. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл үйлчлэхээр болсон нь олон нийтийн сонирхлыг татаж байна.
Ийнхүү Солонгос руу визгүй зорчих шийдвэр гарсантай холбоотойгоор монголчууд тус улсыг зорих болоод байна. Тэгвэл ямар шалгуураар хэрхэн хамрагдаж болохыг манай сонин сурвалжиллаа.
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Яньян олон улсын нисэх буудлаар визгүй нэвтрүүлэх, аялал зохион байгуулах сонгон шалгаруулалтыг есдүгээр сарын 16-нд хийжээ. Ингэснээр иргэд шалгаруулалтад тэнцсэн Total Asia LLC, Airman LLC, Chandmani consulting LLC, Airmarket Holiday LLC, PSW LLC, Juulchin LLC, Joy mongolia travel LLC, New juulchin, Let’s travel LLC, IHC LLC компаниар зуучлуулан аялалд хамрагдах боломжтой. Тэгвэл одоогийн байдлаар “Airmarket Holiday” компани анхны шууд нислэгээ ирэх сарын 24-30-нд хийхээр төлөвлөжээ. Тус компани зургаан шөнө, долоон өдрийн аялал зохион байгуулах бэлтгэл хангасан хэмээн хэлж байлаа.
Аялагчдад визгүй зорчихын тулд хэд хэдэн шаардлага тавьж байгаа. Гадаад паспорт зургаан сараас дээш ашиглах хүчинтэй хугацаатай байх. Өмнө нь БНСУ-д амьдарч байсан бол хууль бусаар оршин суугаагүй. Оршин сууж байх хугацаандаа цагдаагийн газар бүртгэгдээгүй байх ёстой юм. Эдгээр шаардлагыг хангасан бол дараагийн алхам нь www.airmarket.mn цахим руу орж Яньян-Сөүл анкетыг бөглөх эрх нээгдэнэ. Анкетыг бөглөж дуусаад бүртгүүлэх боломжтой гэсэн “хариу” гарч ирсэн бол холбогдох юм байна. Үүний дараа аяллын өмнө хувь хүн болон аяллын байгууллага хэрхэн хариуцлагатай аялах талаар гэрээ байгуулж гарч болзошгүй эрсдэлээс сэргийлсэн төлбөр байршуулах ёстой. Өөрөөр хэлбэл, санамж бичигт гарч болзошгүй эрсдэлийн төлбөр болох 10 сая төгрөгийг заавал байршуулах юм байна. Хэрэв ямар нэг асуудал үүсвэл эрсдэлийн мөнгийг суутгах талаар гэрээнд тусгажээ. Тухайлбал, БНСУ-ын хорио цээрийн албанаас өгч буй шаардлагын дагуу онгоцноос буугаад ПСР шинжилгээнд хамрагдах ёстой. Шинжилгээний хариу нэг хоногийн дараа гарна. Хэрэв эерэг гарсан тохиолдолд цааш аялалд хамрагдах боломжгүй болох юм.
Солонгос улсад долоо хоног тусгаарлалтад ороод дараагийн дах өдрөө шинжилгээ өгч “сөрөг” гарсан бол өөр онгоцоор буцаж ирнэ. Тусгаарлалтад байх хоногийн буудал, хоол, эм, тарианы зардлыг барьцаа мөнгөнөөс гаргана. Энэ талаар “Airmarket Holiday” компанийн гүйцэтгэх захирал Б.Баянжаргал “Монголоос зөвшөөрөөд аялж байтал хилийн ажилтан тухайн иргэнээс аяллын талаар лавлаж дүгнэлт хийнэ. Хэрэв зөрчилтэй гэж үзвэл түр саатуулах өрөөнд төлөвлөсөн онгоц буцах хугацаа хүртэл байлгадаг. Түр саатуулах өрөөний зардал нь өдрөөр бус цагаар тооцогддог. Тиймээс аяллын мэдээллээ сайн авч аялах хэрэгтэй. Ямар ч зөрчилгүй аялаад ирсэн тохиолдолд байршуулсан мөнгөн дүн бүрэн хэмжээгээрээ шилжүүлсэн дансанд орно” гэв.
Аялах долоо хоногт өглөө гараад орой буудалдаа ирж болох чөлөөт хоёр өдөртэй. Энэ боломжийг ашиглаж аялахаас гадна гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ уулзах эсвэл эмнэлгийн шугамаар ч ашиглах боломжтой гэнэ.
Аяллын үнэ дөрвөн сая 290 мянган төгрөг. Төлбөрт БНСУ-д өгөх ПСР шинжилгээний төлбөр багтах юм. Үүнээс гадна санамж бичиг, УБ-Яньян-УБ онгоцны тийз, дөрвөн одтой зочид буудал, аяллын автобус, орон нутгийн хөтөч, монгол орчуулагч, хоол, үзвэр, үйлчилгээ, аяллын иж бүрэн даатгал орохоор төлөвлөжээ. “Аялах гэж буй иргэд “Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарна” гээд өөрөөсөө гадна дөрвөн хүн хайгаад ганц, хоёроороо болохгүй гэсэн буруу ойлголттой байгаад байна. Аялахаар шийдсэн л бол ганцаараа байсан ч боломжтой. Бид бүлэг болгоод аялуулна. Цаашид долоо хоног бүрийн бямба гараг бүр аялал хийхээр төлөвлөж байгаа” гэж компанийнхан хэлж байв.
Хүмүүсийн дунд 15 хоног визгүй болсон гэхээр Солонгост очиж ажил хийх боломж гарна гэх бодолтой хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл энэ виз нь ажиллах бус зөвхөн “БНСУ-ын аялал зуучлалын газар Монгол Улсын аяллын компанитай зөвшилцөн баталсан маршрутын дагуу” зөрчилгүй аялах боломжтой виз юм. Зуучлагч компани хэд хоног аялах төлөвлөгөө гаргасан тэр хугацаагаар аялах боломжтой. Тус улсад 15 хоног байх боломжтой гээд аяллын хугацаагаа дуусгаад дур мэдэн үлдэх гэсэн оролдлого хийвэл “харласан” гэж үзэж хуулийн хариуцлага тооцох юм байна. БНСУ руу визгүй аялах боломжтойг сонссон зарим компани хүмүүсээс төлбөртэй бүртгэл хийх, аяллын урьдчилгаа хийсэн тохиолдолд төлбөр хямдарна гэх байдлаар сурталчилгаа явуулж эхэлснийг анхааруулж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин