Хүүхдүүд өндрөөс унаж болзошгүй 32, цахилгаанд цохиулах эрсдэлтэй 14 зөрчлийг арилгуулжээ

2022-03-24 Uncategorized


Хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Нэгдүгээрт шалга” аяныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан НЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Аянд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны 88 байгууллагын 5012 ажилтан, албан хаагч оролцож, нийслэлийн хүүхэд бүрийн төлөө эрсдэл болгоныг арилгуулах, илрүүлэх ажилд хамтран оролцжээ.

Хүүхдүүд өндрөөс унаж бэртэж болзошгүй 32, тог цахилгаанд цохиулах эрсдэлтэй 14, хүнд зүйлд дарагдаж мэдэх 10, автомашины эрсдэлтэй 19, таггүй траншейн, ухсан 76 нүх, эзэнгүй нохойтой зургаан байршлыг илрүүлжээ.

Түүнчлэн цахим орчинд таны гэр болоод гэрийн тань орчимд болон сургууль, цэцэрлэг явах замд хүүхдэд ээлгүй зүйлс бий эсэхийг тодруулах “Гэрийн аюулгүй байдлын үнэлгээг” зохион байгуулахад нийт 22.600 эцэг эх оролцсон байна. Энэ нь мөн тооны хүүхдийг гэртээ болон гэрийнхээ ойр орчимд ахуйн хүрээний эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж чадлаа гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Эцэг эхчүүд оршин суугаа газар болон гэрээс сургууль хүртэлх орчны аюулгүй байдлыг үнэлэхэд хүүхдүүд өндрөөс унаж бэртэж болзошгүй 32, тог цахилгаанд цохиулах эрсдэлтэй 14, хүнд зүйлд дарагдаж мэдэх 10, автомашины эрсдэлтэй 19, таггүй траншейн, ухсан 76 нүх, эзэнгүй нохойтой зургаан байршлыг илрүүлж, орчны байдлыг гэрэл зурагт буулган мэдээлсэн байна. Зөрчил бүрийг зураг, хаяг байршлаар нь тодотгон, холбогдох байгууллагуудад нь мэдэгдэн, зөрчлийг арилгаж эхэлжээ.

“Нэгдүгээрт шалга” аяны хүрээнд зарим байгууллага, аж ахуйн нэгж хүүхдэд ээлтэй үйлс бүтээх санал, санаачилга гаргасан байна. Тухайлбал, BSB дэлгүүрийн хамт олон Баянзүрх дүүрэгт орших 27 дугаар цэцэрлэгийн ойр орчимд явган хүний зам дагуу онгорхой байсан траншейны нүхийг таглаж, аюулгүй болгожээ. “Монос Хүнс” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 57 траншейныг тагтай болгохоор ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.