Нийтийн тээвэрт хөлөө дэлгэж суухыг хориглолоо

2018-04-18 Ертөнц

Испанийн нийслэл Мадрид хотын нийтийн тээвэрт бүсгүйчүүдийн бухимдлыг бардаг байсан нэгэн муу зуршлыг халахаар шийджээ. Эрэгтэй зорчигчид нийтийн тээврийн хэрэгсэлд суухдаа хөлөө дэлгэж суудгаас ганц хүний суудлаар зогсохгүй хажуу дахь хүний орон зай руу халдаж суудлаас нь булаалддаг. Эрчүүдэд илүү ажиглагддаг энэ явдал бүсгүйчүүдийг ихэд бухимдуулдаг нь 12 мянган эмэгтэйн гарын үсэг зурсан цахим өргөдөл нийтийн тээврийн газарт ирснээс харагдана.  Энэ дагуу Мадридын тээврийн газраас нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо хөлөө дэлгэж суухыг эсрэг аян эхлүүлж, автобус, метронд үүнийг хориглосон тэмдэг нааж эхэлжээ. Мөн нийгмийн сүлжээгээр ч #MadridWithoutManspreading буюу Хөлөө дэлгэж суудаггүй Мадрид гэсэн хаштаг дэлгэрсэн байна.

2014 онд АНУ-ын Нью-Йорк болон Филадельфи, Сиаттл  хотод үүнтэй ижил кампанит ажил өрнөж байжээ. Өндөр хөгжилтэй эдгээр хотод нийтийн тээвэрт бусдын орон зайг хүндэтгэж, биеэ зүй зохистой авч явах нь иргэншсэн хүний шинж хэмээн үздэг.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.